Хуулбараас хэзээ салах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Хуулбараас хэзээ салах вэ?

Оюуны өмчийг, зохиогчийн эрхийг дээдэлдэг газар, хууль хэрэгждэг газар хуулбарлах, санаа хулгайлах явдал гарах нь нэн ховор. Монголд энэ нь түгээмэл зүйл болоод буйгаас харвал хууль гэх зүйл хэрэгждэггүй бололтой.

Салбар бүрт хулгай, хуулбар байсаар л байна. Дуулдаг хүмүүс, ая янзалдаг нөхөд, кино шиг зүйл хийгчид гээд хуулбарлагчид олон. Онцлог нь тэд ичихийг мэддэггүй. Бас баригдахгүй байх хэмээн боддог гэнэхэн сэтгэлтэй. Тэднийг уран бүтээлч гэхээс илүү хууран бүтээгч гэж цоллох ёстой.

Өөрсдөө хуулбар хийсэн атлаа тэрийг нь хувилж зардаг анхан шатны хулгайчидтай “тэмцэнэ, хулгайг зогсооно” гэх зэргээр жүжиглэнэ. Өөрөө хулгай хийдэггүй гэж томордог хэрнээ хуулбарласан зүйл бүтээлцэнэ.

Хэвлэл мэдээллийн салбарт ч хуулбарууд бий. Сэтгүүлчийн бодол ухаан, цаг заваа үрэн байж хийсэн хөдөлмөрийг нь ганцхан хормын дотор “копи пааст” хийнэ.  Ямар нэгэн зөвшөөрөл авах ёстой гэдгийг үл тооно. Жишээ болгож дажгүй сайн бичсэн дурын ямар нэгэн нийтлэлийн нэрийг интернэтээс хайгаад үз л дээ. Хэчнээн сайт, блогоос гарч ирэх бол.  Энэ бол нотолгоо.

Боловсролын салбарт ч хуулбар олон. Оюутан бүрт хэд хэдэн хуудсаар нь хувиарлан өгч номныхоо эхийг бэлдэнэ. Үүнийгээ нэгтгэж өөрийнхөө нэрийг тавьсан багшийнхаа номыг оюутнууд нь худалдаж авна. Багш нар нь ч оюуныхаа бие даалт, дипломын ажил нэртэй оюуны хулгайг нь үнэлж өнөөх үнэ цэнэгүй дүнгээр шагнана.

Телевизээр гарах нэвтрүүлгүүдийн ихэнхи нь хулгай. Магадгүй үлдсэн хэсэг нь баригдаж амжаагүй хуулбар. Ядахдаа хуулж байгаа бол давж хуулахгүй, гутааж хуулсан нь олон. Реклам, сурталчилгаанд ч ялгаа байхгүй. Энэ дажгүй реклам болж гэсэн нь дараа нь хаа нэгнээс хуулбарласан нь мэдэгдэж ой гутаана. Хэдий захиалагч нь энэ санааг ашигламаар байна гэх зэргээр хуулбарт уруу татаж болох ч уран бүтээлчдэд үүнээс нь татгалзаж, илүүг санал болгох ухаан, соёл гэж байх учиртай.   Сэтгэлгээ, загварын өнгө төрхийг илэрхийлэх учиртай сэтгүүлүүдийн нүүр нь хүртэл хулгай гэж бодохоор дотор нь оюуны бүтээл байгаа гэж найдахад хэцүүхэн санагдана.

“Анхандаа хуулбарлана, аажмаар суралцаад шинийг сэтгэнэ шүү дээ” гэж өөрсдийгөө өмөөрөх нэгэн гарах л байх. Гэвч хэдий болтол анхан шатандаа байх билээ дээ. Санаа авахыг хэн ч үгүйсгээгүй, харин хулгайгаа одоо больж үз.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж