-Нийслэлийн иргэдэд ямар байршилд газар өмчлүүлж байна вэ?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхдээ Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас жил бүр өмчлүүлэх газрын байршил хэмжээг зааж, НИТХ-аар энэ асуудлыг баталдаг юм. Нийслэлийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд шинээр өмчлүүлэх таван байршлыг зааж өгсөн.
-Тодруулбал?
-Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Дэлгэрбулагийн аманд 100 га, Хан-Уул дүүргийн Биокомбинатад 80 га, Налайх дүүрэгт 300 га, Багахангай дүүрэгт 160 га газрыг өмчлүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан.
-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж юу вэ. Дээрх байршилд газар өмчлөх эрх нээлттэй байгаа гэсэн үг үү?
-Иргэн суурьшаагүй газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөө батлагдсаны дараа иргэдээс газар өмчлөх хүсэлтийг хүлээн авдаг юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж тухайн иргэн суурьших гэж байгаа газарт нь зам талбай, дулаан цахилгаан, ус хангамж, цэцэрлэг, сургуулийг хаана барих вэ гэдгийг боловсруулсан баримт бичиг юм. Өнөөдрийн байдлаар Баганхангай, Налайх дүүргүүдэд газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч байгаа. Харин Сонгинохайрхан дүүргийн Дэлгэрбулагийн аманд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах шатандаа явж байна. Удахгүй батлагдсанаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхлэх байх. Мөн Хан-Уул дүүрэгт хүсэлт хүлээн авч байгаа юм.
-Иргэд газар өмчлөхөд ямар бичиг, баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Нийслэлийн болоод орон нутгийн иргэн газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа газар өмчлөх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу гаргана. Иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулна. Мөн хүсэлт гаргаж буй газрынхаа кадастрын байршлын зургийг хавсаргаж өгнө. Мөн өөрийн оршин сууж байгаа хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.
-Өөрийн эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлт гаргасан тохиолдолд бүрдүүлэх баримт бичиг адилхан уу?
-Мөн дээрх баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнээс гадна тэр хүн тухайн өмчлөхийг хүсч буй газраа эзэмшдэг бол эзэмших эрхийн гэрчилгээг давхар өгөх юм.
-Газар эзэмшинэ, өмчилнө гэдэг хоёр ойлголтын ялгаа нь юундаа байна?
-Газар өмчилнө, эзэмшинэ гэдэг хоёр зүйл нь хоёр өөр хуулиар зохицуулагддаг. Газар өмчилнө гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлж байгаа юм. Өмчлүүлэх асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Иргэний хууль зэрэг хуулиар зохицуулна. Харин газар эзэмших, ашиглах үед тухайн газар нь төрийн өмч хэвээр байна гэсэн үг.
-Кадастрын зургийг хаана хийлгэх вэ?
-Иргэд “Би кадастрын зургаа хийлгүүлсэн. Тиймээс энэ бол миний өмчийн газар” гэж яриад байдаг. Энэ бол ташаа ойлголт юм. Кадасрын зургийг хийлгэхдээ тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудад хандан хийлгэж, газрын албадад хүргүүлдэг.
-Дүүрэг бүрт кадастрын зураг хийдэг байгууллага бий юу?
-Өнөөдрийн байдлаар кадастрын зураг хийдэг мэргэжлийн байгууллага нийслэлд 100 орчим байна. Аль байгууллагаар хийлгэхээ иргэн өөрөө сонгоно. Манай газрын албадаас тэр байгууллагад очиж, кадастрын зургаа хийлгэх эсэ тухай зааварлахыг хориглодог.
-Иргэд газар өмчлөх тухай бичиг баримтаа бүрдүүлээд эхний ээлжинд хаана хандах вэ?
-Дээрх бичиг баримтыг бүрдүүлээд дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаснаар тухайн иргэний газар өмчлөх хүсэлтийг тооцно. Мэдээж баримт бичиг бүрэн байсан тохиолдолд шүү дээ. Улмаар сум дүүрэг нь тэр өмчлөхийг хүссэн газрыг судалж үзээд төлөвлөгөөнд тусгагдсан боломжтой газар гэж үзвэл аймаг нийслэлийн Засаг даргад өргөн барьж, шийдвэр гаргана. Ингээд иргэн хүсэлт гаргасан дүүргээсээ аймаг нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийн хариуг хүлээж авна.
-Газар өмчлөх хүсэлт гаргаснаас хойш хариу нь хэд хоногийн дараа гарах вэ?
-Хуульд зааснаар иргэн газар өмчлөх тухай хүсэлт гаргаснаас хойш 90 хоногийн дотор хариу ирүүлэхээр заасан. Нийслэлийн газрын албаны тухайлбал, аймаг, сумаас хүсэлт хүлээн авна гэх асуудал байхгүй учраас аль болох нэг сарын дотор асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж ажиллаж байгаа. Ямар ч байсан нийслэлд газар өмчлөх хүсэлтийн хариуг 30-40 хоногт гаргахаар ажиллаж байна. Харин аймаг, сумын хүсэлтийг өргөн барихын тулд тодорхой хэмжээний хугацаа шаардагддаг учраас нийслэлийнхээс арай уддаг тал бий.
-Иргэдийн хувьд тодорхой заасан байршилд багтаагүй эзэнгүй, хоосон газрыг өмчлөх хүсэлтэй байдаг. Энэ тохиолдолд?
-Тухайн газрыг өмчилж болох эсэхийг мэргэжлийн байгууллагууд хэд хэдэн чиглэлээр шалгадаг. Тодруулбал, урьд өмнө нь хэн нэгэн тухайн газрыг өмчилнө хэмээн өргөдөл гаргасан эсэх, хээрийн судалгаа буюу газар дээр нь очиж үзнэ гэсэн үг. Өндөр хүчдэлийн ойролцоо, үер усны аюултай газар, замын хамгаалалтын бүс зэрэгт буусан бол тухайн газрыг өмчлөх боломжгүй юм. Мөн тухайн газрын эзэмшүүлж өмчлүүлэх тухай нийслэлийн болон дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгана. Сануулахад иргэд, тухайн байршлаа тодорхой харуулсан байршлын зургийг хүсэлтдээ хавсаргасан байх ёстой.
-Одоогоор нийт хэдэн хүн газар өмчлөөд байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын дүн мэдээгээр нийслэлийн 1.2 сая иргэнээс 92 мянга гаруй иргэн газраа өмчилж авсан байдаг. Нийслэлээс бусад аймаг, сумдад 13 мянган хүн газар өмчилж авсан байдаг юм.
-Нийслэлд өмчлөх газрын нөөц дуусч байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Нийслэлд өмчлүүлэх боломжтой гэсэн бүх газрыг буюу 100 хувийг өнгөрсөн 2011 оны эцсийн байдлаар өмчлүүлсэн. Энэ нь газрын нөөц хомс байна гэсэн үг. Энэ байдлыг харгалзан үзээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нийслэлийн иргэнийг бусад аймаг, сумдын нутагт газар өмчлөх эрхийг нь нээж өгсөн.
-Зуслангийн зориулалттай газрыг өмчлөх ажил юу болж байгаа вэ?
-Энэ талаар судалгаа хийсэн. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Хэрэв энэ асуудал хэрэгжвэл 30-аад мянган хүн газар өмчлөх эрх нь нээгдэх юм.