-“Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын боксын тэмцээнийг монгол хүн шүүхгүй. Манайхан шүүгчтэй оролцох боломж байсан уу?
-Манай улсаас шалтгаалахгүйгээр Олон улсын боксын холбоо (AIBA)-ноос ийм шийдвэр гаргасан. Олимпийн өмнөх жилийн ДАШТ-ээс олимп шүүх шүүгчдээ шалгаруулдаг. Манай Ц.Нандигжавт боломжтой байсан ч түүнд “Баку-2011” оны ДАШТ-ийг шүүх урилга ирээгүй. Монгол шүүгч 2008 оны Бээжингийн олимпийн наадамд ажилласан болохоор энэ удаа хойш тавьсан байх. Ерөнхийдөө бокс өндөр хөгжсөн, эдийн засаг нь хүчтэй улсын шүүгч нар сонгогддог. МОБХ хэд хэдэн шүүгч бэлтгэж, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод оролцуулах зорилготой байна.
-Энэ жилийнх шиг юм болох вий дээ?
-Манайх олимп, дэлхийн аваргатай, өндөр байр суурьтай. Тиймээс Монголын шүүгч нарыг юу юугүй цааш түлхэхгүй. Тиймээс дөрвөн жилийн дараа монгол шүүгч ажиллана гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
-Манай улсаас шалтгаалахгүй гэхээр шударга бус юм биш үү?
-Миний бодлоор МОБХ-ны удирдлагуудыг, ерөнхийлөгч Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарыг Олон улсын боксын холбооны өндөр албан тушаалд сонгуулах хэрэгтэй. Ч.Ганзориг ерөнхийлөгч Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хэрвээ Олон улсын боксын холбооны гүйцэтгэх албанд очсон байхад манай улс өөрсдийн хүмүүсээ түлхэж өгөх боломж бүрдэнэ.
-Танд энэ олимпийн наадамд ажиллах боломж байгаагүй юм уу?
-Би 2007 оны Чикагогийн ДАШТ-д шүүгч нар дундаа тавдугаар байр эзэлж, “Бээжин-2008” олимпийн наадмын эрх авч байсан. Олон улсын боксын холбоо нэг хүнийг нэг олимпийн наадамд шүүлгэх бодлого баримтлах болсон. Тиймээс надад “Лондон-2012”-т ажиллах боломж байгаагүй. Харин бусад ДАШТ, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүх эрхтэй.
-Их хатуу шийдвэр байна шүү?
-Тийм ээ. Ер нь боксын спорт өндөр даваатай байдаг. Тамирчид олимпийн эрх авах гэж яаж зовж байгааг та бүхэн мэднэ. Бусад спортынхон 4-20 тэмцээнээс эрх авдаг бол боксчдод хоёр л боломж байсан. Энэ олимпийн эрхийг өнгөрсөн жил Бакуд болсон ДАШТ болон энэ хавар болсон тивийн бүсийн тэмцээнд олгосон. Олон улсын боксын холбоо гэдэг чинь их аюултай бодлого барьдаг байгууллага (инээв).
-Энэ байгууллага Анвар Човдригийн үеэс хойш хэр шинэчлэгдсэн бэ?
-Тэр үеийг бодоход харьцангуй шудрага болсон. Би Човдригийн үед ч шүүж байсан, одоо Ву Чин Кюгийн үед ч шүүж байна. Шүүлт харьцангуй дээрдэж, улайм цайм луйвар багассан. Бүр алга болно гэдэг хэцүү.
-“Шүүгчтэй орны тамирчид өндөр амжилт үзүүлдэг” гэсэн яриа байдаг. Шүүгч тамирчиндаа хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Шүүгч өөрийн орны тамирчдын ялалтыг хамгаалдаг. Тамирчин тэнцүү болон илүү тоглоод ялагдал хүлээх тохиолдол бий. Тэр эрсдэлээс хамгаална. Манай маш олон тамирчин амжилтаараа луйвардуулдаг байсан. Харин шүүгчтэй орны тамирчныг улайм цайм луйвардаж чадахгүй.
-ОХУ, Куба зэрэг боксын гүрнүүд 2008 оны Бээжингийн олимпийг амжилт муутай үдсэн. Манай хойд хөршийнхөн үүнийгээ шүүгч нарт тохож байлаа. Таны мэргэжил нэгтнүүд үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Оросууд өөрсдөөсөө болсон юм. Найдлага тавьж байсан хэд хэдэн тамирчин нь хасагдсаны дараа дасгалжуулагч нар нь ярилцлага өгөхдөө ялагдлын бурууг зарим шүүгчтэй холбож тайлбарласан. Шүүгч нар үүнийг таатай хүлээж авахгүй мэдээж. Энэ нь Оросын үлдсэн тамирчдад нь гай болсон юм. Хэдийгээр шударга шүүж байгаа ч тэдэнд тав дарах байсан шүүгч маргаашаас нь гурав дараад дуусгасан биз. Алексей Тищенко шийртэй тулдаа ганцаараа түрүүлсэн.
-П.Сэрдамба бэртлийн улмаас БНХАУ-ын Жоү Шиминийн эсрэг хийсэн аваргын төлөөх тоглолтыг дуусгаж чадаагүй. Зарим хүн “П.Сэрдамба үргэлжлүүлж тоглоогүй нь Э.Бадар-Ууганы аваргалах замыг нээж өгсөн” гэж ярих юм. Хоёр монгол дараалан түрүүлж болдоггүй юм уу?
-Үнэхээр чадаж байвал олимпийн хоёр аваргатай болж болно шүү дээ. П.Сэрдамба мөнгөн медалийн төлөө Кубын Ямпьер Эрнандестэй тоглохдоо гараа хөшүүлчихсэн юм. Гараа өргөж ч болохгүй байсан. Ч.Насанбат эмч массаж хийж, овоо гайгүй болгоод гаргасан ч болж өгөөгүй. Мөнгөн медалийн болзол хангасан хэн ч гэсэн аварга болохыг бодно. Тийм үед бууж өгнө гэж байхгүй.
-2009 онд Миланд болсон ДАШТ-ий үеэр “Монголчууд авлига өгөхөөр оролдоод баригдлаа” гэсэн мэдээлэл дэлхий нийтээр цацагдсан. Тэгэхэд яг юу болсон юм бэ?
-Манай Ц.Нандигжав вьетнам шүүгч найздаа МОБХ-ны 60 жилийн ойн дурсгалын зангиа бэлэглэсэн юм билээ. Гэвч нөгөөх нь Олон улсын боксын холбоонд алтан хошуу өргөж, чанараа таниулсан. Бид ямар өндөр үнэтэй зүйлийг худалдаж аваад өгсөн биш. МОБХ-ны болон олимпийн наадмуудын логотой зангиа л байсан. Үүнийг Олон улсын боксын холбооны албан ёсны сайт дээр дуулиан болгон тавьсан байсан.
-Тэгэхэд Ч.Ганзориг ерөнхийлөгчийг шуурхай арга хэмжээ авсан гэдэг юм билээ?
-Тийм шүү. Ч.Ганзориг ерөнхийлөгч тухайн үед МОБХ-ны дэд ерөнхийлөгч, ДАШТ-д оролцох Монголын багийн ахлагч байсан. Дуулиан дэгдэнгүүт Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчтэй уулзалт хийж, юу болсныг тодорхой тайлбарлаж ойлгуулснаар асуудал шийдэгдсэн.
-Та олимп, ДАШТ, бусад тэмцээний үеэр Монголын баг тамирчидтай хамт байрладаг уу?
-Үгүй. Шүүгч нар тусдаа байдаг. Нутаг нэгтнүүдтэйгээ бараг харьцахгүй дээ. Өөр улсын багийнхантай ч холбоо тогтоож болохгүй. Олон улсын боксын холбоо шүүгч нартаа тусад нь тасалбар авч өгч, өөр онгоцоор ирүүлж, явуулдаг.
-Олон улсын боксын холбооны үнэлгээ хэр байдаг вэ?
-Сайн шүү.
-Нууц биш бол олимпийн нэг тоглолт шүүгээд хэдэн ам.доллар авдаг вэ?
-Тоглолтын үнэлгээ гэж байхгүй, шүүгч нартаа цалинг нь өгдөг.
-Тоо хэлж болохгүй юу?
-Хэлээд яах юм бэ (инээв).
-Хангалттай өгөх үү?
-Хангалттай.
-Хөлбөмбөг болон бусад спортод шүүгчийн талбай дээр гаргасан шийдвэр зөв ч байсан буруу ч байсан эцсийнх байдаг. Харин бокс тийм биш юм. Манай улсын шилдэг боксчин Ц.Амаржаргал 1988 оны Сөүлийн олимпод Канадын Жейми Пагендамыг дэвжээн дээр ялаад, шүүгчээр гараа өргүүлсэн ч дараа нь ялагдсан болсон. Өнгөрсөн жилийн ДАШТ-д л гэхэд Украины Василий Ломаченко Бразилын Робсон Консейсанд ялагдсан ч заргалдсаар байж ялсан болж байх шиг?
-Тоглолтын дараа протест буюу эсэргүүцлийн бичиг хүлээж авах хугацаа бий. Тухайн тамирчны дасгалжуулагч, баг хамт олон тодорхой төлбөрийг нь төлж, энэ хугацаанд багтаж бичгээ өгч болдог. Шүүгч нар тухайн тоглолтыг үзэж, оноо өгсөн даралтуудыг хянаад ялагчийг зарладаг. Ломаченко эсэргүүцлийн бичгийн ачаар ялалтыг өөрийн болгосон анхны боксчин болсон. Энэ нь нэг бодлын ардчилал юм. Шүүгч нар тоглолтыг хянаж үздэг байсан ч ялалтыг буцааж байсан түүх байгаагүй.
-Азербайжанчуудыг Олон улсын боксын холбоонд нөлөөлж байгаа тухай дэлхий нийтээрээ ярьдаг. Сүүлийн жилүүдэд ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүд Бакуд боллоо. Тэд яагаад ийм нөлөөтэй байна вэ?
-Олон улсын боксын холбоонд өөрсдийн хүмүүсээ олноор шургуулж чадсан. Түүндээ бардаж байхгүй юу. Тамирчдынх нь амжилт өсч байгаа нь ч нөлөөлсөн. Куба боксын гүрэн ч гэсэн тэгж барддаггүй.
-Азербайжанчуудыг олимпийн хоёр алтан медаль захиалсан гэх мэдээлэл өнгөрсөн жил дуулиан тарьсан шүү?
-Яг баримт байхгүй ч гэсэн явуулга байсан байх.
-Хэдэн жилийн өмнө тамирчдын оноо 10, 20 гардаг байсан бол хоёр жилийн өмнө манай улсад болсон оюутны ДАШТ-ий үеэр эрс багассан. Харин эргээд нэмэгдчихлээ. Боксын оноо их өөрчлөгдөх юм аа?
-Тийм ээ. Маш их цохилт гарсан ч хөлбөмбөгийнх шиг 0:0, 1:0, 2:0 гэсэн дүн гарч эхэлсэн. Гарцаагүй онооны цохилтод оноо дарах гэхээр битүү хамгаалалттай хүн бараг оноо алдахгүй. Өрсөлдөгч нь нүдээд нүдээд оноо нэмэгдэхгүй болсон байсан. Зарим нь хамгаалж хамгаалж ганц хатгаж оноо аваад ялчих жишээний. Харин үүнийг өөрчилж, хэн их ажилласанд нь оноо өгөх зарчим барьж байна. Хаалтны дундуур орж байгаа цохилтод хүртэл оноо дарах болсон. Олон цохилт гүйцэтгэсэн тамирчин ялалт байгуулах боломжтой.
-Зарим цохилтыг нарийн харж амжаагүй бол яах вэ?
-Дараалсан цохилтын нэг, хоёр дээр нь автоматаар дардаг. Гэхдээ зүгээр нэг шүрших биш, оноо авах хэмжээний хүчтэй цохилтод өгнө.
-Одоо 10-аас доош оноо авдаг боксчин бараг байхгүй биз дээ?
-Тийм тоглолт цөөн болсон. Үнэхээр хоёулаа зодолдохгүй зогсоод байхгүй л бол.
-Үзэгчид оноо ил гарахад дуртай байдаг. Нэг оноо нэмэгдэхээр орилоод явчихдаг. Харин өнгөрсөн жилээс эхлэн оноо далд байж, үеийн дараа гарч ирэх болсон. Энэ алхам боксыг үзэгчгүй болгох вий дээ?
-Ил гаргахаар ялж байгаа боксчин зугтаах болсон. Оноог гаргахгүй бол ажиллана, тоглолтыг урагш явсаар байж дуусгана.
-2007 оны ДАШТ-ий алт, мөнгөн медальт Альберт Селимов, Василий Ломаченко нар 2008 оны олимпийн эхний даваанд таарсан. Одоо ч гэсэн ингэх үү. Эсвэл чансаатай хэдээр нь зоо толгойлуулах уу?
-Чансааг үндэслэн эхний дөрөв, найман тамирчинг салгадаг болсон. Бусдыг нь компьютерээр тааруулчихна.
-Компьютерээр тааруулахаар булхай гарах юм биш үү?
-Олон улсын боксын холбооны их хурал дээр бүх улсын саналыг аваад хүлээн зөвшөөрчихсөн. Хэрвээ сугалааны үеэр тог тасрах юм уу техникийн саатал гарвал гараар сугална гэсэн дүрэм бий.
-Та цаашдаа шүүнэ биз дээ?
-Тэгнэ. Гэхдээ би ДАШТ шүүе гэж нэг их зүтгэхгүй. Манайд олон сайхан залуу шүүгч байна. Тэднийгээ явуулж туршлагажуулах хэрэгтэй.
-Шүүж үзээгүй тэмцээн байгаа юу?
-Байхгүй. Бүгдийг нь шүүсэн.
-Берлинд байхдаа тэмцээн шүүдэг үү?
-Тэгнэ. Германы шигшээ баг бусад орны багтай халз тоглолт хийхээрээ намайг урьдаг. Ойрхон улсуудад болдог тэмцээнийг шүүдэг. Мөн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг гурван удаа шүүсэн.
-Энэ олимпод манай дөрвөн боксчин шүүгчгүй оролцох гэж байна. Та санаа зовж байна уу?
-Манай тамирчдын бэлтгэл сургуулилалт үнэхээр сайн байна. Шүүгчтэй, шүүгчгүй байсан амжилт гаргах бүрэн боломжтой. Тэр өдрийнх нь тэнгэр сайхан ивээж, манай хүүхдүүд медаль хүртээсэй. Хоёр медальтай ирэх нь МОБХ-ны гол зорилго.
-Ярилцсанд баярлаа?
-Намайг хүндэтгэж ярилцлага авсанд баярлалаа. Ийм нарийн асуултууд ирнэ гэж ёстой бодсонгүй (инээв). Танай хамт олонд өндөр амжилт хүсэн ерөөе. Манай боксын спортыг сурталчилж, нэр хүндийг нь өндөрт өргөж яваарай.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин