
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн баг хамтран нийгмийн даатгалын сургалтыг өчигдөр Үйлдвэрчний эвлэлийн хороонд эхлүүлсэн юм. Сургалт нийт 54 цаг буюу гурван хоногийн турш үргэлжлэх бөгөөд малчид, албан бус хэвшилд ажиллагсдыг нийгмийн даатгалын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх төлөөлөгч, сургагч багш нарыг бэлтгэх зорилготой юм байна. Энэ үеэр 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн салбарын ҮЭ-ийн хорооны дарга, мэргэжилтнүүд оролцох ажээ. Сургалтын хамрах сэдвийн хувьд, малчдын болон хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах тухай цогц асуудлыг ярилцах тухай албаныхан мэдээлж байна.
2011 оны хувьд сайн дурын даатгалд 81 642 хүн хамрагдсаны 12 384 малчин байна. Энэ нь 2010 оноос 2 564 хүнээр илүү байгаа юм. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд хамрагсдын тоо нийт иргэдийн 98,2 хувь буюу 2793,2 мянгад хүрчээ. Үүнээс хувиараа хөдөлмөр эрхлэгч 370,4 мянга, малчин 250.1 мянган байгаа юм. Харин малчдын нийгмийн даатгалд хамрагдсан хувь 5,3 байна. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор малчид, албан бус хэвшилд ажиллагчдад чиглэсэн үе шаттай ажил эхлүүлж байгаагийн нэг нь “Малчид албан бус хэвшилд ажиллагсдын нийгмийн даатгалын сургагч багш-төлөөлөгч” бэлтгэх сургалт ажээ.
У.БОЛОР