Монголын бетоны салбар хөгжлийн шинэ шатанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Монголын бетоны салбар хөгжлийн шинэ шатанд гарчээ

Эх сурвалж: THE CONCRETE PRODUCER News

Нийтлэгдсэн огноо:  7 сарын  17, 2012

By Luke M. Snell, P.E.

2002 онд би Монголд анхны Бетоны Бага Хурлыг эхлүүлэх, Америкийн Бетоны Институтын гишүүн болоход нь туслах зорилгоор Монголд уригдсан юм. Монголын тухай төдий л мэддэггүй байсан учраас юун түрүүнд газрын зурагнаас байршлыг  нь орж харах санаа төрж билээ. Монгол улс нь Хятад болон Оросын Сибирийн бүс нутаг хоёрын дунд байрладаг, далайд гарцгүй, говь хэмээх маш том элсэн цөлтэй орон гэдгийг л олж мэдлээ.

Бага сага мэдээлэл цуглуулсныхаа эцэст хөгжиж буй орны бетоны технологийн ялгааг үзэх бяцхан аялал хийхээр шийдсэн юм. Би эхнэр Биллейгийнхаа хамт Монгол улсад очиж, барилгын ажил нь зогссон хэд хэдэн талбайг л харсан бөгөөд тэнд бетон зуурмагийн үйлдвэр, бетон зуурмагийн миксер машин ч байхгүй байлаа.

Хүлээн авсан хүмүүс маань бидэнд зам талбайн хучилтын хавтан, зүрхэвч хавтан болон жижиг бетон хийц хийдэг угсармал бетоны үйлдвэрийг танилцуулав. Мөн хэд хэдэн барилгын талбайд очиж, бетон зуурмагын үйл явцыг сонирхсон юм. Тэд үндсэн зуурмагтаа ямар ч нэмэлт бодис хэрэглэдэггүй,  мөн тэсгэм хүйтэнд бетон хөлдөхөөс сэргийлдэг агаар оруулагчгүйгээр зуурмагаа бэлтгэж байлаа.

Аялал маань амжилтгүй болох нь гэсэн бодол өөрийн эрхгүй төрж эхлэв. Монголын Бетоны бага хурал, АСI-ийн гишүүнээр элсэх энэ бүх үйл ажил хэтэрхий эртэдсэн, үндсэн гишүүн болоход бетон үйлдвэрлэлийн хөгжил нь сул, алс хол харагдаж байлаа.

Гэвч би маш өнгөцхөн, буруу дүгнэлт хийснээ тун удалгүй мэдэрч билээ. Инженер, ажилтан албан хаагчдын мэдлэг, ажиллаж байгаа байдал нь орчин үеийн бетоны хөгжилтэй эн зэрэгцэхүйц, шинэ дэвшил бүрийг Монголдоо нэвтрүүлэх чин хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаа нь тэднээс илт мэдрэгдэж байв. Монголын Бетоны Анхдугаар бага хуралд 100 гаруй хүн оролцсон юм. Хэлний бэрхшээл байсан ч асуултууд нь ярвигтай, дэлгэрэнгүй байсан юм. Тэд үйлдвэрээ хэрхэн хөгжүүлэх, салбартаа хэрхэн мэргэших, илүү их суралцахыг хүсч байлаа.

ACI-ийн Монголын хэсгийн хурал 15 гишүүдтэй болсон юм. Хурлын анхны шийдвэр нь Монголын Бетоны Бага хурлыг жил бүр зохион байгуулах тухай байлаа. Эндээс тэдний бетоны салбарын хөгжилд үнэхээр тэмүүлж байгаа нь харагдсан бөгөөд гайхах сэтгэл төрж билээ.

Энэ үеэс хойш хэдэн жил Монголд очиж, төслөө үргэлжлүүлсэн юм. Монголд эдийн засгийн бодлого, засгийн газрын өөрчлөлтүүдээс үүссэн хямрал үргэлжилсээр байлаа. Зэсийн үнэ унаж, улс орны эдийн засаг уналтын байдалтай байв. Зам засагдаж дуусахгүй, барилгын ажлууд зогсонги хэвээрээ, инженерүүдэд ажил олдоход маш хэцүү, бетоны үйлдвэрлэл хөдөлгөөнгүй царцсан тийм үе байлаа. 2002 он.

2012 оны хавар Далласт болсон  АСI-ийн хурал дээр Монгол дахь бетоны үйлдвэрийн менежер ирж уулзаад, Монголд очиж, бетоны үйлдвэрийн ажилтнуудад сургалт явуулж өгөхийг хүссэн юм.

Монголын эдийн засаг одоо өсөлт, хөгжлийн үедээ явж байна. Зэсийн үнэ өсч, говьд нь шинэ зэсийн орд нээгдэн, Улаанбаатарт барилгын салбар хүчтэй хөгжиж байна. Тэрээр бетоны үйлдвэрээ суурилуулж дуусаад удаагүй байгаа, өөрийн гэсэн карьертай болж, дайрга, элсээ угаан хэрэглэдэг,  15 миксер машинтай, бетондоо нэмэлт бодис ашигладаг үйлдвэр бүхий “Премиум Конкрит” компанийг төлөөлөн иржээ.

“Премиум Конкрит” компани нь бетоны чанар, үйлчилгээгээрээ Монголдоо тэргүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэд надаас “Премиум” зэрэглэлийн бетон зуурмаг үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд нь туслахыг хүссэн юм. Тус компанийн хамт олон Үндэсний Бетон Зуурмагийн Сертификат авах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэлд явуулдаг шинжилгээгээр тэдний дараагийн хийх ёстой ажил нь чанарын хяналт байлаа.

Монгод очиж тэдэнтэй долоо хоног ажилласны дараа  жил бүр зохион байгуулагддаг Бетоны бага хуралд оролцож, хэд хэдэн үйлдвэртэй танилцсанаар Монголын бетоны үйлдвэрлэлийн талаарх үзэл бодол минь өөрчлөгдөж, ирээдүйг нь өөдрөгөөр төсөөлж байна. Тэд хурдацтай хөгжиж, чанартай бетон үйлдвэрлэхийн төлөө хамтран ажиллаж байна.

Монголд Бетоны Боловсролыг дээшлүүлэхээр Өмнөд Дакотагийн Технологи, Уурхайн сургуулийн профессор М Р Хансен, Дик Стэхли /Америкийн Инженерийн судалгаа, АСI-ийн ерөнхийлөгч/, Франк Козелиски /Галлоп Санд анд Гравел-ийн албан ерөнхийлөгч, зөвлөх/, Роберт Риплэе /Просек компанийн маркетингийн менежер/, Жон Кларк /Каунтри Материалс компанийн бүтээгдэхүүний менежер/ зэрэг хүмүүс ажиллаж байгаа билээ.

Бидний зүгээс Монголын Бетон Үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байгаа дээр нэр дурдсан мэргэжилтнүүд болон Зиркон, Кестрел, Флуке, Просек, Америкийн Бетоны Институтийн бүлгүүд,  ACI-ийн Умард Америк болон Ханлие воод-ийнханд Монголын Бетон Үйлдвэрлэлийг дэмжин тоног төхөөрөмж, сургалтын материал болон санхүүгийн туслалцаа үзүүлсэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Luke Snell is Senior Materials Engineer at Western Technologies in Phoenix and is chairman of the ACI 120 History of Concrete committee. E-mailluke.snell@yahoo.com.


       
        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж