Онгоцноос харсан эх орны зураг

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Онгоцноос харсан эх орны зураг

АМЬД БҮТЭЭЛЭГ ШИГ ТҮМЭН ШУВУУДЫН  НУТАГ

Улаанбаатараас гарч баруун бүсийн зургаан аймгийн нутгаар 24 цагийн дотор аялаад ирлээ гэхийг сонсвол гайхах хүн байх биз ээ. Тэгэхдээ  орчин цагийн шинэ техник Ми-71 нисдэг тэргээр явж ирснээ онцлох нь зүйтэй байх. ОХУ-д сүүлийн үед бүтээгдсэн энэ хүлэг цэргийн нисэх хүчний зориулалттай бөгөөд америк онгоцны загвараар бүтээгдсэн бүхий л үзүүлэлтээрээ шалгарсан сайн онгоц гэсэн.

Нэг онцлог нь бүхээгтээ чимээ бага, битүүмжлэл сайтай юм билээ. Манай улс оруулж ирээд жил гаруйхан болж байгаа аж. Харин ганц гэм нь түлшийг идэх шиг иддэг бололтой юм. Ачаагүй сул явах үедээ цагт 900 л, ачаатай үедээ 1200 л түлш зарцуулдаг гээд бодоход идэмхий эд юм аа. Манайд хоёрхон байгаа. Хэдийгээр зэвсэгт хүчний мэдлийн гэх боловч улс орныхоо энхийн үйлсэд зүтгэж, хаана нэг газар юм болоход түүнд хамгийн түрүүнд хүрч очдог ачтай тустай унаа.

Биднийг нисэхийн өмнө Дундговь аймагт нэг хүний бие муудаад түүнийг авч ирсэн юм билээ. “Тэр хүний элэгний өвчин нь хүндрээд бараг л үхлүүт ирсэн дээ. Бид буян болж чадсан байх аа” гэж экпажийнхан ярьж байсан. Уул нь бидний зорилго Баян–Өлгий, Увс аймагт очиж ачаа ачиж ирэх байлаа. Тэгэхэд Баянхонгор, Говь-Алтай, Ховдод бууж онгоцоо сумлахад /түлшээ сэлбэх/ цаг орчим саатах юм. Нисдэг тэргээр явахад нутаг орныг хол, ойроос харж болох сайн талтай юм билээ. Монгол нутагт дэлгэр зуны улирал ирсэн зон олноороо цэнгэл жаргалд умбаж харагдана. Өлгий хотын төв дундуур Ховд гол ногооноор эргэлдэнэ. Үерлэчихээд байгаа нь энэ. Харийн хот нь цэгцтэй, тэгшхэн гудамжуудтай юм. Хөдөөд наадам дуусдаггүй гэдэг. Бидний замд нэг жижигхэн наадам болж байна. Бид чанх дээгүүр нь гарлаа. Сүүлд нь сонсоход Хөвсгөлийн Завхан сум наадмаа хийж байсан нь тэр юмсанж.

Байгаль дэлхийнхээ өвөрмөц тогтоц, сум сууринг нисдэг тэрэгнээс харахад гайхамшигтай. Хөвсгөлийн нутгийг ногооноор будчихсан гэж хэлж болохоор. Тогтоол усан дээр хэсэг адуу бөөгнөрсөн харагдах, тээр тэнд нэг морьтон хар хурдаараа давхиж, цагаан гэрүүдийн гаднаа идээ дэлгэсэн, сарлагууд сүүлээ өргөн давхилдах нь  яг л Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зураг шиг. Нэг аймаг гантай байхад зэргэлдээх аймаг нь ногоон зунаараа байх. Хонгор нутгийнхан бороо ордоггүй, ормоор болоод больчих юм гэж гутрангуйхан ярьж байхад Хөвсгөлийнхөн бороо ороод залхааж байна гэцгээнэ. Говь-Алтай аймгийн зүүн бүс нутаг нь ихэнхдээ гандуу харагдах бөгөөд замд Дэлгэрийн тал цэлийж тэр их талд алгын чинээ нуурын дэргэд цомхон нь аргагүй жижигхэн Дэлгэр сум үзэгдэнэ. Мөн л бусдын адил сумын сургуулийн ногоон дээвэртэй цагаан барилга бусдаас тодхон ажээ. Бидний сайн мэдэх сэтгүүлч Б.Цогзаяабаатар энд яаж үймүүлж явсан болдоо гэж бодохоос инээд хүрнэ. 

Ховдын шовх улаан уулс сүртэй гэж аргагүй. Хэдхэн хором саатахад нар төөнөж байгаа нь дэндүү. Нөгөө алдарт нутгийн брэнд болсон тарвас энд ургадаг гэхээр зундаа дулаан байхаас аргагүй. Зэргэлдээх хоёр аймаг энэ зуны хувьд гандуухан байгаа аж. Тэртээ алсад Хантайширын нуруу сунайн цэнхэртэж, Алтайн нурууны салбар сүрлэг оргилууд тэргүүндээ цасан хучилгаа нөмрөөстөй харагдана.

Ногоон замган хүрээ татсан Хар ус нуурын хөвөө даган усны шувууд цугларах шиг болжээ. Ёстой д амьд бүтээлэг шиг түмэн шувууны орон гэлтэй. Нөгөө дуунд мөнхөрсөн зартай Буянт голын хөвөө дагаж мөөгөн цагаан гэр ярайтал буусан нь үзэсгэлэнтэй. “Баруун хязгаар” гэж ярьдаг нь үнэхээр хязгаар гэхээс аргагүй юм билээ. Эрт цагт арга ядсан аянчин “Хүрээ гэдэг яасан хол юм бэ, хүний амь гэдэг яасан бөх юм бэ” гэж хэлсэн нь аргагүй л цөхөрсөн хүний үг байж дээ. Түүхэнд бичигдсэн байдаг даа. “Лосолыг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томиллоо” гэж. Энэ уудам хязгаар нутагт тэр хүн ямар унаагаар, яаж явж байсан бол гэж бодогдохоор. Ховдынхон удахгүй Манжийн дарлалаас чөлөөлөгдсөны 100 жилийн ойгоо энэ сарын 20–иор тэмдэглэх гэнэ. Баян-Өлгийнхөн 28 нд Баруун бүсийн хурд наадам болох гээд тэндхийхэн хөл алдаж байгаа аж. Замд онгоцны дарга Хөвсгөлд бороотой байвал саатах л болно доо гэж ярихад нь төрийн шагналт яруу найрагч Д.Нямаагийн

“Агаар муу гэж
Аяны онгоц саатав
Ховдод бороотой гэж
Хоёр хоног хүлээлгэв
Тэр гуанз онгойх болов уу гэж
Хаалгыг нь харан өнжив
Тэнгэр онгойх нь уу гэж
Хаяаг нь харан өнжив”
гэсэн шүлэг санаанд бууж, түүн шиг л  болно байх даа гэж бодож суулаа. Яг өмнө бараан үүлнээс ус бууж эхлэхэд онгоцоо түүнээс бултуулаад хажуугаар нь гараад явчих нь таатай юм.

МАЛТАЙ, МАШИНТАЙ ХӨДӨӨ

Онгоцноос хөдөө нутгийг харахад өвөрмөц юм аа. Хязгаар нутгийн мал үргэмтгий юм уу даа гэж санагдсан. Бороонд угаагдсан хонин сүрэг тээр дор онгоцны дуунаар язагнан бөөгнөрч, тарж бутрах нь  ёстой л хэлхээ нь тасарсан сувд шиг. Говь-Алтай, Ховдын зарим нутагт цөлжилт гээч нь явагдаж байгаа нь ажиглагдсан. Ядаж судаг, жалга нь ногоороогүй бор шороон цөл. Ер нь л замд амьд амьтан тоотойхон үзэгдэнэ билээ. Хаа хол ганц нэг гэр үзэгдэх нь тэднийг төв суурингаас алслагдсан энэ нутагт яаж амьдарч чадаж байна вэ гэж бодоход хүргэсэн.

Мал, нутгаа гэсэн малчин хүний тэвчээр биз ээ. Эрх биш ойрхон сум, баг байгаа байх л гэж бодохоос. Мөн ус хайж салхидсан шалдан хөх тэмээд үе үе цувралдан явна. Тэднийг дээрээс нь харахад ойр орчим айлын бараа үл үзэгдэнэ. Зоргоороо эзэнгүй яваа нь илт. Увсынхан энэ хавар онгоцны шинэ буудалтай болжээ. Тус буудлын үйлчилгээний ажилтан бололтой нэг яриа эр “Манайх сайхан буудалтай болоод байгаа. Өнөөх “Бонг” бууж байгаа шүү дээ” гэв. Түүнээс нутаг орны болоод наадам хэзээ хийх тухай асуухад “Манай хоёр дарга амралтад явчихаад удаж байна аа” гээд инээж байна. “Уул нь богино хугацаанд аймагтаа их юм хийсэн шүү. Өмнөх дарга Тогоо аймгийг бүүр идэж орхисон хүн. Манайхан “Энэ хоёр идсэн ч Тогоогоос илүү идэж чадаагүй, түүнийг л хийвэл таарна, нүдээ олсонгүй” гэж ярьдаг юм гэлээ. Түүнтэй ийн цөөхөн хором ярилцсан юм.

Хөвсгөлд буухад манай экпажийнхан “Увсынханы хонь өсчихжээ та харав уу” гэж байсан. Үнэхээр Улаангомоос Мөрөн орох замд олон зуугаар нь суурилсан хонин сүрэг таарсан. Баруун аймгийнхан хар ямаа олонтой юм. За тэгээд Баянхонгорын хойд бүсээс эхлээд Хархираагийн их уулс хүртэл сарлагийн нутаг гэдэг нь тодорхой ажээ.Энэхэн зурвас замаар явахад ийм их мал харагдаж байгааг бодоход Монголын мал 50 саяар ч тогтохгүй олон байх гэмээр. Цааш Ховдын нутагт ороод ирэхэд сүрлэг уулсын хавцалд малчны өвөлжөө бууц, хавтгай дээвэртэй бор шавар оромжууд үзэгдэнэ. Энэ нь баруун монгол, олон ястан үндэстний онцлог ажээ.

Харин том том цагаан гэр байх бөгөөд түүнийгээ төв нутгийнхан шиг цэмцгэрхэн барьчихдаггүй юм байна. Ер нь айл бүрийн гадаа ямар нэг машин үзэгдэх юм. Миний нэг ажигласан юм гэвэл адуун сүрэг огт таарсангүй. Харин Баян-Өлгийд буухад нисэх буудлын ажилтан Улаанбаатарт мах ямар үнэтэй байна вэ гэж асууснаас үүдэн би аймгуудад махны үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Тус аймагт хонь үхрийн мах 6000-7000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин адууны мах 8000 төгрөг. Амьд адуу 1.0-1.2 сая төгрөг хүрдэг гэнэ. Саяхан Завхан аймгаас хэдэн хүн 100 адуу тууж ирэн хоёр хоногт зарчихаад явчихжээ. Казак түмэн өвөл зунгүй адууны мах иддэг учир үнэтэй байгаа аж.

Баруун аймгуудад махны үнэ жигд 7000-8000 төгрөгийн багцаанд байна. Манай нийслэлд 700 төгрөгөөр зарагддаг ундаа Өлгийд 1300 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Манай хөдөөнийхөн малтай ч, машинтай ч ажээ. Аймгийн төвүүд хот гэхээр өргөжжээ.  Өнөөх л улаан, ягаан дээвэртэй барилгууд эрээлжилж байна. Нэг олж харсан юм юу вэ гэвэл аймгийн төвүүдэд монгол гэр тун ховор харагдсан. Хувийн сууц олон баригдсан нь хөдөө ч ялгаагүй хүмүүсийн амьдрал дээшилсний гэрч.  

СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛСЭН ГАЗАР ШОРОО

Өвөрхангай аймаг өнгөрөнгүүт л нөгөө онгичсон, нөхөн сэргээлт хийгдээгүй газар. Хэдэн арван гэр, уул уурхайн хүнд техникүүд үзэгдэнэ. Бидний маршрутын замд ийм олон таарч байгааг бодоход монгол нутагт өөр олон газар бүү онгичогдсон байгаасай билээ гэж эмзэглэхээр. Орхон голыг дагасан алтны уурхай олон аж. Тэдний үйлдэл алтыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг болжээ. Том том нүх ногоорсон усаар дүүрчихсэн, ухаж гаргасан шороо нь  том улаан уул нуруу болжээ. Шинэ зууны хөдөө нутагт нэмэгдсэн юм нь гэвэл эгнүүлэн барьсан хэдэн гэртэй жижиг уурхай, жуулчны бааз байлаа. Манай улсын газар нутгийн дөнгөж найман хувийг ой эзэлдэг гэдэг. Одоо тэр нь долоон хувиас ч багассан биз ээ.

Хөвсгөлөөс Булган орох замд ой их. Харамсалтай нь ихээхэн сүйтгэгджээ. Асгарсан шүдэнз шиг газарт унасан хусан ой их таарлаа. Мөн түймэрт шатсанаас гадна хорхойд идэгдсэн гэх ой сааралтан үхэж байгаа нь тэр аж. Үнэхээр ойн унасан модыг нь цэвэрлэмээр болсон юм билээ. Энэ их ойд ядаж ганц буга харагддаггүй юм байх даа гэж нүд бэлчээгээд нэмэргүй ажээ. Харин Баянхонгорын нисэхийнхэн ярих нь “Манай нутаг тарвагнаас элбэг юмгүй байсан цаг бий. Одоо  үзэгдэхээ байсан. Харин Баян-Өлгийн Ганцмод, Баянгийн заставт тарвага шиг элбэг юм алга гэнэ. Нөгөө казакууд чинь өөрсдөө иддэг болсон байна” гэж ярьсан.

Биднийг Улаанбаатарт буухад үдшийн 21.00 цаг болж байлаа. Онгоцны дарга З.Ганболд, Л.Баясгалан, борт механик Ж.Цогтдорж, техникч Ш.Цогбаяр нар дадлага туршлага сайтай нисэгчид ажээ. Бүгд  ЗХУ-д  дээд мэргэжил эзэмшсэн нисэгч, техникч. Экпажийн дарга З.Ганболд “Афганистан улс 160 нисдэг тэрэгтэй, тэгэхэд сургагч багшаа манайхаас авч заалгадаг. Манай Ж.Цогтдорж очиж багшилдаг юм” гэж танилцуулсан. Түүнээс Афганы тухай хэдэн зүйл сонирхлоо. “Афганчууд гурав хэлүүлж байж л нэг сурдаг улс даа. Тэдний ихэнх нь “Хазар” монгол байсан. Ер нь тэдний олонх юм биш үү. Бид асар том хашаан дотор байдаг байв.

Өглөө ажилд гарахдаа өөрсдөө буутай, давхар хамгаалалттай явна. Хашаан дотор энд тэнд бөмбөг дэлбэрч л байна шүү дээ. Хазарчуудад монгол үг их байна аа. Жишээ нь гарын алга, хуруу гэж бидний хэлдгээр хэлнэ шүү дээ” гэж яриа өрнөж байтал онгоцны дарга “Өглөө 07,00 цагт нислэгтэй” гэхэд нөгөөдүүл нь онгоцоо сумлахаас эхлээд ажилтай байгаагаа ярилаа. Монголчууд унасан унаандаа эзэн болж чаддагийн жишээ энэ ажээ.

Н.ЛХАГВАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж