УБЕГ-т шинээр гадаад паспорт захиалах 800-900 хүн, хугацаа нь дууссан гадаад паспортоо сунгуулах гэж 1200-1300 хүн хандаж байна. Багадаа л гэхэд өдөрт нийт 2000 гаруй хүнд үйлчилж байна гэсэн үг. Тиймээс Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэсээс иргэдийн материал хүлээн авах цонхны тоогоо нэмсэн байна. Тодруулбал, урьд нь зургаан цонх ажиллаж байсан бол энэ тоог дөрвөөр нэмжээ.
Манайханы тэсвэргүй зантайг ч хэлэх үү дарааллаа булаалцалдан маргалдах, зодолдох, бүүр цаашлаад цонх шил хагалах явдал УБЕГ-т өдөр болгон шахуу давтагдах болсон байна. Иймээс тус хэлтэсээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж хамгаалалтад гарч өгөхийг гуйсан гэнэ. Цагдаагийн тусламж хүссэн гэхэр гадаад паспорт авахын тулд ямар “дажин” тэнд өрнөж байгаа нь ч тодорхой л байна л даа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс уг хүсэлтийг хүлээн авч энэ сарын 19-нээс эхлэн өдөр бүр хоёр цагдаа гадаад паспорт захиалах, олгох тасгуудыг хамгаалтад авчээ.
Энэ жилээс эхлэн УБЕГ-аас ачааллыг бууруулах зорилгоор гадаад паспорт захиалга, мэдээлэл лавлагаа, архив гээд бүх төрлийн үйлчилгээгээ дүүрэг бүрт явуулж эхэлсэн.
Энэ тухай УБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс тодрууллаа.
-Дүүргүүдэд гадаад паспортын захиалга авч байгаа юу?
-Тиймээ. Нийслэлийн хэмжээнд нийт дөрвөн дүүрэгт гадаад паспортын энгийн захиалга авч байна. Тодруулбал, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд манай ажилчид ажиллаж байгаа. Ийнхүү дүүргүүдэд энэ үйлчилгээг нэвтрүүлснээр манай ачаалал харьцангуй багасч байна. Гэхдээ л иргэд УБЕГ-т гадаад паспортоо захиалах нь их байна.
-Ямар учраас иргэд оршин суугаа дүүрэгтээ хандахгүй байна вэ?
-Манай иргэд бүх зүйлийг цагт нь тулгаж амжуулдаг учраас УБЕГ-дээр ирж гадаад паспотроо захиалж байгаа юм. Учир нь дүүргүүдэд зөвхөн энгийнээр захиалга авч байгаа юм.
-Дүүргүүдийн гадаад паспорт захиалах хэлтэс ачаалал ихтэй байгаа юу?
-Бараг ачаалалгүй байгаа гэж хэлж болно. Хамгийн их хүн үйлчлүүлсэн үед ажлын тав хоногт 20-30 хүн гадаад паспорт захиалж байна. Гэтэл манайд нэг бүртгэгч нэг өдөрт багадаа л гэхэд 100 гаруй иргэний материалыг хүлээн авч байгаа юм. Иргэд урт дараалалд зогсохгүй, яаралтгүй гадаад паспортоо захиалъя гэвэл дүүрэгтээ хандах хэрэгтэй.
-Иргэдийн бичиг баримтад хэр зөрчил илэрч байгаа вэ?
-Иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар бичиг баримтын зөрчил бараг арилаад байна гэж хэлж болох юм. Овог, нэрээ сольсон, хөдөө орон нутгаас баримтаа албан ёсоор явуулаагүй зэрэг тохиолдол ганц хоёрхон гарч байна.
Тухайн иргэн иргэний үнэмлэх, гурван хувь зураг, мөн хураамж төлсөн баримтыг хавсгаргахад л хангалттай юм байна. Мөн паспортоо сунгуулах тохиолдолд гадаад паспорт, хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх шаардлагатай аж. Дундговь аймгийн иргэн н.Дэлгэрцэцэг “Би эмчилгээ хийлгэхээр гадаад явах гэж байна. Санасаныг бодоход бүрдүүлэх бичиг баримт нь цөөн юм байна. Олон ажилтан зэрэг үйлчилж байгаа болохоор нэг их удаан оочирлохгүй юм шиг байна” гэсэн юм.
Гадаад паспортыг энгийн болон яаралтайгаар гэсэн хоёр төрлөөр захиалж болох аж. Энгийнээр захиалбал ажлын арав хоногт, яаралтайгаар бол ажлын урав хоног дотор амжиж таны гадаад паспорт бэлэн болох нь. Мөн яаралтайгаар захиалбал нэмэлт 10 мянган төгрөгийн төлбөртэй. Үнийн хувьд гадаад паспортыг нэг жилийн хугацаатайгаар, энгийнээр захиалбал 22600 төгрөг, яаралтай гэвэл 32600. Харин таван жилийн хугацаатайгаар захиалбал 32500 төгрөг. Мөн адил гурав хоногийн дотор паспортоо авах шаардлагатай бол нэмж 10 мянган төгрөг төлнө. Харин гадаад паспортыг нэгээс таван жилийн хугацаатайгаар сунгадаг юм байна. Тодруулбал, нэг жилээр сунгуулахад 4500, хоёр жил бол 6500, гурван жилээр 8500, дөрвөн жилээр10500, таван жилээр бол 12500 төгрөг төлж сунгуулдаг ажээ.
2002 оноос эхлэн авсан гадаад паспортоо хаясан гээсэн тохиолдолд торгууль төлнө. Энэ тохиолдолд Бүртгэлийн хяналтын улсын байцаагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу хугацаанаас хамааран 10-40 мянган төгрөгөөр торгодог юм байна. Гадаад паспортоо үрэгдүүлээд дахин захиалах бол торгуулиас гадна, шинээр паспорт захиалах төлбөрийг нэмж төлнө. Харин гадаад паспортын хугацаа дууссан, 2002 оноос өмнөх паспортыг торгууль төлөхгүйгээр дахин захиалах боломжтой гэнэ.
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН