Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 359 дугаар тогтоолоор шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг бэлчээр, ой таримал, ургамлын өвчин, хортон, мэрэгч амьтантай тэмцэх байгаль орчинд халгүй, биотехнологи, микробиологийн судалгаа явуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заажээ. Энэ хүрээнд ийнхүү ургамал хамгаалал, судалгаагаар туршлагатай ОХУ-тай хамтран ажилласаар иржээ. Ингэхдээ Новосибирск хотын “Сиббиофарм”, “Сибхолдинг”, Санктпетербург хотын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрхүү хотын ХАА-н академи, “Август” ферм, Буриад улсын ХАА-н төв шинжлэх ухааны үйлдвэрлэлийн байгууллагуудтай 2008 оноос эхлэн гэрээ хэлцэл байгуулан хамтран ажиллаж буй ажээ. Үүний дүнд 20 гаруй шинэ төрлийн ургамал хамгааллын бодисыг хэрэглэж болох технологи боловсруулсан аж. Ингэснээр үр тариа, төмс хүнсний ногооноос арвин ургац авах шинэ технологийг өөрийн орны нөхцөлд нэвтрүүлэх боломж бүрдсэн байна.
Энэ талаар ОХУ-ын ХАА-н төвийн Санхүүгийн байгууллагын удирдах газрын дарга А.М. Малькогоос тодрууллаа.
-ОХУ болон Монгол Улс энэ салбарт хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн гэрээнд гарын үсэг зурснаар ямар ажил хийх вэ?
-ОХУ болон Монголын хил орчмын нутгаар цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан тархалт хүрээ нь ихэсч байгаа мэрэгч амьтан, нугын бор эрвээхэй, царгасны тархалтын хамтын судалгаа явуулах шаардлагатай байгаа бөгөөд энэ тал дээр хамтарч ажиллах юм.
-Хортон шавж тархалтын судалгааг хийснээр ямар ач холбогдолтой вэ?
– Монгол Улсын хувьд, улаан буудай ургамлын өвчинтэй тэмцэх, жижиг оврын үйлдвэр барих, ингэснээрээ гаднаас авдаг хор, ургамал хамгааллын бодисыг багасгахад ач холбогдолтой. Мөн энэ нь хамтарч буй талуудын ургамал хамгааллын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүн амыг чанартай хүнсээр хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай.