жилүүдэд манай улс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж, багагүй
хөрөнгө мөнгө зарах болсон. Үүний нэг жишээ малчид, тариаланчдад бага
оврын трактор нийлүүлэх ажил. Малчдад 3000, тариалан эрхлэгчдэд 5000
ширхэг тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй олгох тушаалыг салбарын сайд нь
гаргаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан гүйцэтгэж буй. Гэтэл энэ
ажил багагүй хэл ам дагуулж, трактороо авах гэсэн малчид ХХААХҮ-ийн
яамны үүдийг олон хоногоор сахих болсон талаар шуугиад явчихав. Яагаад
ингэх болсон талаар сурвалжлахаар ХХААХҮЯ-ыг зорилоо. Үүдэнд нь нэлээд
хэдэн хүн дугаарлан зогсчээ. Учрыг асуувал трактор авах гэрээ хийхээр
зогсч байна гэлээ. Тэдний яриагаар бол нэг хэсэг нь бэлэн мөнгөөр, нөгөө
хэсэг нь урьдчилан мах тушаасан гэнэ. Уг нь яамнаас “зургаадугаар сарын
1 гэхэд трактор та бүхний гар дээр очсон байна” гэж байсан ч товлосон
цаг нь өнгөрч одоо л нэг ажил болж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр нийслэлд
мах хомсдож байх үе буюу өнгөрсөн гуравдугаар сард килограммыг нь 5000
төгрөгөөр бодож нэг айлаас 500 кг мах авч, оронд нь бага оврын трактор
өгнө гэж. Хаврын тарчиг цагаар малаасаа аль л тарга, хүчээ алдаагүй,
том, шилдэг гэснээ нядалж махаа тушаажээ. Гэтэл өнөөх тракторын сураг
тасарчээ. Ингээд хадлан авах цаг болсныг гэнэт мэдсэн мэт трактороо
тарааж байгаа сургаар хотод ирсэн малчин, тариаланчид бөөн тээг саадтай
тулгарчээ. Учир нь махаа тушаачихвал үлдсэн 2.5 сая төгрөгийг төрөөс
даана гэж байсан ч малчдад үлдсэн 2.5 сая төгрөгийг таван жилийн
хугацаанд төлж барагдуул гэсэн шаардлагыг тавьсан гэнэ. Мах хомсдож
сандрахдаа малчдын махаар хормойгоо нөхсөн атал трактороо өгөх болоход
малчдыг ядрааж байгаад бухимдах хүн олон байсан юм.
Яамны хаалгыг тав хоног сахиад буй Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн 64 настай Л.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Та сая яамнаас гарч ирж харагдсан. Трактороо авахаар болов уу?
-Эгч
нь Баярмаа гэдэг хүнтэй уулзлаа. Тэгсэн чинь надаас 247 мянган төгрөг
нэхээд байх юм. Мах тушаасан баримт нь байхад махаа дутуу тушаасан.
Зөрүү мөнгөө төлж байж трактороо ав гээд байх юм.
-Махаа дутуу тушаасан юм уу?
-Үгүй ээ. Би гурван сайхан шараа нядалж 500 кг махыг нь гүйцэд тушаасан. Надад баримт нь ч байгаа.
-Махаа гүйцэд тушаасан байж яагаад зөрүү мөнгө төлж байгаагаа асуув уу?
-Энд
мэдэх хүн байхгүй гэх юм. Нутагтаа очиж учраа ол гэсэн юм яриад байх
юм. Хавар хүзүү, өвчүү, сээрийг нь буцаагаад явуулсныг сумын
захиргааныхан 2000 төгрөгөөр зарсан гэнэ. Тэгээд л сумынхаа захиргаатай
учраа олцгоо гэсэн хариулт л өгч байна. Надад хохиролтой байна. Малчдын
аль л чанартай малын махыг авчихаад хаа гуяыг нь шилж, ястай хэсгийг нь
2000 төгрөгөөр зарна гэдэг малчдыг хохироосон ажил боллоо. Өнөөдөр 2000
төгрөгийн үнэтэй мах гэж хаана ч байхгүй шүү дээ. Малчдыг нэг ёсондоо
дээрэмдэж байна шүү дээ.
-Та зөрүү 247 мянган төгрөгөө төлөв үү. Буцааж олж авах боломж байгаа болов уу?
–
Зөрүү мөнгийг нь төлөөд авлаа гэхэд дараа нь энэ мөнгөө олж авч чадах
юм уу мэдэхгүй. Хар ухаанаар бодоод үзэхээр би илүү мөнгө өгөөд байх
шиг байна. Нэгэнт махаа өгчихсөн юм чинь зөрүүгий нь төлөөд трактортой
хоцрохоос яахав.
-Үлдсэн 2.5 саяыг нь яахаар болов?
-Зөрүү
мөнгөө төлөөд цаана нь 2.5 сая төгрөгийг нь таван жилийн хугацаатай
төлөхөөр гэрээ хийж авч байна. Ингээд бодохоор бид дахиад нэг тракторын
мөнгө төлж байна шүү дээ. Ард түмнийг хүчээр шахаанд оруулж байна гэж
эгч нь хэлнэ дээ. Махныхаа мөнгийг олж авч чадахгүйгээс хойш тэр
тракторыг аваад дээрээс нь өрөнд ороод л буцах юм шиг байна даа эгч нь.
Бид
ийн хөөрөлдсөн юм. ХХААХҮЯ-ны гадна талд хөлөө чилтэл дугаарлах
хүмүүсийн зарим нь шатан дээр хөлөө жийгээд тухалсан харагдсан. Олон
цагаар байшингийн үүд сахина гэдэг хөдөө талдаа дураараа аж төрдөг
малчдад их л хэцүү байгаа нь бололтой байлаа. Тэд гэрээ хийсний дараа
гурвалжингийн гүүрний хойно байрлах “Эрин интернейшнл” компанийн гадаа
дугаарлан байж тракторынхаа барааг харна гэнэ. Хэнтий аймгийн Батноров
сумын малчин Г.Бадамсүрэн “Засгийн газрын хөнгөлттэй үнээр трактор
олгоно гэхээр нь гуравдугаар сарын 19-нд махаа тушаасан. Махыг маань тэр
үед нь их л голж шилж авсан. Бидэнд бөөн зардал чирэгдэл учруулж, цаг
завыг маань барсан хэцүү ажил байна. Хотод ирээд тав хонолоо. Заримдаа
заасан газрыг нь олохгүй, хүн, амьтнаас асууж сурахаар хэлж өгөхгүй
хэцүү юм. Манай сумаас дөрвөн айл үүнд хамрагдсан. Энэ газар нь махны
чинь мөнгө шилжиж орж ирээгүй байна гэх юм. Мөнгийг нь орохыг хүлээсээр
хэд хонолоо” гэсэн юм.
ТРАКТОРТОЙ БОЛСОНДОО БАЯРЛАХ ХҮН Ч ТААРАЛДАВ
Эдгээр
хүмүүсийн дунд трактортой болж буйдаа баярлаж буй хүн цөөнгүй байлаа.
Тухайлбал Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Б.Нацагдорж 2.5 сая
төгрөг бэлнээр тушаагаад трактортой болж байгаагаа ярьсан. Харин Төв
аймгийн Мөнгөнморьт сумаас багийн засаг дарга Балдандорж гуай 10 айлаа
трактортой болгохоор энд дугаарлажээ. Тэдний сумаас 10 гаруй хүн энэхүү
трактороос хүртэж байгаа бөгөөд захиалга өгсөн хүмүүс олон байгаа гэсэн
юм. Тэрбээр “Мал аж ахуй газар тариаланг хөгжүүлэхэд трактор хамгийн
чухал техник хэрэгсэл. Малчид өөрийн гэсэн өмч, газартай, газар
тариалангийн талбайтай болох нь өнөөгийн хамгийн гол зорилт юм уу гэж би
боддог” гэлээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин