Эдийн засаг дахь улстөрийн оролцоог хумина гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Эдийн засаг дахь улстөрийн оролцоог хумина гэв

Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны
үед тав, таван жилийн хугацаатай төлөвлөгөө боловсруулан улс орныхоо
ирээдүй хэтийг тодорхойлдог байсан. Харин 1990-ээд оны эхнээс зах
зээлийн эдийн засагт шилжиж, “төлөвлөгөө” гэдэг үгийг нь ч бараг үзэн
яддаг болсоор арав гаруй жил болов. Гэвч зах зээл гэхээр л төлөвлөлтгүй
“урсах”-ын нэр биш гэдгийг манайхтай хамт төлөвлөгөөг халж орхисон “ах
нар” хүртэл ойлгож, 2001 оноос төлөвлөлтөө хийж эхэлжээ. Урд хөршийн
хувьд одоо ч таван жилийн төлөвлөгөөт орон хэвээрээ. Хөгжингүй улс
орнуудын хувьд бол төлөвлөлт маш нарийн байдаг. Чухам тиймээс Үндэсний
хөгжил, шинэтгэлийн хорооноос нэгэн шинэ хуулийг санаачлан
боловсруулжээ. Хуулийн нэр “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”.
Энэхүү хуулийн төслийн талаар тус хорооны Шинэтгэлийн бодлогын газрын
мэргэжилтэн П.Наранбаяртай ярилцлаа.

-“Хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн тухай хууль” гэх нэрнээсээ л төлөвлөлтийг эргэж сэргээх нь
гэдэг ойлгомжтой байна. Нэгэн үе төлөвлөлт хэрэггүй, бүх зүйл зах
зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа хөгжинө гэдэг байсан шүү дээ.
Яагаад энэ хуулийг гаргах болсон талаар яриагаа эхлэх үү?


Манай улсын хувьд эдийн засгийн бодлого нь  төсвийн бодлоготойгоо
хамтдаа явж ирсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодлогоо төсвийн
жижигхэн цонхоор харж ирсний дээр төлөвлөлтийг ч ганц жилийн хугацаатай
хийдэг жишиг тогтсон. Гэтэл Япон, БНСУ, ОХУ, Хятад, Малайз зэрэг
эрчимтэй хөгжиж буй болон хөгжингүй орнуудад эдийн засаг, хөгжлийн болон
төсвийн бодлогыг зааглаж, төрийн захиргааны өөр өөр байгуулагууд
хариуцдаг. ОХУ-д Эдийн засгийн яам нь төлөвлөлтөө хариуцдаг бол БНХАУ-д
“Хөгжил шинэтгэлийн хороо” нь энэхүү үүргийг хүлээдэг байх жишээтэй.
Манай улсын хувьд Үндэсний хөгжлийн яам татан буугдсан 1996 оноос хойш
улсын хөгжлийг урт, дунд хугацаанд төлөвлөх, прогнозчлох асуудал
үндсэндээ орхигдсон гэж болно. Үүнээс үүдэн хөгжлийн нэгдсэн бодлого
үгүйгээс салбарын шинжтэй, харилцан уялдаа муутай, санхүүжилтийн эх
үүсвэргүй  олон хөтөлбөр, төслүүд гарч нөөцийг тарамдуулах,  хөгжлийн
тэргүүлэх чиглэл, түүнд хийх хөрөнгө оруулалтын асуудал хойшлогдох
болсон. Энэ бүхнийг засч залруулах гарц нь “Хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн тухай хууль” байх юм. Энэхүү хуулийг боловсруулах ажлын
хэсэг өнгөрсөн оны зургадугаар сард анх байгуулагдсан. Анхны хувилбараа
есдүгээр сард гаргаснаас хойш долоон удаа хэлэлцүүлэг хийж, олон нийт
болон эрдэмтэн судлаачид, яамдын холбогдох мэргэжилтнүүдийн саналыг авч
тусгаад байна.

-Төлөвлөлтийг сэргээнэ гэхээр олон хүнд сонин
санагдаж болох юм. Төлөвлөлтийг яг яаж явуулна гэсэн үг вэ?

-Дэлхий
нийтийн хэмжээнд төлөвлөлтийг индикатив болон дерактив гэж хоёр
ангилдаг. Дерактив төлөвлөгөөг социалист гэх орнууд дагаж мөрдөж байгаад
системийн задралын үеэр нуран унасан. Манай улсын хувьд ч уг төлөвлөлт
үйлчилж ирсэн бөгөөд 1990-ээд оноос хойш зах зээлийн үл үзэгдэгч гарт
хөгжлийнхөө уяаг атгуулсаар өнөөдөртэй золгожээ. Одоогийн хөгжингүй
орнууд 1950-аад оноос хойш мөрдөж ирсэн индикатив төлөвлөлт нь улс
орныхоо эдийн засгийг богино, дунд, урт хугацаанд төлөвлөдгөөрөө онцлог.
“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-д урт хугацааны
төлөвлөлтийг 10-15 жилийн хугацаатай тусгасан бөгөөд үүнийгээ төсөөлөл
гэж нэрлэж байгаа. Энэхүү төсөөллийг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн
боловсруулж, хөгжлийн үзэл баримтлалаа шингээж өгөх юм. Дунд хугацааны
хөтөлбөр нь 3-5 жилийн хугацаатай байх бөгөөд одоогийн төсвийн хүрээний
мэдэгдэл зэрэг баримт бичгүүд үүнд багтана. Түүнчлэн төлөвлөлтийг
салбар, салбараар нь нарийвчлан гаргаж, салбар хоорондын уялдаа холбоог
сайжруулахад ч анхаарах юм.

-Өнөөдөр манай улсад үйлчилж
байгаа урт хугацааны төлөвлөлт нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж
болно. Гэвч энэ нь улстөрийн шинжтэй баримт бичиг байдгаас залгамж халаа
муутай байдаг. Тэгэхээр урт, болон дунд хугацааны төлөвлөлтийн
залгамжлан үргэлжлэхэд хэр анхаарах вэ?

-Төлөвлөлтийг
хэрэгжүүлэх үүргийг энэ хуулиар хуульчилж өгч байгаа. Өөрөөр хэлбэл урт,
дунд хугацааны зорилт, төлөвлөлтийг заавал хэрэгжүүлэх үүргийг аль ч
нам, ямар ч төрийн байгууллага хүлээж байх болно гэсэн үг. Үе үеийн
Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр манай улсын нийгэм, эдийн засгийн
зорилтоо тодорхойлж ирсэн. Үүнээс болж улс орны хэтийн төлөвлөгөөг хэн
гаргах, хэрхэн төлөвлөх нь тодорхойгүй болж ирсний дээр салбар хоорондын
уялдаа муу,  байгаа жаахан нөөц болоод мэдлэгээ тарамдуулж орхисон тал
бий. Тиймээс энэ хуульд эдийн засаг дахь улстөрийн оролцоог хумьж,
төлөвлөлтийг хуульчлан дархлаа тогтоохоор заасан.

-Хууль
батлагдсанаар бусад хуульд өөрчлөлт орох уу?

-“Хөгжлийн
бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийг батлан гаргаснаар Төсвийн тухай,
Засгийн газрын тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Төсвийн удирдлаг,
зохицуулалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт орж таарна. Эрхзүйн
талаас нь хэрхэн өөрчилж, яаж зохицуулах талаар бид холбогдох яам,
тамгын газрынхантай ярьж тохиролцсон. Одоогийн дагаж мөрдөж буй хуулиар
төлөвлөлтийг Сангийн яам хийж байгаа. Тэгвэл шинэ хууль батлагдсанаар
Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэсэн хоёр байгууллагын
чиг үүргийг зааглаж, хэн нь юугаа төлөвлөх, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх
нь ч тодорхой болно.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж