107 тамирчин сэргээш хэрэглэснийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

107 тамирчин сэргээш хэрэглэснийг тогтоожээ

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон 100 гаруй тамирчны “Лондон 2012” олимпийн наадамд оролцох эрхийг түдгэлзүүлсэн талаар “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлсэн байна. Допингийн эсрэг олон улсын агентлагийн ерөнхийлөгч Жонн Фей тамирчдыг Лондонд очихоос өмнө авсан шинжилгээний хариуг өнгөрсөн мягмар гаригт танилцуулжээ. Зургадугаар сарын дунд хүртэл зургаан сарын турш явуулсан шинжилгээгээр 107 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, олимпийн наадмаас хасагдахаар болжээ. Жонн Фей сэргээшийн үр дүнг Олон улсын Олимпын хорооны жил бүрийн уулзалт дээр танилцуулахдаа “Сэргээш хэрэглэсэн тэдгээр тамирчид Лондонгийн олимпод бидэнтэй хамт явахгүй” гэжээ. Сэргээшийн урьдчилсан шинжилгээг Допингийн эсрэг олон улсын агентлаг, “Лондон 2012” олимпийн наадмын зохион байгуулагчид болон улс орнуудын спортын холбоодтой хамтран явуулсан юм байна.  Жонн Фей маргааш эхлэх зуны олимпийн 30 дахь удаагийн наадам сэргээш хэрэглэсэн хэнд ч хаалттай гэж мэдэгдсэн байна. Олон улсын Олимпийн хороо наадмын үеэр сэргээшийн 5,000 гаруй шинжилгээ явуулахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар эхний 300 гаруй шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд шинэ төрлийн сэргээш гарч болзошгүй гэдэг үүднээс шинжилгээний дээжийг найман жилийн турш хадгалдаг юм байна. Тухайлбал, 2004 оны Афины олимпийн үеийн сэргээшийн дээжийг дахин шинжлэхэд эерэг дүн гарвал нарийвчилсан шинжилгээ явуулдаг аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж