Хадам эхээ хөнөөж, эхнэр, хүүхдээ барьцаалсан гэх Д.Энхээд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн түүнийг Эрүүгийн тухай тусгай хуулийн 91.2.3, 91.2.6, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, 147.2 гэсэн 12 зүйл ангиар буруутган цаазын ялыг дахин оноожээ. Өмнө нь /2011 оны арваннэгдүгээр сард/ мөн тус дүүргийн шүүхээс Д.Энхээд цаазын ял оноосныг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн шүүх уг гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Гэтэл Д.Энхээ гэгч нь Улсын дээд шүүхэд хандаж, улмаар дээд шүүхээс нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингээд өчигдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж, цаазын ял оноожээ.
Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө 26 настай Д.Энхээ гэгч нь хадам эхийнхээ амийг хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн байна. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд нь заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм.
Д.ЖАРГАЛ