Хан-Уул дүүргийн Дунд голын зам буюу дундын замаас Энхтайвны гүүр хүртэл далан барих ажил үргэлжилж, будан дунд төөрөх мэт бүтээн байгуулалт өрнөж байна. Даланг газар ухаж бетон зуурмагаар босгож байгаа юм. Газар ийнхүү ухах болсон нь ойр орчимд сул шороо үүсгэж, ойролцоо амьдардаг иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс далан барьж буй байдлыг ажиглахаар зорьсон юм.
Дунд голын замын хажуугаар барьж буй далан нь маш урт үргэлжлэх бөгөөд далангийн бетоны орчим ухсан шороо нь сул байх ажээ. Тэнд амьдардаг иргэдийн бухимдлыг төрүүлэх нь аргагүй гэлтэй “будан” дунд явах өөрөөсөө ч төөрөм. Сул бөөгнөрсөн шороо нь салхиар туугдаж, орон байрныхаа цонх, тагтыг онгойлгох боломж байдаггүй гэнэ. Цэвэр агаар авах гэж цонхоо онгойлгосон биш шороонд даруулах нь гэж иргэд ихээр бухимдах аж. Шороо манарч байгаа нь зөвхөн салхиных биш шүү дээ. Тэр чиглэл дэх зам бол хотын замын түгжрэлээс гэтэлгэх гэсэн дундын зам учраас хүнд даацын машинууд нийслэлд барьж буй аливаа барилга, үйлдвэрлэлийн түүхий эд, бараа материалыг тээвэрлэдэг. Том машинууд тэр замаар явсаны дараа нээрэн л дээр өгүүлсэн хажууд яваа нэгнээсээ битгий хэл, өөрөөсөө ч төөрөм байна. Далан босгохын тулд газарт бэхлэх гэж газар ухах нь барилгын норм, дүрмийн дагуу л байх. Гэхдээ нэгийг бүтээн байгуулж байна гээд, нөгөө хэсгийнх нь эрүүл мэнд хохирох зүгээр гэж үү?
Далан барих ажлыг хийж байгаа хоёр хүн дээр очлоо. Барилгын ажилтнуудаас энэ талаар лавлахад, “Далан бэхлэхийн тулд газар ухах ёстой. Ер нь энэ шороо салхиар л ингэж манарч байгаа юм. Энэ хавь ер нь угаасаа шороотой” гэлээ. Ажлын талбар дээр, нэг нэгээрээ ээлжилж далан барих юм бол мөд дуусахгүй нь. Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад хурдан дуусгавал энэ тоосноос ангижирч болмоор л юм.
Далангийн ажлын эзэн холбогдогчийн талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс тодруулахад “Дунд голын далан барих ажлыг “Монгол менемжент төв” компани тавдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа. Улсын төсвөөр нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр наймдугаар сар гэхэд барьж дуусна. Одоогийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө. Далан барих ажлын дараа энэ чиглэл дэх авто замыг шинэчлэх ажлыг хийх тухай мөн албаныхан мэдээллээ.
Дунд нь будандаж явсны дүнд, ойролцоо амьдардаг иргэдийн зовлонг хэсэг мэдрээд далан хурдан барьж дуусаасай гэж бодогдохоос аргагүй байв. Газар ухах ёстой л юм бол гаргасан сул шороогоо иргэдийн хөлөө хол,орон сууц, байшингаас холдуулж, тээвэрлэж болохгүй гэж үү? Далан барьж дуустал хэдий хугацаа юм, тэр хооронд багтрах нь байна. Түүний оронд бага ч гэсэн сэтгэл гаргавал болохгүй зүйл баймааргүй юм.