Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Хүнсний хямрал айсуй

Дэлхийд хүнсний шинэ хямрал нүүрлэж байна хэмээн шинжээчид анхааруулж байна. АНУ-ын ган гачиг шар буурцаг ба эрдэнэ шошийн үнийг өсгөлөө. Энэтхэгт бороо ороогүйгээс цагаан будааны тариаланд аюул учруулж байна. Сүүлийн таван долоо хоногийн дотор улаан буудайн үнэ 50 хувиар нэмэгдлээ. Хэрэв 2007-2008 онуудад дамчид буудайны үнийг хөөрөгдөн нэмж байсан бол өдгөө байдал огт өөр.

Дэлхийд хүнсний шинэ хямрал тулж ирлээ. Түүний гол шалтгаан нь хүнсний үйлдвэрлэгч орнуудад цаг уурын таагүй уур амьсгалтай байгаа явдал юм. Энэ бүгд нь ургац алдуулж, үнийг нэмэгдүүлж байна гэж Financial Times сонинд бичжээ.

АНУ-д болж буй ган 1956 оноос хойшхи хамгийн хүчтэй нь болов. Нийт 29 мужийн 1300 орчим тойргийг байгалийн гамшигт нэрвэгдсэн гэж үзэж байна. Дэлхийн зах зээлийн 50 хувийг хангадаг эрдэнэ шошийнхээ үйлдвэрлэлийнхээ урьдчилсан тооцоог АНУ-ын Хөдөө аж ахуйн яам 25 жилийн дотор хамгийн бага төвшинд буулгажээ. Үүгээр бууралт хязгаарлагдахгүй байж магадгүй. Шинжээчид ургацын үнэлгээгээ дахин 8-15 хувиар буулган гэж хэлж байна. Цаг уурчдын мэдээгээр эрдэнэ шош болон шар буурцаг ургуулдаг бүсүүдийн тал хувь нь дахин хоёр долоо хоногийн турш бороо, чийгтэй учрахгүй гэнэ.

Зургадугаар сарын 15-наас нэг бушель (Америкийн нэг бушель нь 35,24 литртэй тэнцдэг) эрдэнэ шишийн үнийг 55 хувиар нэмжээ. Эрдэнэ шошийн есдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ нь Чикагогийн бирж дээр дээд амжилт тогтоон нэг бушелийг 8,16 ам.доллараар зарж байна. Наймаачдын яриагаар наймдугаар сарын эхнээс үнэ нь есөн доллар хүртэл нэмэгдэж магадгүй гэнэ.

Шар буурцгийн шошны үнэ оны эхнээс 36 хувиар нэмэгдэн нэг бушелийг 16,73 ам.доллараар худалдан авч байна. 2008 оноос хойш хамгийн өндөр үнэ энэ болов. АНУ-ын Засгийн газрын үнэлгээгээр сайн чанарын шар буурцагны эзлэх хувь нь хоёр долоо хоногийн дотор 40-34 хувь хүртэл буурчээ. “Шар буурцгийн дэлхийн нийлүүлэлт хангалтгүй болно. АНУ-д болж буй ган 2013 онд хүнсний бүтээгдэхүүний харьцангуй өндөр төвшний инфляцийн үндсийг тавьж байна” хэмээн R.J. O’Brien & Associates холбооны тэргүүн Ричард Фельтс ярьсныг Bloomberg агентлаг дамжуулав. “Өглөө бүр би сөгдөн суугаад залбирч байна” гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Том Вилсэк хэлжээ.

Сүүлийн таван долоо хоногийн дотор улаан буудайн үнэ мөн л эрс өслөө. Өнгөрсөн пүрэв гаригт бирж дээр нэг бушелийн үнэ нь 8,985 доллар болсон бөгөөд тэр нь Орос улаан буудайн экспортдоо хориг тавьсан 2010 оныхоос өндөр байлаа.

Оросын  зарим бүсэд гантай, заримд нь бороо, устай байгаагаас Хөдөө аж ахуйн яам нь өнгөрсөн жилийн ургацын 94,2 сая тонноос урьдчилсан тооцоогоо буулган 80-85 сая тонн гэж шинэ дүгнэлтээ гаргасан байна. Энэ жил тэд 94 сая тонн улаан буудай хураах төлөвлөгөөтэй байсан юм. Хөдөө аж ахуйн сайд Николай Федоров үүний дотоодын хэрэгцээг хангахад хангалтай гэж мэдэгдсэн ч Оросын зах зээлд улаан буудайн гурилын үнэ эрс өссөн тухай ”АПК-Информ” агентлаг мэдээлж байна. Хөдөө аж ахуйн яам нь экспортынхоо боломжийг 16 сая тонн гэсэн боловч FT сонины сурвалжлагчийн асуултанд “Орос зөвхөн долоон сая тонныг экспорлоно” гэж наймаачид хэлжээ.

Цагаан будааны үнэ бас хэлбэлзэлтэй байна. Энэ бүтээгдэхүүний хоёр дахь экспортлогч Энэтхэгт зургадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжлэх борооны улиралд тундас бага унаснаас цагаан будааны гарц буурч магадгүй. “Өнгөрсөн жилийнх шиг өндөр ургац авна гэж хэлэхэд бэрх боллоо” хэмээн Bloomberg агентлагт Манила хотын Цагаан будааны судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Самаренду Мохани хэлжээ. Өнгөрсөн 2011 онд 104,3 сая тонн цагаан будаа хураасан байлаа. “Энэтхэгийн нийлүүлэлт зах зээлд маш чухал. Ер нь бол бусад ургацын мэдээ цагаан будааны үнийг нэмэгдүүлж байна” гэж Австралийн түүхий эдийн барааны Barratt’s Bulletin хэвлэлийн тэргүүн Жонатан Барратт ярьсан байв.

Цагаан будааны есдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ нь бирж дээр 100 фунт нь (ойролцоогоор 45 кг гаруй) 15,595  ам.доллар болон жилийн эхнээс 4,9 хувиар нэмэгдсэн байв. Үнийн өсөлт нь экспортлогч нарт 2007—2008 онуудын хүнсний бүтээгдэхүүний үнэ гуч гаруй оронд өлсгөлөнгийн самуун дэгдээсэн. Түүний улмаас 2009 онд хагас өлсгөлөн хүмүүсийн тоо нэг тэрбум хүртэл өссөнийг санагдуулж байгаа юм.

Орлогынхоо 75 хувийг хүнсэнд зориулдаг дэлхийн ядуу хүмүүсийн амьдралд үнийн өсөлт нөлөөлнө гэдэгт нь түгшиж байна хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүн Хосе Грасиано да Силва ярьж байна. Өлсгөлөн хүмүүсийн тоо өсч магадгүйг Save the Children сангийн тэргүүн Жастин Форсайт өгүүлэхдээ  “Асар олон тооны хүмүүс ядуурлын эрмэгт амьдарч байна. Хүнсний үнийн нэмэгдэл нь одоогоор яаж ийгээд аргалаад байгаа хүмүүсийг аргалах аргагүй болсон хүмүүсийн тоонд оруулах аюултай” гэж онцолсон байна.

“Би энэ салбарт 30 жил бизнес хийж байгаа хүн. Энэ бол цаг уураас эрэлт ба хэрэглээ нь хамаарсан хамгийн ноцтой асуудал болж байна. Өнөөгийн энэ бодит аюулыг 2007-2008 онуудынхтай харьцуулах арга байхгүй. 2008 онд үнийн өсөлт нь зах зээлийн дамлалтаас голчлон үүдэлтэй байлаа” хэмээн Rabobank банкны даярчлалыг стратегийн мэргэжилтэн Дэвид Нельсон хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж