Олимпийн наадмын байтын тэмцээн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын байтын тэмцээн маргааш эхэлнэ

"Лондон-2012" Зуны олимпийн 30-р наадмын байт сурын тэмцээн маргааш буюу 7-р сарын 27-ны өдрийн 9.00 цагт (УБ цагаар 16.00) эрэгтэйчүүдийн хувийн тэмцээнээр эхлэх гэж байна. Лондонгийн олимпийн байт сурын тэмцээн баг (эрэгтэй, эмэгтэй), хувь (эрэгтэй, эмэгтэй) гэсэн 4 төрлөөр, бүх төрөлд 70 метрийн зайд өрсөлдөнө.

Монгол улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс (эрэгтэй, 1972 он), Б.Урантунгалаг (эмэгтэй, 1977 он) нар ганцаарчилсан тэмцээнд цэц сорино. Ж.Гантөгсийн тэмцээн орон нутгийн цагаар 9.00, Б.Урантунгалагийн тэмцээн 13.00 цагт эхэлнэ.

Ганцаарчилсан буюу хувийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 64 тамирчин цэц сорих бөгөөд маргааш чансаа тогтоох харваагаар эхэлнэ. Чансаа тогтоох буюу урьдчилсан харваанд тамирчид 72 сум (70 метрээс) харвах бөгөөд тамирчдыг авсан онооны дарааллаар 1-64 хүртэл байр эзлүүлнэ.

Чансаа тогтоох харваанд эзэлсэн байрын дугаараар 1-64, 2-63, 3-62, …, 32-33 тай оноолт таарч, цаашид хасагдах буюу бөхчлөх системээр өрсөлдөн Олимпийн аваргаа тодруулна. (64 бөх барилдана гээд ойлгочиход болно. 6 давбал түрүүлнэ.) Иймээс чансаа тогтоох харваанд дээгүүр байр эзлэх нь арай сулавтар өрсөлдөгчтэй таарахад нөлөө үзүүлнэ.

Хасагдах буюу 2 хүний халз тулаан үе тус бүр нь 3 сум харвах 5 үеэс бүрдэх бөгөөд хэн түрүүлж 6 оноо авсан тамирчин ялж цаашид өрсөлдөх эрхтэй болно. 1 үеийн (3 сум) харваанд хожвол 2 оноо, тэнцвэл 1 оноо авдаг. Өөрөөр хэлбэл хэн түрүүлж 3 үед хожсон нь ялагч болох юм. 5 үеийн дараа 5-5 оноогоор тэнцсэн тохиолдолд хайна хагалах (үндэсний сурд "товх харвах" гэж ярьдаг) харвааг ганцхан сумаар хийх ба төвд хамгийн ойр харвасан нь хожно.

Сум харвах хоорондын хугацаа 20 секундээс хэтрэхгүй байх ёстой.

7-р сарын 28, 29-нд багийн тэмцээн явагдах ба манай тамирчдын шийдвэрлэх тулаан 7-р сарын 30-наас эхэлж, эмэгтэйчүүд 8-р сарын 2-нд, эрэгтэйчүүд 8-р сарын 3-нд медалийн эздээ тодруулна. 4-т үлдээд ялагдсан тамирчид хүрэл медалийн төлөө халз өрсөлдөнө.

Чансаа тогтоох харваанд Ж.Гантөгс 16 дахь гурвалд Филиппин, Германы тамирчидтай хамт харвана. Ж.Гантөгс дэлхийн чансаанд 33-т жагсаж байна.

Эмэгтэйчүүдийн чансаа тогтоох харваанд Б.Урантунгалаг 14B сугалаатай Самоа, Шведийн тамирчидтай цуг харвана. Б.Урантунгалагийн дэлхийн чансаа 30.

Харвасан сум бүхнээ байныхаа тэг дунд нь буюу 10 оноонд зоож, тамирчиддаа Олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Эх сурвалж: http://chbata.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж