Израилийн Гадаад хэргийн дэд сайд айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Израилийн Гадаад хэргийн дэд сайд айлчлав

Израиль Улсын Гадаад хэргийн дэд сайд Даниел Аялон тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол-Израилийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар Израилийн Гадаад хэргийн дэд сайдыг тус тус хүлээн авч уулзаж, хоёр талын хооронд тогтсон улс төрийн найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ явуулав.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Израиль Улсын хооронд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Израилийн Гадаад хэргийн дэд сайд Д.Аялон нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь Монгол, Израилийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр талын бүх шатны сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан нар харилцан зочилж, туршлага солилцох үндэс суурийг тавьж өгч байгаа юм.   

Түүнчлэн Израилийн Гадаад хэргийн дэд сайд Д.Аялон Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцтай уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Израилийн Гадаад хэргийн дэд сайд Д.Аялон нь Израилийн “Кнессет” буюу Парламентын гишүүн бөгөөд Израиль Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч, дипломатч юм гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж