“Говь”-ийн замыг хэзээ засах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“Говь”-ийн замыг хэзээ засах вэ?

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших, иргэдийн нэрлэж заншсанаар “Говь” ХК-ийн өмнөх авто замын эвдрэл хэрээс хэтээрч, замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нарын бухимдлыг төрүүлэх болсон. 19 дүгээр хорооллын урд зам буюу Дунд гол дагуух замаас эхлэн “Говь” ХК-ийн урд зам хүртэл энхэл донхол болж, эвдрэл ихтэй болсон тус замаар хүнд даацын ачааны машин ихээр зорчдог нь замын байдлыг бүр ч дордуулдаг бололтой. Автомашин зорчиход хүндрэлтэй тэр хэсгийн замыг түр ч болов аргацаах байдлаар наадмын өмнө шар шороо асгаж, нүхийг бөглөжээ. Замын “нөхөөс” болгож шороогоор дүүргэсэн нь сайшаалтай ч автомашин явж өнгөрмөгц шороо манарах нь бас нэг асуудал. “Говь” ХК-ийн урдах автозамын засварын талаар Нийслэлийн Авто замын газраас тодруулахад “Ажилчны гудамж буюу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын арын дөрвөн км замыг засахаар хоёр жилийн өмнөөс тендер зарлаж байсан. Гэвч тендерийн шаардлагад нийцэх компани орж ирээгүй тул зам засварын ажил гацаад байна. Одоо Тендерийн үнэлгээний хороо хуралдаад дахин тендер зарлах тухай хэлэлцэнэ. Түүний дараагаар дээрх чиглэлд зам засвар эхэлнэ” гэх хариу өглөө.

Тендерийг хэзээ зарлаж, ялагчаа хэзээ тодруулж, замыг хэзээ засч дуусах вэ?

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж