Жи-Мобайл ХХК-ийн5 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баяраа угтан техник, технологийн дэвшилтэт 3,99G шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээ өчигдөр албан ёсоор зарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Жи-Мобайл ХХК нь CDMA 450(3G) технологид суурилсан үүрэн холбоо, интернетийн үйлчилгээгээ орон даяар хүргэж эхэлсний 5 жилийн ойн босгон дээр сүүлийн үеийн WCDMA DC-HSPA+ технологид суурилсан 3,99G сүлжээг Улааанбаатар хотын ойр орчим байгуулж, Жи-Мобайлын хэрэглэгчид бүх төрлийн 3G (Тухайлбал IPhone, Nokia, Samsung болон бусад) гар утас, төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой болжээ. Үүрэн холбооны технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үедЖи-Мобайл ХХК-ийн нэвтрүүлсэн энэхүү технологийн шийдэл нь өндөр хурдны интернеттэй учраас зарим улс оронд 4G хэмээн нэрлэж албан ёсоор хэрэглэгчдэд үйлчилгээгээ үзүүлээд байгаа юм байна. 3,99G технологийн боломжит дээд хурд нь 42Mbps хүрдэг бөгөөд тухайн хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийн хүчин чадлаас хамааран хурд нь ялгаатай байдаг ажээ.
3.99G үйлчилгээг хэрэглэхийн тулд Жи-Мобайлын бүх төрлийн үйлчилгээний шинэ дугаарыг ашиглаж болохоос гадна одоогийн хэрэглэгчид ашиглаж буй сим картаа аль ч сүлжээнд ажилладаг универсал СИМ картаар солих шаардлагатай юм байна. Энэхүү үйлчилгээг ашигласнаар өндөр хурдны хөдөлгөөнт интернет, орчин үеийн ухаалаг гар утас, төхөөрөмжийн бодит хэрэглээг мэдрэхээс гадна дүрст дуудлага зэрэг бусад нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой болно. Одоогоор Улаанбаатар хотын төв, зуслангууд, Хандгайт, Салхит, Шарга Морьт, Бэлх, Баруун салаа, Орбит, Нисэх, Өлзийт, Шувуун фабрик, Морин толгой, Налайх, Цонжин болдог, Тэрэлж, Гачуурт зэрэг газрыг бүхэлд нь хамраад байгаа бөгөөд цаашид орон нутагт сүлжээгээ оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Хэрэв хэрэглэгч хөдөө орон нутагт явахаар бол 3,99G сүлжээнд ашиглаж буй сим картаа CDMA450 сүлжээний гар утсандаа шилжүүлэн ашиглаж болох давуу талтай.