Америкчууд буу худалдаж авах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Америкчууд буу худалдаж авах нь ихэсчээ

АНУ-ын Колорадо мужийн кино театрт 12 үзэгчийг буудаж хөнөөсөн хэргийн сэжигтэн этгээд өөрийн суралцаж байсан Денверийн их сургуулийн хаягаар хачирхалтай илгээмж явуулсан байжээ. Денверийн их сургуульд хаягласан дээрх илгээмж өнгөрсөн даваа гаригт ирсэн гэнэ. Илгээмжийг сургуулийн удирдлага дээрх хэрэг дээр ажиллаж буй албаны хүмүүст өгчээ. Илгээмжид хүмүүсийг хэрхэн буудаж, аллага үйлдэх тухай төлөвлөгөөгөө бичиж, буудуулж  буй хүмүүсийг зурсан байсан гэнэ. Илгээгчийн нэрийг тогтоож чадаагүй боловч үүнийг сэжигтэн Жеймс Холмсын хийсэн хэрэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа аж. Шинжээчид илгээмжийг аллага болохоос өмнө явуулсан гэж таамаглаж байгаа бөгөөд сургуулийн хаягаар ирсэн илгээмжийг задлаагүй хэд хоносон байжээ. “Хар хүлэг баатар эргэн ирсэн нь” киноны нээлтийн өдөр АНУ-ын Колорадо мужийн Сентури 16 кино театрт 12 хүнийг буудан хөнөөж, 58 хүнийг шархдуулсан хэргийн гол сэжигтэн Жеймс Холмс Денверийн их сургуулийн философийн ангид суралцаж байсан боловч өнгөрсөн сард сургуулиа хаясан аж. 12 хохирогчийн хамгийн ахмад нь 51 настай хүн байжээ. Шархдагсад одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд заримынх нь бие маш муу байгаа юм. Колорадогийн дээрх аллагаас хойш АНУ даяар иргэд буу, зэвсэг худалдаж авах нь ихэссэн гэнэ. Бууны худалдаа аллага болсноос хойш долоо хоногийн дотор 43 хувиар нэмэгджээ. Иргэд үүнийг зэвсгийн худалдааг эсэргүүцдэг улс төрчид дээрх аллагаас болж буу худалдаалахыг бүрмөсөн хориглочихож магадгүй гэж тайлбарлаж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж