Сурагчдын дүрэмт хувцасны үнэ 12 мянгаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Сурагчдын дүрэмт хувцасны үнэ 12 мянгаас эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Наадмын дараа намар, тэгээд л “Хичээл орно” гэх сурагч олон буй биз. Тэд сургууль, анги танхим, багш, найз нөхдөө зуны гурван сард их үгүйлсэн нь тодорхой. Есдүгээр сарын 1-нд заавал шинэ хувцастай явдаг бичигдээгүй хуультай. Хуучирч муудсан дүрэмт хувцас өмсөхгүй гээд уруулаа унжуулж, эцэг эхийгээ зовоох нь олон. Уг нь хуучин хувцасаа цэвэрхэн индүүдээд өмсвөл муухай харагдахгүй л байх. Олон жилийн туршлагатай “Батзүү” ХХК сурагчдын дүрэмт хувцас оёдог. Жил бүрийн намар эцэг эхчүүдэд тулгардаг асуудал яахын аргагүй дүрэмт хувцас. Тиймээс тэд үнэ дагасан чанартай материалтай хувцас сонгохыг чухалчилдаг болжээ. Иймээс удахгүй сурагчдад очих дүрэмт хувцасны талаар сурвалжилсан юм.

“Батзүү” ХХК-ийн үүдээр ороход хүүхдийн дүрэмт хувцасны загварууд өлгөөтэй байв. Сонирхож хараад материалыг нь барьж үзэхэд үнэхээр зөөлөн санагдлаа. Эргэн тойрон нам гүм байсан ч хувцас өмсгөсөн моделиуд өрөөг дүүргэсэн байв. Хүүхдүүдийн хувцас урладаг болоод ч тэр үү цаанаа л нэг сайхан уур амьсгалтай газар юм. Тус компани 1996 онд байгуулагдаж зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин 1999 оноос бүх төрлийн дүрэмт хувцас, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж эхэлсэн юм. Тус компани хувцасаа дэлхий нийтийн хөгжилтэй уялдуулж, өвөрмөц дизайн шийдэлтэй, эрүүл ахуйн стандартыг хангасан болон хүний бие бялдар насны онцлогт тохируулан оёдог аж. Олон жил ажилласан туршлагатай учир хүүхдүүдийн онцлогт тохирсон стандартыг тогтоожээ. Тухайлбал Ховд аймгийн хүүхдүүдийн гар нь урт, Өмнөговийнхон намхан нуруутай, Архангайнхан өсгөлүүн зэргээр биеийн онцлог харилцан адилгүй юм. Тиймээс тэр бүрт таарсан хувцасыг хийх гэж их хөдөлмөр, ур ухаан гаргадаг байна. Хичээлийн жил эхлэхээс өмнө сургуулиудын удирлага сурагчдын дүрэмт хувцасны захиалгаа өөрсдийн өнгө төрхөд тааруулан захиалах ёстой. Хавар сургууль тарахаар сурагчид ямар хувцас өмсөхөө тохироод урьдчилгаа мөнгөө хураах хэрэгтэй аж. Гэтэл намар болохоор сургуулиуд хэдэн зуугаар нь хувцас авах болдог. Ингэж аль аль талдаа хүндрэл учруулах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Энэ онд тус компани 10 мянга гаруй хүүхдийн дүрэмт хувцасны захиалга авчээ. Үүнд хөдөө орон нутаг дахь сургуулиуд ч багтсан юм. Нийслэлийнхний болон орон нутгийнхний захиалсан хувцсанд үнийн зөрүү байдаггүй аж. Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай аймгийн сурагчид мөн л эл компанийн бүтээгдэхүүнээр ижилсдэг.

Дүрэмт хувцас бага, дунд, ахлах гэсэн гурван төрлөөр худалдаалагддаг аж. Бага ангийн сурагчдын дүрэмт хувцас 23-25 мянга, дунд анги 23-30 мянга, ахлах ангийнх 35-45 мянган төгрөгийн үнэтэй байв. Ханцуйтай ханцуйгүйгээс хамааран үнийн бага зэргийн зөрүү гардаг ажээ.

Мөн энэ жил хуучны фартук дүрэмт хувцас иржээ. 12 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд захиалга их байгаа аж. Загвар бүр өөр. Нэг хантааз, зангиа, юбка, цамц нийлээд охидын нэг хос. Харин хөвгүүдийнх өмд, пиджак, цамц, зангиа аж. Шинээр ирсэн хуучны орос форм шиг загвартай хувцас хоёр  фартуктай юм. Хүүхдийн хувцасны өнгө материалыг мэргэжлийн хүн өөрөөр харж чаддаг. Хурц тод өнгө нь багш, сурагчдын эрүүл мэндэд муу ажээ. Ийм өнгө тэднийг амархан ядраадаг гэнэ. Тиймээс тус компани цэнхэр, саарал болон хар өнгийг голчилсон байв.

“Батзүү” компани хувцасны материалаа Бээжингээс оруулж ирдэг. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан нэгдүгээр зэргийн материалыг захиалдаг. Мөн мэргэжлийн хяналтаар орсон учраас баталгаатай гэдгийг хэлж байлаа. Сүүлийн үед бага насны хүүхэд даавуун материалаас харшил авах нь ихэссэн. Нелонон материал хүний биеийг загатнуулж, таагүй мэдрэмж төрүүлдэг. Гэтэл бас хувцасны материал бага зэргийн нелонон материалыг агуулсан байх нь бөөстөхөөс сэргийлдэг аж. Нэг хэсэг хэвлэлээр тус компанийн сурагчдын дүрэмт хувцасыг чанаргүй, хурдан элэгддэг гэх зэрэг таагүй мэдээлэл гарч байсан. Гэвч өдгөөг хүртэл тус компанийн хэрэглэгчид өмсч буй нь энэ яриаг үгүйсгэлээ. Юм юмтай “Нарантуул” худалдааны төвд дууриалгаж хийсэн, шуудхан хэлэхэд хулхины бараа цөөнгүй бий. Энэ л жишгээр “Батзүү” компанийн үйлдвэрлэдэг дүрэмт хувцсыг дууриалган хятадын хамгийн муу даавуугаар оёж, олонд хямд үнээр борлуулж буй тухай тус компаны ажилтан Ш.Миеэгомбо хэллээ. Нэг дүрэмт хувцасыг хоёроос гурван жил өмсдөг аж. Гамтай эдэлвэл таван жил ч өмсөх боломжтой. Тэгэхээр хоёр гурван удаа зайлшгүй худалдан авах хэрэг гарах нь. Манайхан өмсч зүүсэн, эдлэл хэрэглэлээрээ гангарч гайхуулах дуртай улс. Чинээлэг нэг нь ноолуур өмсөөд явж байхад боломжгүй нэгэн нь өнгөө алдсан, ноорхой цоорхой хувцастай явдаг. Тиймээс анги түвшний ялгааг арилгаж түмний хүүхэд бүр адилхан харагдах учиртай гэх үүднээс анх сурагчдын дүрэмт хувцасыг санаачилсан ажээ.

О.МӨРӨН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж