Зүтгэж ажиллах МАН зугтсаар

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Зүтгэж ажиллах МАН зугтсаар

Цөөнх болсондоо шаралхсан уу, ялагдаж сураагүйн балаг уу, УИХ-д сонгогдсон улс төрийн ууган хүчин МАН-ын 25 гишүүн тангаргаа өргөснөөсөө хойш чуулганы танхимд орж ирэхээ болив. Түрүүчийн долоо хоногт чуулганы хуралдаанд суухаасаа тувт зугтсан, энэ долоо хоног эхлээд ч янзандаа.

Уг нь сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа МАН-ынхан “Зугтаж биш зүтгэж ажиллана аа” л гээд байсан. Тэгээд түүнийгээ цахилгаан шат нь ажилладаггүй байрны дээд давхрын бүсгүйд явган шатаар хөргөгч үүрэн гаргаж өгч байгаа сайхан сэтгэлтэй тусархаг залуугийн дүрээр өдөр бүр телевизээр харуулсан л даа. Харин муу залуу бол хий дагаж амьсгаадаж яваад зугтчихсан. Гэтэл өнөөдөр УИХ дахь МАН-ын гишүүд тэр зугтдаг муу залуугийн дүрд өөрсдөө хувилчихаад байна.

Ер нь МАН ялагдах тоолонд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж төрийн ажлаас зугтдаг нэг муу гэмтэй.  Энэ нь 90 жилийн түүхтэй ууган намд улс төрийн соёл суух байтугай огтхон ч төлөвшөөгүйн шинж юм. УИХ-ын 1996 оны сонгуульд ялагдаад дөрвөн жилийн турш парламентыг барьцаалж бүтэн гурван сараар ч чөдөрлөж байсан. УИХ-ын 2000 оны сонгуульд 72 суудал авсан эл намынхан 2004 оны сонгуулиар  ардчилагчид нэлээд олноороо  парламентад орж ирэхэд шинэ гишүүдийн тангаргийг өргүүлэлгүй нэлээд удаан гацааж дөнгөсөн. Бүр сонгуулийн дүн гарчихсан байхад хуучин гишүүд нь Төрийн ордны А танхимд цугларч хуралдаад Монгол Улс  хоёр УИХ-тай болох шахсан. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа ч энэ байдал давтагдаж,  өмнөх суудлаа цөөрүүлчихсэн байж “Ялчих шиг боллоо” хэмэн олны толгойг эргүүлж наймдугаар сарын эхээр гишүүд тангараг өргөсөн. Ингэж ялагдах тоолондоо зугтдаг муу зан нь энэ удаа ч хөдлөөд байна. Болоогүй бас “Наймдугаар сарын эхээр л тангараг өргөдөг биз дээ. Энэ удаа харин ч ханатай” гээд сууцгааж байх юм. МАН ялсан сонгуулийг л сонгууль гэж үзэх юм гэнэ.

Чуулганы үйл ажиллагааг тасалдуулах гэхдээ бас хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэлийг барьцаалчихсан гэж байгаа. Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох хүртэл хамгийн ахмад настай гишүүн хуралдааныг даргална гэсэн монгол ёс уламжлалаа дагасан хүндэтгэлийн заалтыг эрх ямба гэсэн утгаар “хөрвүүлээд” ойлгочихсон. Ингээд Д.Дэмбэрэл гишүүн маань хуучин УИХ-ын дарга байсан үеийнх шигээ дуртай цагтаа чуулган хуралдуулна гэсэн зарлиг гаргаж, дуртай үедээ УИХ-д суудалтай намуудын дарга нарыг өрөөндөө дуудаж байнгын ажиллагаатай парламентын түүхэнд байгаагүй “алиа” дүр бүтээв. Уг нь Монголын төр Төрийн дархан түшээ Д.Дэмбэрэл гишүүнд улсын их баяр наадмаар гүн хүндэтгэл үзүүлж Чингис хааны одонгоо энгэрийг нь мялаасан. Гэвч Монгол төрийн дархан түшээ гэсэн тэр сайхан хайр хүндлэлийг ахмад гишүүн маань намынхаа амбицаар сольж, нэр төрөө доош унагалаа.

УИХ-ын дарга сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг байгуулах хуулийн заалтыг ч МАН-ын бүлэг үл тоов. УИХ-д хуулийн дагуу АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн хоёр бүлэг албан ёсоор бүрдэж, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар даргалан ажилдаа орлоо. Харин МАН-ын бүлэг гэж хуулийн хугацаанд бүрдсэнгүй. Нөгөө 2004-2008 оны УИХ-ын үед эвсэл тарж, МАХН-ын “бүдүүн бүлэг”-т АН-ын гишүүд хэсэг толгой хоргодоод дараа нь тэндээсээ гарч зөвлөл гээчийг байгуулдаг шиг МАН-ын зөвлөл гэж ажиллах юм болов уу даа. Тэрнээс биш МАН-ын бүлэг гэж лав байхгүй боллоо. Бие даагч гурван гишүүн зөвлөл байгуулсан шиг МАН-ын зөвлөл гэж ажиллах юм биз дээ. Эмэгтэй гишүүд нийлж бүлэг байгуулчихаад байхад хүртэл шүү.

Парламентын бүтцийн байгууллагуудыг бүрдүүлэх ажил эхэлж Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Түүнд МАН-ын гишүүдээс одоогоор орсонгүй. Төр, засгийн ажил өдрөөр бүү хэл минутаар зогсох учиргүй болохоор дараа дараагийн байнгын хороодыг байгуулах ажил үргэлжилнэ. МАН-ыг төрийн ажлаас зугтаж, хадуурч байх зуур бүлгүүд байгуулагдаж байнгын хороод бүрдсээр байна.

Харин МАН-ынхан “Олонхи болсон нам, эвслийнхэн бидэнгүйгээр хууль бусаар анхдугаар чуулганаа үргэлжлүүлж УИХ-ын даргыг сонгосон” хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандаж төрийн ажлыг цаашид ч гацаах, өөрсдөө ч төрийн ажлаас үргэлжлүүлэн зугтах шалтаг, шалтгаан хайж буй. Тэгвэл зарга заальхай үүсгэж УИХ-ын ажлыг үргэлжлүүлэн гацааж сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлж буй МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийг хуралдааны дэг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байдаг. Хуулийн 10 дугаар зүйлд гишүүд хуралдааны дэг зөрчсөн бол сануулах, сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд, эсвэл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах журам байдаг.

Хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад учруулж байгаа гишүүний хуралдааны санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасах, тэр хугацааг хуралдаан даргалагч тогтоож мэдэгдэх хуулийн заалт бий. Үүн дээр УИХ-ын үйл ажиллагааг санаатай тасалдуулаад ирэхээр бүр төрийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэж ч болохоор араншинг МАН-ын гишүүд харуулж байна.

Зугтана зугтана гэхэд эрх биш цаг нар байх байлгүй. Хэзээ нэг цагт УИХ-ын танхимын зүүн хоймор эзэнтэй болох нь мэдээж. Ууган намыг итгэж сонгосон сонгогчдынхоо урмыг нэг их хугалалгүй чуулганы танхимдаа орон зайгаа эзэлнэ гэж МАН-ын гишүүдэд итгэх үлдлээ. “Зугтаад зугтаад Халхын хавтгайгаас хаа холдох вэ” гэдгээр холдоод холдоод Тусгаар тогтнолын ордноос цаашлах биш. Зүтгэе гэж амласан ажилдаа зүтгэхийг нь сонгогч, гишүүд нь хүлээж байгаа. “Эрх барьж чадахгүй нь ээ” гэсэн дүнг сонгогчид тавихдаа МАН-ын 25 гишүүнд төрдөө зүтгээрэй гэснээс сайн зугтаарай гэж саналаа өгөөгүй л байх.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж