“МАН-ын гишүүд цэц, тамгын газарт хандана”

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“МАН-ын гишүүд цэц, тамгын газарт хандана”

УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын анхдугаар чуулганыг олонхи хууль бусаар үргэлжлүүлсэн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болоод байна. МАН-ын гишүүд өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд хуралдаж энэ тухай ярилцжээ. Энэ талаар эрхэм гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.


-МАН Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болоод байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Энэ асуудал ямар шатанд яваа вэ?

-УИХ-ын анхдугаар чуулганыг олонх хууль бусаар үргэлжүүүлсэн гэж МАН үзэж намын хуулийн зөвлөхүүд Цэцэд хандах бичгээ бэлтгэчихээд байж байна.

-Ямар үндэслэлээр Цэцэд хандах вэ?

-УИХ-ын даргыг цөөнхгүйгээр сонгосон үйлдэл Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн 24-ийн нэг дэх заалт, УИХ-ын тухай хуулийн наймын хоёр дахь заалт, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн есийн хоёр дахь заалт гэсэн хуулиудыг зөрчсөн. Эдгээр заалтуудыг үндэслэж, Цэцэд хандахаар бичиг бэлдээд байна

-Олонхийг бүрдүүлсэн нам, эвсэл, бүлгүүд болохоор УИХ-ын даргыг сонгосон асуудлыг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Мөн бусад нам, эвсэл УИХ дахь бүлгээ байгуулчихсан. МАН-ын гишүүд бүлэг байгуулах саналаа хэзээ мэдүүлэх вэ?

-Үндсэн хууль, бусад хуулийг дээдэлж ажиллана гэж УИХ-ын гишүүд тангараг өргөдөг. Энэ нь зарим хуулийг дээдэлж болно, зарим хуулийг дээдлэхгүй гэсэн үг биш. Түүнтэй адилхан УИХ-ын дарга сонгох асуудлыг УИХ дахь бусад нам, эвсэлтэй зөвшилцөнө гэж хуульд заасан байгаа. Энэ нь УИХ-д суудалтай бусад бүх намтай зөвшилцөнө гэсэн үг болохоос биш зарим намтай зөвшилцөөд заримтай нь зөвшилцөхгүй гэсэн үг биш. Тийм болохоор яах аргагүй хууль зөрчсөн. Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн удирдаж, зохион байгуулна гэж хуульд заасан байгаа. Өнөөдөр анхдугаар чуулганыг хуралдуулахаар хамгийн ахмад гишүүн захирамж гаргасан байсан. МАН-ын гишүүд өнөөдөр 10.00 цагаас чуулганы хуралдаанд оролцоно гэсэн байсан. Гэтэл тэр процесс явсангүй. Ганцхан өдөр хүлээлгүйгээр олонх хурлыг хууль бусаар явуулчихлаа. Ахмад гишүүн хурал зохион байгуулна гэдэг нь зарлана гэсэн үг. Удирдана гэдэг нь чуулганы хуралдааныг зохион байгуулж индэр дээрээс удирдана гэсэн үг. Тэгэхээр хуулийн заалтуудыг маш ихээр зөрчсөн. Тиймээс хууль бусаар томилогдсон УИХ-ын дарга байгаа учраас дараа дараагийн гаргах шийдвэрүүд бүгд хууль бус болно. УИХ-ын дарга томилох асуудал хууль бус болсон тул намын бүлэг байгуулах нь ч хууль бус, боломжгүй гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой бичгүүдийг МАН-ын гишүүд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад өгөх гэж байна. Хууль бус үйл ажиллагаа болж байгаа учир намын бүлэг байгуулах, гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн бичиг өгөх гэж байгаа юм.

-Цэцэд хандвал ямар хугацаанд маргаан үүсгэж, хариу өгөх бол?

-Цэц процедураараа ажиллах байх. Хугацааг хэлж мэдэхгүй. МАН цаашдаа хуулиа дээдэлж ажиллая гэж байгаа. Олонх нь цөөнхөө хүндэтгэж, харилцан хуулиа дээдэлж, ажиллаасай гэж хүсч байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж