Майкл Жексоны ээж Кэтерин хүүхдүүдтэйгээ есөн хоног холбоо бариагүй сураг тасарч, хүүхдүүд нь Твиттерээр эмээгийнхээ аюулгүй байдалд санаа зовж буй тухай бичсэний дараа түүнийг Аризонад том охин Реббигийн асаргаан дор сувилалд эмчлүүлж байгааг мэдээлсэн юм. Харин Калифорни дахь попын хааны эдлэнд түүний ах, эгч нар гэрт нь дайрч орон, хэрүүл маргаан дэгдээж, цагдаа дуудахад хүрсэн хэргийн дараа Лос Анжелесийн шүүх хүүхдүүдийн асран хамгаалагчаар Майкл Жексоны төрсөн ах Тито Жексоны хүү, 34 настай Тито Жой Жексоныг түр томилсон гэнэ. Попын хаан Майкл Жексоныг 2009 онд нас барснаас хойш түүний ээж 82 настай Кэтерин түүний гурван хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч болж үлдсэн юм. Харин Майкл Жексон гэрээслэлдээ 500 сая ам.долларын бүх өв хөрөнгөө ээждээ болон гурван хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн нь Жексоны ах дүү нарын дунд дайн дэгдээгээд байгаа аж. Майклын ах дүү нар гэрээслэлийг хуурамч гэж үзэж, гэрээслэлийн бичиг жинхэнэ эсэхийг шалгуулахаар мөрдлөгө явуулахаар шүүхэд гомдол гаргасан юм. Калифорни дахь харшид нь одоо Майклын гурван ах эгч, түүний охин Парис, Принц болон Бланкет нар байгаа юм байна. Майклын охин Парисын хэлснээр эмээ нь тэдэнтэй холбоо барилгүйгээр ийм удаан алга болж байгаагүй аж. Лос Анжелесийн шүүх мөн Майклын хүүхдүүдийг Калифорни мужаас гарч явахыг хориглосон байна.