Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Асгарах борооноор

Хацар эсгэн шаагих бороо чи бодлыг минь хүртэл урсгах юм. Хэдхэн мөчийн өмнө амсч үзээгүй аз жаргалынхаа тухай амраг хайр, гэнэн хонгорын тухай бодож байсан юмсан. Бороо чамайг дуслан шиврэхээс өмнө би юу бодож байсан гээч. Чамд хэлэх үү. Хайрын тухай. Гэхдээ гунигтай юм даа. Гэлээ ч чамд ярьж өгье.

Уйтгар шиг чиний дуслах шиврээн дунд би хайртыгаа гүймэл чарган дээр хэвтүүлээд хаа ч юм мэдэхгүй авралын сүм тийш чирч явна. Тэрний минь хацар дээр нойтогнох дуслууд агшин зуурт манан хүдэн болон сүүмийн дэгдэнэ. Нарны халууныг биедээ тээсэн амраг мөнх бусын харгуй тийш дөтлөнө.

-Очиж очиж ийм шуурганаар өвдөх гэж. Заяа муутай хүний л тавилан даа. Муу хүн цаснаар гэдэг үнэн шүү гэж үглэн чаргаа түрж явна. Гунигтай нь би авралын сүм болсон эмнэлгийн үүдэн дээр ирэхэд хайртын минь хацар дээрх цас аль хэдийн хайлахаа больсон байх юм. Ийм гунигтай зүйл бодох гэж…

Азаргалан орох бороо минь нүгэлт бодол санааг минь ариусгаж ажаам уу.

Намрын уйтгарт төгөлд ижий минь мойл түүж явна. Ижийгээ хайрлаагүй зэмлэл бүхнийг аргаданхан ижий мойл түүх шиг санагдана. Хүүгийнхээ гэнэхэн буруутгал болгоныг аргаданхан ертөнцийн шүтээн минь өдөржин мойл түүнэ. Харин бороо чи зогсолтгүй шаагисаар байх юм. Бороо чиний намрын төрх надад ингэж л буух юм.

Шиврэнхэн шаагих бороо чи харуусалт бодлыг минь цэнгэгшүүлж ажаам уу

Хавар эртийн голын цөнд хаа нэгхэн дуслах чиний шүүдэр үзээгүй сонсоогүй жаргалын амтыг маньд амтлуулна. Уйтгарлах гоморхох хэрэг юун гэвч хорвоогийн мөнх бусыг шүүрдэн бодох бурхан болоочийн хөдөөлүүлэх замын уртад уйтгар басхүү гоморхол бүгтнүүлнэ. Бороо чи өөрөө гоморхол, баяр хөөрийн туйл ажгуу.           

Гэнэхэн энэ усан дуслуудад хөөрхий сэтгэл минь юун садаа болов. Юунд миний уйтгарыг сарниулав. Магадгүй айсуй баярын зөнг надад зөгнөө юм болов уу. Уйтгартаа нэвсийтэл дарагдах намайг хөнгөлөх гэж шиврээ юу. Хурай хурай… 

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж