О.Үйтүмэн: Амласан гурван медалийн нэгийг авчирмаар байна

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

О.Үйтүмэн: Амласан гурван медалийн нэгийг авчирмаар байна

“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмын нээлтийн ажиллагаа болоход хэдхэн цаг үлджээ. Өнгөрсөн тавдугаар сарын 4-6-нд Финландын нийслэл Хельсинкт болсон олимпийн эрхийн төлөөх чөлөөт бөхийн сүүлчийн тэмцээнд Монголын таван эрэгтэй тамирчин мордсон. Бөхөд дуртай монголчууд Б.Наранбаатар, Б.Батзориг, Г.Мандахнаран нарын шилдэг тамирчдадаа илүүтэй итгэл хүлээлгэж байсан ч Оргодолын Үйтүмэн хэмээх олны танил бус залуу эрх авч шуугиулсан билээ. Ингэсэнээр манай чөлөөт бөхийн тамирчид эрх олгодог болсноос хойш олимпийн наадмыг анх удаа найман тамирчны бүрэлдэхүүнтэй зорих болсон юм. ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер О.Үйтүмэнг олон улсын “Найрамдал” зуслан дахь чөлөөт бөхийн бэлтгэлийн баазад байхад нь зорьж очиж ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1989 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Долдугаар ангид байхдаа Э.Баттүшиг багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн. Миний төрсөн ах айм­гийн начин О.Түмэндэмбэрэл намайг секцэнд оруулсан юм. 2007 онд дунд сургуулиа төгсч, 2008 онд Улаанбаатар хотод ирээд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийнхаа удирдлага дор “Замчин” спорт хороонд бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн.

-Энэ хугацаанд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Залуучуудын УАШТ-ээс 2009 онд алт, оюутны УАШТ-ээс 2010 онд алт, 2009, 2011 онд хүрэл, “Mongolia Open”-оос энэ онд хүрэл медаль хүртсэн.

-2010 онд оюутны улсын аварга болсноор оюутны ДАШТ зодоглох эрх авчээ?

-Тийм ээ. Италийн Туринд болсон оюутны ДАШТ-д оролцож наймдугаар байр эзэлсэн. Хүчтэй өрсөлдөгч нартай таарч барилдсан.

-Тэгэхэд 74 кг-ын жинд барилдсан санагдаж байна?

-Тийм. Миний жин 76-77 кг байсан. Хасаад орж байсан.

-Таны барилдаан ямар онцлогтой вэ?

-Золгож барилдана, хутгана, мордоно, зүүн хөл авна.

-Энэ оны гурав, дөрөвдүгээр сард Казахстаны нийслэл Астанад болсон Азийн бүсийн тэмцээнд зодоглосон. Тэн­дээс эрх авах боломж байсан уу?

-Боломж байсан ч Узбекистаны бөх, 2009 оны дэлхийн аварга Заурбек Сохиев, Японы Ацүши Мацүмото нарт ялагдаад тавдугаар байрт орсон. Тэр японыг ялж байгаад ялагдсан. Үүнээс туршлага сууж, арга техник маань сайжирсан байх.

-Хельсинк рүү явж байхдаа эрх авна гэдэгтэй хэр итгэлтэй байв?

-Биднийг явахын өмнө Д.Сумъяа­базар аварга тэргүүтэй МЧБХ-ны удирдлагууд бүгд хэлж байсан. “Та тав бүгдээрээ эрх авна шүү” гэж. Эрх авна л гэж явсан, үүндээ хүрч чадсан.

-Аваргын төлөө Тажикистаны нэрт бөх олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Юсуп Абдулсаламовтой таарсан. Барилдаанаа хэрхэн төлөвлөсөн бэ?

-Би энэ оны эхээр Улаанбаатарт болсон “Mongolia Open-2012”-т Абдул­саламовттой таарч ялагдсан. Тиймээс өмсөх мэхийг нь хамгаалах тактик боловсруулж барилдсан. Ямар ч байсан өмсүүлээгүй. Дайрч яваад оноо алдаж ялагдсан.

-Барилдаж болмоор санагдсан уу?

-Ер нь бол оноо авахаар юм билээ. Түүнийг олимп, ДАШТ-ий мөнгөн медальтай том бөх гэж бодоод биеэ барьсан тал бий. Тэгээд ч эрхээ авсан байсан болохоор жаахан тайвширсан. Ер нь Хельсинкт өөрийнхөө бүх зүйлийг гаргасан. Эрх авчихаад л жаахан тайвширсан болохоос биш (инээв).

-Танай жинд Болгарын шилдэг бөх, 2010 оны дэлхийн аварга Михайл Ганев эрхээ авч чадаагүй. Түүнээс өөр “Лондон-2012”-ыг цэн­хэр дэлгэцээрээ үзэх болсон шилдэг тамирчин бий юу?

-Румыний Георгицэ Штефан, Японы Ацүши Мацүмото, Польшийн Михаил Валабендер зэрэг шилдэг тамирчид олимпийн эрхгүй үлдсэн.

-Хельсинкийн тэмцээн эрх авах сүүлчийн боломж байлаа. Хамт авсан Б.Батзориг, Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нарын шилдэг тамир­чин олимпийн эрхгүй хоцроход ямар санагдаж байв?

-Би эрхээ авсан ч гэсэн тэд маань чадаагүй болохоор хэцүү байсан. Манайхан ялж явж байгаад тактикийн алдаа гаргаж ялагдсан. Ах нар маань “Сайн байна миний дүү” гээд надад их урам өгч байлаа.

-Хельсинкээс ирснийхээ дараа Монголын бүх ард түмний XIII их наадамд торолгүй түрүүлснийг тань санаж байна?

-Эрх авсан болоод ч тэр үү сэтгэл зүй өөр байлаа. Ялна гэсэн зорилготой байсан.

-Дотоодод хүчтэй өрсөлдөгч хэн байна вэ?

-Манай 84 кг-ын жинд миний үеийнхнээс Г.Пүрэвдорж (Арслан-F), М.Батмөнх (Хасу мегаватт), П.Өсөх­баатар (Алдар) зэрэг хүчтэй өрсөлдөгч олон бий.

-Өөр олон улсын тэмцээнд оролцож байгаагүй санагдах юм?

-Тийм ээ. Би зун нь Есөнзүйл рүү гэр рүүгээ явчихдаг. ДАШТ-ий бэлтгэлд нэг л удаа гарч байсан. Ойрын хоёр жил л идэвхтэй хичээллэж байна даа.

-З.Дүвчин багшийн шавь болсноо яриач?

-Би 2008 онд ҮБТДС-ийн оюутан болж хотод ирсэн. Тэгэхэд Түмээ ах маань намайг багш дээр авчирч өгсөн юм. Хөдөөний хүүхэд анх удаа хотод орж ирсэн нь тэр. “Замчин” спорт хорооныхон 73 дугаар сургуулийн зааланд бэлтгэлээ хийдэг байсан. Би автобусанд сууж мэдэхгүй болохоор бэлтгэлдээ очихдоо алхдаг байлаа (инээв). Түмээ ахтайгаа хамт Дэнжийн мянгад эгчийнхээ хашаанд амьдардаг байсан.

-Үндэсний бөхөөр барилддаг уу?

-Сумын заан цолтой. Аав маань аймгийн арслан.

-Энэ цолоо хэзээ хүртсэн юм бэ?

-2008 онд Есөнзүйл сумандаа түрүүл­сэн. 2009 онд Өвөрхангай аймгийн­хаа наадамд дөрөв давж, аймгийн заан Д.Гантогоо ахад унаж байсан.

-Цаашдаа үндэсний бөх, чөлөөт бөхөө хослуулаад явах уу?

-Ойрын хэдэн жилдээ чөлөөт бөхдөө түлхүү анхаарна. Гэхдээ үндэсний бөхийг орхихгүй ээ.

-Биеийн жин хэд байна вэ?

-Жин 82-83 кг байна.

-84 кг-д хүрдэггүй юм байна шүү дээ?

-Тийм. Эрхийн төлөөх тэмцээн оролцохдоо 82 кг-тай байсан. Одоо жин нэмэгдэж байна.

-Хасах шаардлагагүй нь нэг бодлын амар юм биш үү?

-Харин тийм. Жингээ хасч зовохгүй­гээр олимпийн наадамд оролцоно. Энэ бол давуу тал.

-Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байна. Өөртөө ямар зорилго тавьж байна вэ?

-Медаль хүртэхийг хичээж байна. Чөлөөтийнхний амалсан гурван меда­лийн нэгийг эх орондоо авчрахыг зорьж байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцах­гүй юу?

-Дараагийн олимпод ч гэсэн оролц­моор байна.

-Амжилт хүсье. Монголын ард түмнээ баярлуулаарай?

-Баярлалаа. Хичээнэ ээ. Энэ дашрамд МЧБХ, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны хамт олон болон Хужирт сумын Батбилэг ахдаа баярлаж явдгаа илэрхийлье.

Д.НАНЖИД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж