Жүдочдын сугалаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Жүдочдын сугалаа гарлаа

“Лондон-2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх баг тамирчдын сугалаа Лондонгийн цагаар 09.00 цагт /Монголын цагаар 17.00 цагт/ болж, дөнгөж сая тодорч дууслаа. Лондонгийн татамид гарах Монголын жүдочдын сугалааг танилцуулъя.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдоч зодоглоно. ОУХМ Д.Төмөрхүлэгийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарчээ. Эхний барилдаандаа ялбал дараагийн тойрогт Гайана болон Өмнөд Африкийн бөхчүүдийн ялсантай хүч үзэх юм. Түүний хамт тив, дэлхийн аварга, өнөө цагийн шилдэг жүдоч, Узбекистаны Ришод Собиров нэг зоонд багтжээ.

66 кг-ын жинд барилдах Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Вентэй, ялбал дараагийн барилдаанаа Австрали болон Их Британийн бөхчүүдийн ялсантай нь хийх аж. Тус жинд 36 жүдоч барилдах юм байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир мөн л эхний тойргийн барилдаанд хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктэй учраа таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх аж. Түүний жинд нийт 34 жүдоч зодоглоно.

Харин эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодоглох билээ. Түүний жинд 30 жүдоч өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах юм.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглох ОУХМ М.Уранцэцэг эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Александа Подрядоватай барилдахаар сугалаа таарчээ. Тус жинд 19 жүдоч барилдана.

Тэгвэл, 52 кг-ын жинд 23 жүдоч хүч үзнэ. Энэ жинд өрсөлдөх Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа жингийн тамирчдаа манлайлах бөгөөд эхний тойрогт Гаити улсын тамирчин Линоуси Десравинтай, ялбал Кубын тамирчин Янет Бермой Акостатай барилдахаар болсон байна.

57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа хүч үзнэ. Сугалаа ёсоор тэрбээр эхний тойрогт БНСУ-тай шилдэг жүдоч Ким Жан Дитай, ялсан тохиолдолд Италийн бөх Жулия Квинтаваллтай барилдах юм. 57 кг-ын жинд 25 бөх барилдах юм байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн тухайд 24 жүдоч өрсөлдөнө. Тус жинд эх орноо төлөөлөх ОУХМ Ц.Мөнхзаяа Палау улсын тамирчин Женнифер Энсонтой, ялбал Финляндын Йоханна Илинентэй барилдахаар сугалаа таараад байна.

Харин -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Их Британийн Жемма Гиббонс, Португалийн Яхима Рамирез нартай ялсантай хүч үзэх юм. Энэ жинд 21 жүдоч өрсөлдөх ажээ.

ЖИЧ: "Лондон-2012" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалааг жин, жингийн ангиллаар үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.





Гэрэл зургийг олимпийн наадмын албан ёсны гэрэл зурагчин Ч.Ганбат /Лондон хот/

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж