Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

МАН шинэчлэгдсэнгүй

УИХ болоод НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан Бага хурлаа хийж, эхний өдөр намын даргаа огцруулсан бол хоёр дахь өдөр нь ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчлөх сценарьт шилжив. Хэдийгээр Бага хурал 310 гишүүнтэй боловч, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ гаргаад байсан Удирдах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу хуралдааныг хийж, хөшгөө татсан гэж хэлж болно. Уг нь олон нийт тэр дундаа тус намыг дэмжигчид “МАН энэ удаагийн сонгуулийн ялагдлаасаа сургамж авч, удирдлагуудаа цоо шинээр гаргаж ирж, шинэчлэл эхлүүлэх нь” гэсэн хүлээлтэд шилжээд байсан ч чадсангүй. Нөгөө л хуучин арга барилаараа ажиллав. Гэхдээ Бага хурлаас ажиглагдсан нэг зүйл нь МАН-ын дарга асан С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх нарын хувьд удирдлагын байр сууринаасаа ховхрох сонирхолгүй нь “шинэ” нэртэй удирдлагуудын томилгооноосоо харагдана хэмээн шүүмжлэх хэсэг багагүй байна.

Учир нь МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдээс 90 орчим хувийн дэмжлэг хүлээхэд С.Батболд Ерөнхий сайдын нөлөө их байжээ. С.Баярын баруун гар гэгддэг түүнийг өмнөх даргынхаа зөвлөсний дагуу намын даргын суудлаа Ө.Энхтүвшинд шилжүүлсэн гэх. Харин үүнд нь хуучин генсек У.Хүрэлсүх тун дургүй байж… Тиймдээ ч намын даргыг сонгох санал хураалт болохын өмнө Дорноговь аймгийн МАН-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн асан Р.Рашийг нэр дэвшүүлж нохой зан гаргажээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хувьд энэ намын нүүр царай болж явсан үе бий. 1990-ээд оны үед бол тэр МАХН-ын туг нь болж, улмаар 2000 онд жигүүр байгуулж, “нисгэж” явсан иртэй үе бий ч чухам юунаас болж  мохсон юм нэг л мөлгөр, дуу шуу багатай явах болжээ. Хэдийгээр тэр дуугаа хураасан ч бас ч гэж Р.Раш гишүүнтэй намын даргын суудлын төлөө өрсөлдөж доошоо орохдоо тулаагүй. Үүнийг нь намын нөхөд нь мэдэхийн дээдээр мэднэ, гэвч “өвгөн шувууг” түүнтэй хамт нэр дэвшүүлсэн нь зүгээр л олон нийтийн дунд нэр хүндийг нь доош унагах оролдлогын нэг байсан байх талтайг  намынх нь шивэр авир хийлцэж байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин МАН-ын дарга болох нь Бага хурал болохоос өмнө тодорхой болчихсон байсан. Бүр өрсөлдөгчгүйгээр нэр дэвшин сонгогдох магадлал өндөр байгааг намынх нь нөхөд хэд хоногийн өмнөөс олон нийтэд мессеж нисгээд амжсан. Энэ нь У.Хүрэлсүх гишүүний хор шарыг нэлээд маажсан бололтой.

Нөгөө талаас С.Батболд С.Баяр нарын хувьд Ө.Энхтүвшин даргад өрөө төлөх цаг нь болсон гэх. Шалтгааныг ухвал, иртэй хүчтэй явах цагт нь тэд өмнүүр нь орж, намын даргаар сонгогдож байжээ. УИХ-ын дэд даргад нэр нь дэвшээд буй УИХ-ын гишүүн М.Энхболд ч ачийг нь хариулах ёстой хүний нэг. Бас л Ө.Энхтүвшин даргыг өмнө нь намын даргад нэр нь яригдах үед урдуур нь орж сонгодсон. Тиймээс 90 жилийн түүхтэй энэ намын удирдлагыг Ө.Энхтүвшинд шилжүүлэхэд тэд хамгийн их саналыг цуглуулж чадсан байна. Харин тэд У.Хүрэлсүхийн фракцийнхныг ганцаардуулах шахам буланд шахсаныхаа төлөөсийг ерөнхий нарийн бичгийн даргаар төлсөн гэх. Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах ажиллагаан дээр хуучин генсек хамгийн амжилттай тоглолт хийжээ.

Уг нь намаа шинэчлэе, удахгүй болох орон нутгийн сонгуульд ялалтаа бататгаажуулъя, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлье хэмээн зорьсон бол Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг энэ удаад нэр дэвшүүлэхгүй сугалж авч үлдээн өнжүүлж болох байсан ч амбиц нь хөдлөөд өөрийн хүнээ зүтгүүлсэн байна.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуучин хоёр кадр өөрсдийн хүмүүсээ зүтгүүлсэн хэрэг аж. Д.Цогтбаатар нь Ерөнхий сайд С.Батболдын хүн бол Г.Занданшатар нь У.Хүрэлсүхийг баримтлагч. Тэр парламентад сууж байсан, Гадаад харилцааны сайдаар дөрвөн жил шахам ажиллаж байгаа гээд том алба тушаалд хүрсэн ч ясны дипломатч, Д.Цогтбаатартай жиших аргагүй. Тиймээс намын нөхөд нь ерөнхий нарийн бичгийн даргаар Ш.Сүхбаатар, Д.Цогтбаатар хоёрын аль нэг нь сонгогдвол намд хэрэгтэй юм хэмээн хүсч байжээ. Тиймдээ ч намын даргын зүгээс ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ш.Сүхбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар гурвыг гурвууланг нь нэр дэвшүүлсэн. Санал хураахад  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдээс 44.6 хувь, Байгаль орчин, аялал жуулчлал сайд Д.Цогтбаатар 29.1 хувийн санал авсан бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар 25.5 хувийн санал авсан байв. Тиймээс хоёр дахь шатны санал хураалтад шилжүүлж, хамгийн бага санал авсан Ж.Сүхбаатарыг хасч, хоёр сайдын дунд тулаан өрнөсөн юм. Санал хураалтын дүнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 115 хүний дэмжлэг авсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 98 гишүүний санал авсан байв. Нийт 207 гишүүн санал хураалтад оролцсоноос 55.6 хувь нь Г.Занданшатарыг 44.4 хувь нь Д.Цогтбаатарыг дэмжсэнээр ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал У.Хүрэлсүхийн талд дахин ирлээ. МАН удирдлагадаа шинэчлэл хийж чадсангүй, уг нь ерөнхий нарийн бичгийн даргаараа шинэ хүн гаргаж ирсэн бол шинэчлэл хийгдэх нь гэж олон нийт хүлээх байв. Одоо МАН-аас хүлээх зүйл үгүй боллоо.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж