УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц барихаар төлөвлөсөн юм. Ингэхдээ бага, дунд орлоготой иргэдэд зориулж Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргаж, хэрэгжиж эхлээд буй. Энэ хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг Хөгжлийн банкнаас гарсан эх үүсвэрээр дамжуулж санхүүжүүлэх үйл ажиллагаанд Капитал банкийг оруулах шийдвэр гаргажээ. Тус банкны хувьд өмнө нь 5-10 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийг гаргаад эхний санхүүжилтээ хийгээд “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоод явах боломжтой байна гэсэн саналыг ирүүлж байсан аж. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас саналыг хүлээн авч, Хөгжлийн банк, Капитал банк хоёрыг “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хоёр дахь асуудал нь Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр байгуулахтай холбогджээ. Өнгөрсөн зургадугаар сард Японы талаас “Дархан газрын тос” төрийн өмчит үйлдвэрийн газартай техник тоног төхөөрөмж нийлүүлж 2016 онд ашиглалтад оруулах талаар гэрээ байгуулсан байсан аж. Ингэхдээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгийг Японы банк гаргах бололцоотой, гол нь Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байна гэсэн саналыг тус улсын зүгээс энэ сарын 19-нд ирүүлжээ. Тиймээс Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа эл саналыг хэлэлцээд түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь стратегийн асуудалп хамаарах учраас Засгийн газар баталгаа гаргах нь зөв юм аа хэмээн үзэж, холбогдох шийдвэрээ гаргасан байна. Дээрх газрын тосны үйлдвэр байгуулагдсанаар жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулна. Харин үйлдвэр 2016 оны тавдугаар сард ашиглалтад орохоор гэрээнд заагаад буй ажээ.