
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр геологийн салбарынхан төрөөс баримтлах геологийн бодлого, цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Зөвлөгөөний үеэр ашигт талтмалын газрын геологи судалгааны хэлтсээс мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн онд геологи хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, тайлан, үр дүнгийн тайлан хянуулсны төлбөрөөр улсын төсөвт 677,7 сая төгрөг төвлөрүүлжээ. Харин энэ оны тавдугаар сарын 11-ний байдлаар 133 сая төгрөгийг улсын төсөвт оруулаад байгаа юм. Өнгөрсөн онд алтны 38 ордын батлагдсан нөөц 19,9 тн, зэсийн гурван ордын нөөц 51,46 мянган тонныг бүртгэжээ. Харин хар тугалганы 68722 тонн нөөц бүхий нэг орд, 256,9 сая тонн нөөц бүхий төмрийн 13 орд, 536,1 сая тонн нөөцтэй нүүрсний 16 орд, 395,47 сая тонн нөөцтэй шохойн чулууны 13 орд болон барилгын материалын 22 ордын нөөцийг бүртгэн авчээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид 147,1 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийжээ.
Д.Цэцэн