Тэгвэл сүүлийн жилүүдэд манай Сүхбаатарын талбайд өдөр шөнийг ялгалгүй бум бужигнах болж. Өглөө, оройд дэргэдүүр нь яаруухан явж өнгөрөхдөө талбайгаас хэдэн хүн амьдралаа залгуулдаг бол гэж нэг ч удаа бодож байсангүй. Энэ удаа сонирхол татав. Өглөө ажилдаа явахад хог шүүрдэж зогсдог шар хантаазтанууд, тоглоом тоглуулж, чихэр бохь, ширхэгийн тамхи зардаг хүмүүсээс эхлээд “Зургаа даруулах уу” гэж асууж зогсдог зурагчдыг бид төдийлөн анзаардаггүй билээ. v19:00 цагаас хойш энд хөл ихэснэ. Унадаг дугуйг гурван минут хэрэглэхэд 1500, удирдлагатай машинд суухад 1000 төгрөг төлнө. Мөн дартс шидэн бөмбөлөг хагалаад чихмэл тоглоом хожих боломжтой. Мөн шорлог амталж, шоколад идэж болно. Өглөөгүүр очиход Эзэн Чингис хааны хөшөө сүрийг үзүүлэн дүнхийж, Сүхбаатар жанжны хөшөө он оны чанад руу давхин одох гэж буй мэт харагдана. Талбайн сандал дүүрэн хүнтэй, хүүхэд багачууд, хөгшид өтгөс, хос залуус тайван амгалан нарлаж байв. Найман жилийн турш энд ширхэгийн тамхи, чихэр, бохь зарсан гэх эмэгтэйтэй ярилцах гэсэн боловч дургүйцээд халгаасангүй. Тэрбээр “Би ямар ч гэсэн хүүхдүүдээ тэжээгээд, хүнээс гуйхгүй явна. Өдрийнхээ хоолны мөнгийг олчихдог л юм” гэлээ. Харин тааралдах бүрт өөрийгээ “Сүхбаатар жанжны хамаатан” гэж ярьдаг хөгшин энэ удаа эзгүй байв.
Энэ үед хамгийн их ажилтай нь зурагчид байв. Мөнгөний л ажил юм болохоор тэрүүхэн тэндээ өрсөлддөг бололтой. Үйлчлүүлэгчээ нэг нэгээсээ түрүүлж олох нь тэдэнд чухал. Өөрийгөө Ганболд гэхээс өөрөөр танилцуулахыг хүсээгүй зурагчинтай хөөрөлдөх гэсэн ч “Талбайн зурагчдын үүх, түүхийг мэдэх хүн тэр өндөр залуу байна” гэж хэлчихээд явав. Талбайн зурагчдын “Өндөр”, “Камель” гэж дууддаг залууг Н.Ганбат гэдэг. “Зурагчин” гэсэн бичигтэй хөх хантаазаа өмсөөгүй нэгэн залууг зэмлэж байхыг харвал эндэхийн Ким Ду Хан бололтой. Ярилцах санаатай очтол хоёр хөгшний зургийг дараад завгүй байна. Надад “Түр хүлээж байгаарай” гэж соёлтой хэлээд зургаа угаалгахаар явав. Энэ хооронд өнөө жил 65 насыг зооглоод буй Ховд аймгийн Булган сумын малчин И.Бааст, эхнэр Г.Минжигмаа нартай энэ тэрийг хөөрөлдөв. Тэд 40 жилийн дараа Улаанбаатарт ирээд байгаа нь энэ. “Нийслэл маань сайхан болжээ. Зурагтаар хардаг жанжин Сүхбаатарын хөшөөний дэргэд зураг авахуулаад их баярлаж байна. Эмээ өвөө хоёр нь хүүгээ гэрлүүлэхээр ирсэн. Хүүгийн хурим найр сайхан боллоо. Хотод байнга л хүн дагуулж явахгүй бол төөрчих гээд байх юм. Хотынхон соёлтой, сайхан юм. Ядаж л нэг машинд ороод суухад “Эмээ, өвөө ингэнэ тэгнэ” гээд заагаад өгнө. Бид хоёр эмчид үзүүллээ. Бие данги байна гэнэ” гэх мэтийг хүүрнэлдэж нэлээд суусны дараа “өндөр” зурагчин маань ирсэн юм.
-Та энд хэдэн жил зураг авч байна вэ?
-Би уг нь биеийн тамирын багш мэргэжилтэй. 1987 онд АИХ-ын тогтоолоор зурагчин, гуталчин, үсчин гэх мэт хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрч миний зурагчны амьдрал эхэлсэн. Анхны гурван зурагчны нэг нь би. Тэр үед ах нь 30 дугаар сургуульд биеийн тамирын багш хийж байсан юм. Өглөө ажилдаа яваад, үдээс хойш зургандаа гардаг байлаа. 1988 оны тавдугаар сараас шөнийн зураг авч эхэлсэн. Сүхбаатарын талбайд 25 жил зураг авчээ.
-Тухайн үед одоогийнх шиг таван минутын дотор гаргачихна гэж байгаагүй байх?
-Анх хар цагаан зураг авч гараар угаадаг байлаа. Тэр үед Орост сурсан арай юм үзсэн, зах зээлийг мэдэрсэн хүмүүс хальс, гэрэл зургийн цаас оруулж ирж зардаг байсан юм. 1991 онд монголд фото лаборатори орж ирснээс хойш л зураг авах хүн олширсон доо. Тэр үед “САПУ” компанийн захирал асан С.Жамьянсүрэн ах, “Петровис” компанийн орлогч захирал Д.Энхжаргал ах нар хүртэл зураг авч байлаа шүү дээ.
-Хүмүүс зураг их авахуулдаг байв уу. Харин одоо хүн болгон л зургийн апараттай болж?
-Ер нь Сүхбаатар талбайд зураг даруулаагүй монгол хүн гэж байхгүй шүү дээ. Ард иргэдийнхээ сайн сайхан дурсамжийг гэрэл зурганд мөнхөлж өгсөндөө баяртай байдаг. Манайхан сайн сайхан, аз жаргалтай байгаа үедээ энэ талбайг зорьдог болохоор дандаа сайхнаар дурсдаг байх гэж боддог. Хүмүүс аппараттай ирсэн ч зурагчнаар авахуулахыг илүүд үздэг.
-Хэдэн зурагчин ажилладаг вэ?
-Монголчууд 1990-ээд оны үед зах зээлийн маш хүнд үеийг туулсан шүү дээ. Тэр үед эндээс хоногийн хоолоо залгуулдаг хүн их байсан. Бид 1992 онд мэргэжлийн гэрэл зурагчдын “Дурсамж” холбоог байгуулсан юм. Одоо манай холбоо 100 гаруй гишүүнтэй. Холбооны тэргүүнээр Б.Нямжав ах маань ажилладаг. Байнгын ажиллаж байгаа нь 40 гаруй зурагчин байна. Нэг зурагчны цаана нэг гэр бүл байгаа гэхээр энэ талбай олон хүний амьдралыг тэтгэж байгаа шүү дээ. Сүүлийн үед эмэгтэй зурагчин олон болж. Нийт зурагчдын 50 хувь нь эмэгтэй.
-Түрээс төлдөг үү?
-Бид “Дурсамж” холбоонд мөнгө төлөхөөс гадна Хувийн хэвшлийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд татвар төлдөг. Энэхүү ҮЭХ биднийг хамгаалж, шаардлагатай үед тусламж, зөвлөгөө өгч байдаг. Нэг үе “Талбайн зурагчдыг ажиллуулахгүй, хөөнө” гээд л бөөн юм болсон. Тэд биднийг хамгаалсанд баярладаг. Сүхбаатар дүүрэгт түрээс төлдөг байсныг болиулж, патент авдаг болсон.
-Та нарны хамгийн их ашигтай үе хэзээ вэ?
-Баяр ёслол, албан байгууллагын тэмдэглэлт ой, анги хамт олны уулзалтын үеэр орлого сайтай байдаг.
-Зураг авна гэдэг хэн бүхний хийдэг ажил биш байх?
-Хүний нүүрэн дээр туссан гэрэл сүүдрийг яаж ялгаж гаргах вэ гээд маш их ухаан шүү дээ. Манай талбайн зурагчид шавь сургалтаар явсан гэж болно. Арай олон жил ажилласан ахмад зурагчид нь залуустаа зааж зөвлөдөг.
-Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ?
-Өдөржин зогсвол 25-30 мянган төгрөг олно шүү. Хүнд ажилгүй гэж хэлүүлэхгүй, хүнээс гуйхгүй байна гэдэг сайхан.
Бид ийн ярилцаж байгаа түүний эхнэр нь “ажлаа хийгээчээ” надтай удтал ярилцсан нөхрөө зэмлэв. Нэг ангийнхан уулзаж байгаа бололтой бие биенээ үнсэн, тэврэлдэх хөгшчүүлийн зүг “Өндөр” зурагчин явлаа.
Үүний дараа Н.Ганбатад хантааз өмсөөгүй хэмээн зэмлүүлж байсан У.Батнасан сэтгэлээ уудлав. “Бид нар бор зүрхээрээ шудрагаар хөдөлмөрлөж яваа хүмүүс. Орлого өдөртөө хэрэглээнд яваад дуусчихдаг, хуримтлал үүсгэх боломжгүй байдаг ч ажилтай байна гэдэг сайхан. Биднийг өдөрт хоёр, гуравхан мянган төгрөг олдог ядарсан хүмүүс гэж зарим нь боддог. Гэхдээ Чингис хаан, жанжин Сүхбаатар хоёрынхоо хөшөөний буянаар гэдэс цатгалан явна” гэсэн юм. Үнэхээр ажилгүй гэж хүний гар харалгүй, хүнд хэцүү гэж гар хумхилгүй хөдөлмөрлөж яваа тэдний тухай өмнө нь анзаараагүйгээ харж, мэдээгүйгээ сонссон минь сайхан байлаа. Миний эх орны төв талбай цэвэрхэн, тайван, үзэж харж, амарч суухад сайхан санагдаж байлаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин