Нийслэл хотод зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Байгалийн түүхийн музей, Усны гудамж, 100 айлын гүүр гэхчлэн зарим замын хөдөлгөөнийг хааж эхлээд байна. Мөн долдугаар сарын 20-ноос эхлэн Сансарын тунелийн зүүн уулзварын хөдөлгөөнийг есдүгээр сар хүртэлх хугацаатай хаагаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас авто замын чиглэлд дараах өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү маршрутыг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл мөрдөх юм байна. Тодруулбал, сансрын тунелиэр дайрч өнгөрдөг нийтийн тээвэр болон автомашинууд Сансарын аюулгүйн тойргоор чигээр тойрч, Доржийн гудамж, МУИС-ийн уулзвараар Бага тойруу руу урагшаа эргэж, Энхтайвны өргөн чөлөөгөөр, мөн 11-р хорооллын хойд уулзвараар урагшаа эргэж хөдөлгөөнд оролцож байгаа ажээ.
Сансарын тунелийн зүүн талд барьж буй нүхэн гарцын ажлын явц ямар байгаа талаар Нийслэлийн авто замын газрын Хяналтын инженер Ч.Батсайханаас тодрууллаа.
-Нүхэн гарц барих ажил хэзээ дуусах вэ?
-Одоогоор нүхэн гарц барих ажил 7 хувьтай явж байна.Есдүгээр сарын 1 гэхэд эхний байдлаар ашиглалтад оруулах ёстой. Харин нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31-нийг хүртэл хийж гүйцэтгэх юм. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой байна.
-Нүхэн гарц барих ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ?
-Нийт нэг тэрбум 321 сая төгрөгөөр энэ замыг засч байгаа юм. Энэ ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэнэ.
-Цаашид хаана, хаана нүхэн гарц барих вэ?
-Төлөвлөсөн долоон гарцаас эхний ээлжинд Сансарын тунелийн ажлыг эхлүүлээд байгаа. Дараагийн ээлжинд хуучнаар “Ард” кино театрын өмнө болон Их дэлгүүрийн урд талд. Мөн X хороолол, Хайлаастын замд нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байгаа.
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН