Бидний хэлж заншсанаар “Урт цагаан” буюу Жуулчны гудамжинд үйлчилгээ явуулдаг лангууг нүүлгэж, энэ чиглэлд зам барихаар болсон билээ. Одоогийн байдлаар хувцас, өргөн хэрэглээний бараа худалддаг наймаачдын гурван асар байгаа бөгөөд тэд эндээсээ нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа бол арьсан болон гар урлалын эдлэл худалдаалдаг лангуунууд нүүж, талбайг чөлөөлжээ.
Энэ чиглэлд барих замын ажлын зураг төслийг Нийслэлийн авто замын газар бэлэн болгож, Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн байгаа ажээ. Тодруулбал, урт цагааны задгай талбай буюу Жуулчны гудамжинд 700 сая төгрөгийн өртөгтэй 12 метр өргөн, 240 метр урт зам барихаар төлөвлөсөн юм. Энэ талаар Нийслэлийн авто замын газраас лавлахад, “Жуулчны гудамж дагуу хийх авто замын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг эхний удаад тавдугаар сард нээсэн. Эхний тендерээр гүйцэтгэгч компаниуд шаардлагад нийцээгүй учир цуцлагдсан. Дараагийн тендерийг маргааш эхлүүлэхээр боллоо. Ингээд гүйцэтгэгчээ шалгаруулчихвал замын ажлыг шууд эхэлнэ” гэсэн тайлбар өглөө. Худалдаачдын яриагаар бол наймдугаар сарын 4-нөөс хувцас, өргөн хэрэглээний бараа худалддаг асруудыг нүүлгэх тухай газрын албаныхан сануулга өгөөд явсан байлаа.
Худалдаачид талбай ашиглан, худалдаа наймаа явуулсны төлбөр болгож сард дундаж нь 120 мянган төгрөг төлдөг байна. “Төлбөр мөнгөө төлөөд худалдаа хийж, амьдралаа залгуулж байхад биднийг хөөлөө” гэж худалдаачид ярьж байв. Харин иргэдийн хувьд “Найман шарга”, “Бөмбөгөр” худалдааны төв, хотын төв гээд хөл хөдөлгөөнтэй байдаг хэсгийг шууд гэтэлгэх зам баривал хотын нэгээхэн хэсгийн замын түгжрээ арилах боломжтойг онцолж байлаа.
Удахгүй замын ажил эхлэх тухай яригдаж байгаа ч яг өнөөдрийн байдлаар бол Урт цагааны гудамжинд худалдаа наймаа хэвийн үргэлжилж байна. Арьсан эдлэл, сувинер зарахгүй болсныг эс тооцвол гурван ч асарт худалдаа явуулж байгаа.
Албаныхан энэ нүүлгэн шилжүүлэлтийн тухайд, “Газарт бэхэлсэн барилга, байгууламж биш, асар учраас нэг цагийн дотор нүүлгэнэ” гэж хэлэв. Урт цагаанд урдын адил хүүхэд багачууд гүйлдэх нь их. Амьгүй хэрнээ амьтай ч юм шиг хөшөө баримлуудыг хүншүүлвэл, урт цагааны талбайд нарласан хэвээр. Албаныхны хэлдгээр, асруудыг нэг цагийн дотор буулгачих юм бол, худалдаачдын ажлын байрыг нь бодолцож үзэн, мөн жуулчны гудамжны хүмүүсийн хайр татдаг цөөн ч гэсэн баримлуудыг эвдлэлгүй, эвтэйхэн нэг газар байрлуулчихаасай.