Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр итгэмжлэх захидлаа барив

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр итгэмжлэх захидлаа барив

Монгол Улсаас Тайландын Вант Улсад
суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын
Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суух Байнгын
төлөөлөгч Ч.Баттөмөр өнгөрөгч даваа гаригт тус Комиссын Гүйцэтгэх нарийн
бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзерт итгэмжлэх захидлаа барив.

Хатагтай Н.Хэйзер нэр хүндтэй албанд томилогдсонд Байнгын төлөөлөгчид 
баяр хүргэж, Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд идэвхитэй
оролцож ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаа улам үр бүтээлтэй
өргөжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. АНДЭЗНК-оос Монгол Улсад
үзүүлж ирсэн бодитой дэмжлэг туслалцааг манай Засгийн газар өндрөөр
үнэлдэгийг Байнгын төлөөлөгч цохон тэмдэглэж, хатагтай Н.Хэйзерийн 2011
онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр талын харилцааг өргөтгөн
хөгжүүлэхэд чухал алхам болсоныг тэмдэглэхийн хамт залуу удирдах
ажилтныг дадлагажуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Далайд гарцгүй орнуудын
судалгааны төвийг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа авах, Комиссын Нарийн
бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа
илэрхийлэв.

Мөн түүнчлэн хоёр тал цаашид тодорхой асуудлаар тухайлбал, өнгөрсөн 6
дугаар сард Бразил Улсын нийслэл Рио де Жанейро хотноо хуралдсан
Тогтвортой хөгжлийн асуудлаархи НҮБ-ын бага хурлын дүнг хэрэгжүүлэх,
хүрээлэн буй орчин, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүчний сүлжээ /energy
connectivity/, бүс нутгийн интеграц, далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг
дэмжих зэрэг асуудлаар хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх шаардлага
байгаа талаар санал солилцов гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж