“Жи-Мобайл” корпораци 3.99G нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“Жи-Мобайл” корпораци 3.99G нэвтрүүллээ

“Жи Мобайл” ХХК WCDMA DC-HSPA+ технологид суурилсан 3.99G сүлжээг нийслэлд нэвтрүүлэхээр болжээ.  Уг сүлжээгээр бүх төрлийн 3G “IPhone”, “Nokia”, “Samsung”  болон бусад гар утас, төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой юм байна.  Ийнхүү үүрэн телефоны үндэсний оператор “Жи Мобайл” ХХК CDMA 450(3G) технологид суурилсан үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээгээ орон даяар хүргэж эхэлсний таван жилийн ойн босгон дээрээ уг өндөр хурдны интернэтийн шийдлийг оруулж ирсэн нь ихэд бэлгэшээлтэй болох тухай онцоллоо.

3.99G технологийн боломжит дээд хурд нь 42 Mbps хүрдэг бөгөөд тухайн хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийн чадлаас хамаарч хурд нь ялгаатай байдаг ажээ. Тухайлбал, 3G сүлжээгээр интернэтэд холбогдсон үед 100 Mbps видеог таван минут татдаг. Тэгвэл шинэ 3.99 G-ээр 15 секундын дотор татах гэнэ. Зарим улс оронд WCDMA DC-HSPA+ технологийн шийдлийг өндөр хурдын интернэтийн хүчин чадалтай учраас 4G гэдэг ажээ.

Энэхүү үйлчилгээг хэрэглэхийн тулд “Жи Мобайл”-ын бүх төрлийн үйлчилгээний шинэ дугаарыг авахаас гадна одоогийн хэрэглэгч  ашиглаж буй сим картаа аль ч сүлжээнд ашиглаж болохуйц “универсаль” сим картаар сольж ашиглах юм байна. Ингэснээр өндөр хурдны хөдөлгөөнт интернэт, орчин үеийн ухаалаг гар утас, төхөөрөмжийн бодит хэрэглээг мэдрэхээс гадна дүрст дуудлага зэрэг бусад нэмэлт үйлчилгээг авах боломжтой гэнэ. Одоогоор уг шинэ сүлжээг хотын төв, Налайх, Тэрэлж, Гачуурт зэрэг бүх зуслан, алслагдмал дүүргүүдэд нэвтрүүлсэн бөгөөд цаашдаа хөдөө орон нутгийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 “Жи-Мобайл” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хөдөө орон нутгийг холбоожуулах бодлогын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан “Алслагдмал сум суурин газрыг холбоожуулах” тендерт ялснаар 2006 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон 21 аймаг, 280 гаруй сум, суурин газарт харилцаа холбооны үйлчилгээг хүргэж байгаа юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж