Спорт аяллын УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Спорт аяллын УАШТ боллоо

Лондон хотноо зохион байгуулагдах Зуны ХХХ олимп, Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбооны 20 жилийн ойг угтсан Спорт аяллын 2012 оны Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, “Эрдэнэт” ХХК, МАЯСАХ-той хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол улсын тэргүүн аж ахуйн нэгж  “Эрдэнэт” ХХК, Хангарьд Спорт хороо 20 дахь жилдээ уламжлал ёсоор ивээн тэтгэлээ.

МҮОХ-ний нийтийн биеийн тамир спортын “Дархан аварга” холбоо болох Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбоо /МАЯСАХ/ нь сүүлийн жилүүдэд дотооддоо төдийгүй гадаад улс оронд нэр нөлөө, хамрах цар хүрээ нь асар хурдацтайгаар өсөн дэвжиж  буй.Үүний илрэл нь зөвхөн 2012 онд гэхэд л эрчим хүч, эрүүл мэнд, банк санхүү, төрийн захиргаа удирдлага гэх мэт  салбаруудад, өсвөр, идэрчүүд, насанд хүрэгчид, ахмад гэсэн ангиллаар танилцах, сонирхогчдын, мэргэшлийн, буяны, мөргөлийн зэргээр 40 гаруй арга хэмжээг чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгаагаар илтгэгдэнэ. Мөн ОХУ, Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-уудад хамтарсан аялал хийхээр төлөвлөжээ. Аялал гэж мэдэхээс спортын түвшинд хөгжсөн, улсын цол зэрэг олгогддог болтлоо хөгжсөн гэж мэдээгүй турьхан сэтгүүлч миний бие энэ удаагийн УАШТ-ий аяны богцыг задлан сийрүүлнэм.

Олимпийн хорооны тансаг цагаан шилтгээн
Огцом, цавчим өндөр Дугана хадад
Орон зай, Цаг хугацааны үнэ цэнийг мэдэрсэн нь…

Энэ жилийн Спорт аяллын УАШТ маань Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдын нутгаар Ёл хад – Дугана хад – Жаргалант – Дээд нуур гэсэн чиглэлд Б, В ангиллын  70 км замд зохион байгуулагдлаа. Томоохон арга хэмжээ, тэмцээн уралдаан цагтаа эхэлдэггүйг гадарлах би бээр одоо л цуглаж байгаа хэмээн төсөөлөн 7.18-ний өглөөний 9 цагт очсон минь тун эвгүй байдалд намайг оруулав. Аяллын хамт олон цаг хугацааг хэн бүхнээс илүүтэй баримталдаг аж. Тэмцээний нээлт аль хэдийн эхлээд нэгдсэн унаагаар хөдлөхөд бэлэн болжээ. Аавдаа загнуулж буй хүүхэд шиг л нэгэн хар хүнд зэмлүүлэв. Энэ хүний тухай таньж мэдэх гэж эрэл хайгуул эхэлснээр аяллын минь тэмдэглэл эхлэвэй.

Намайг хатуухан зэмлэсэн хүн маань төр – иргэн, түмэн олны төлөө, нийтийн биеийн тамир, хөдөлгөөн эрүүл мэндийн төлөө цуцалтгүй зүтгэсэн, спортын зүтгэлтнүүдийн дунд “Жааяа дарга” хэмээн авгайлдаг МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичийн дарга Б.Жияандорж ажээ. Алдар гавъяа, шагнал урамшууллыг нь тоочоод баршгүй. Ёстой л тоймгүй олны дунд сэтгүүлч миний хэл ээдэрч, гар бадайрахаар юм. Омголон дориун зантай, олз шагнал ихтэй мундаг хүн ойворгон бардам зантай боловуу гэсэн маань бас л эндүүрэл байв. Олны дунд Жааяа “ах” маань бүхнийг амжуулахаар зүтгэдэг “төр улсын тэргүүн зарц” нь аж. Аялагч тамирчидтай хамт байхад хормын төдий ч уйдахын тооцоогүй дээ. Бидний нэрлэж заншсанаар “Урьхан” буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт бригадын Шавартай хэмээх УБ-Дархан чиглэлийн замд байрлах цэг хүртэл аялагчид маань 2 цаг гаран авто аялал хийсэн юм. Хотын түгжээнд 2 минут түгжирэхэд л та бид яадаг билээ. Холын замд 2 цаг, тэгээд аялагчдын дунд явахад хаана яваагаа ч харж амжилгүй дуулан баясалдаж, домог хууч хөөрөлдсөөр  нэг л мэдэхэд “Урьхан”-ы үүдэнд ирлээ. Эндээс манай аялагчид явганаар аялах аж.

Аяллын идэрхэн шүүгч, Ардын цэргийн залуухан ахмад Л.Лханаасүрэн хот, хөдөөгийн нийлсэн 13 багийн тамирчдыг Дугана хадны зүг удирдан чиглүүлнэ. Тансаг байгалийн тайлбаргүй гоо үзэмжинд тамирчин залуусын өнгө жавхаа сүрийг нэмэн, сүлэлдэн солонгорно. Хагас цэрэгжилтийн зохион байгуулалттайгаар бүхий л тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг дадал аяллынханд хэдийнээ тогтжээ. Алаг могой атиралдах атил бартаа саадыг туулсан аяны цуваа маань сүрлэг “уухай” цуурайтуулсаар 17.00 цагт эхний тэмцээн  “Ханан хад” болох Дугана хадтай золгов. Дан ганц алхаад байдаг хүмүүс хэмээн бодсон эхний төсөөлөл маань энд дахиад л эндүүрэлтэй намайг учруулав. Аялагч гэдэг бол байгалийн ямар ч саад бэрхшээлийг үл хайхран, уул ус, хад чулуу,цас мөс, өвөл зуны алинд ч хүрсэн газраа хүрч чаддаг хүмүүний нэр ажээ. Хөл гишгэх байтугай гар ч хүрэх барьцгүй мэт санагдах Дугана хаданд аяллынхан харин ч амархан, бүүр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэн авирав. Нэг минут, нэг секундын үнэ цэнийг энд л бүрэн мэдэрлээ. Олон багийн авирагчдаас онцгойлон манлайлсан нь Мон-Алтиус БТДС-ийн “Хурд” багийнхан байв. Ханан хадныхаа тэмцээнийг дуусгаад аялагчид маань Дугана хадны амралтын бүсэд майханаа босгож, хээрийн отогоо байгууллаа.

Байгалийн бэрхшээл
Хүний гайхамшиг

07.19-ний өглөө шүүгч Л.Лханаасүрэн Р.Анхзаяанар баг тамирчдаас түрүүнд 05.00 цагт зам, маршрут үзэн тогтоохоор цааш /Жаргалант – Дээд нуур/ хөдлөв. Хотын бидний гүн нойрондоо хөрвөөх өглөөний 6.00 цагт аялагч тамирчид маань нэгэн дуунаар сэрцгээн хоол ундаа уун, майхан саваа хураан цааш аялахад бэлэн болов. Аяллынхан орчин үеийн техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхана. Тамирчдыг 09.00 цагт цуваагаа эмхэлж байх үест түрүүлж явсан 2 шүүгчээс маань радио холбоогоор газрын зүг чиг заасан мэдээлэл ирлээ. Газрын зураг дээр байршлаа тодорхойлон зүгээ гаргасан тамирчдад байгаль эх зүсээ хувирган хатуурхав. Өндөр өндөр даваадад өтгөн саарал манан бүүдийж, урагшлах замыг нь усан цагаан бороо хориглон саатуулав. Гэвч аяллынхан эсрэгээр байгалийн саадад бахдан баясч ялахын хүслээр, дийлэхийн урмаар жигүүрлэн уртын замд урагшлан зүтгэх нь юутай гайхамшигтай. Энэ өдөр тамирчид УАШТ-ий явганаар туулах маршрутыг үндсэнд нь дуусгаж 15.00 цагт зорьсон газраа ирлээ.

Манай орны хүний гараар бүтээгдсэн бүтээн байгуулалтуудын нэг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь Дээд нуур. Энд тамирчид маань 3 хоногийн турш аяллын спортын төрлүүдээр өрсөлдөн аваргуудаа тодруулах ёстой. Тэднийг ирэхэд түрүүлж ирсэн 2 шүүгч маань хэдийнээ “Уулын оргил” тэмцээний этап, даалгаврыг бэлтгэсэн байлаа. Хэсэг хугацаанд амсхийсний дараа шүүгчид багуудын техник хэрэгсэл буюу аяны бэлтгэлийг шалган тодорхой оноо өгөв. Аялагчийн үүргэвчинд амьдрал багтдаг гэж яасан үнэн үг вэ хэмээн өөрийн эрхгүй л дуу алдав. Хотынхон зусландаа ч ингэж баян чинээлэг гардаггүй дээ хэмээн зүйрлүүлж үзээд аялагчийн амьдралыг сонгосон эдгээр хүмүүсийг анх төсөөлж байсан сэтгэл маань ахин дахин өөрчлөгдсөөр. Юухан хээхэнд гангаран, юм юмханд хээнцэрлэх хотынхны дэргэд аялагчид хавьгүй цэвэрч, илүү нямбай улс юм. Тэдний хэрэглэх хоол хүнс өдгөө цагийн хаанаас ч олддоггүй амьд, эко хүнс, амьсгалах агаар, гишгэх газар нь хүртэл хүйн холбоотой, хамгаас ариун нандин ажээ. Эмх замбараагүй хотын тохижилтын дэргэд эрээн алаг майхан, эгнүүлэн барьсан аяллын отог байгалийн чимэг болж, хүмүүний сэтгэлийг баясгана.

Ингээд тулалдаан нижигнэлээ

Оройн 19 цагт Уулын оргилын тэмцээн эхлэв. Огцом налуу ууланд 700 метр газарт тамирчид уралдав. Аяллын спортын гигантууд, хуучин хашир туршлагатай багууд энэ л үеэс ялгарч эхэлсэн гэхэд болно. УАШТ-ий хошой аварга Мон-Алтиус БТДС-ийн бас нэгэн баг болох “Тэсрэлт” энэ тэмцээнд илт давамгайлав. Үнэхээр бие бялдар, хурд хүчээр аагласан залуусыг харан бишрэх хүмүүс байхад, өрсөлдөгч тамирчид нь бие, хүчнээс илүү оюун ухаан чухал, тэмцээн яагаа ч үгүй, Тэсрэлт холдохгүй хэмээх нь ч байлаа. Гэхдээ л үнэхээр мэргэжлийн тамирчид, багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэн гаргаж буй Мон-Алтиус БТДС-ийнханаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Энэ өдөртөө тэмцээн ингээд дуусав.
07.20-ний өглөө 09.00 цагт “Сэлүүрт завь”-ий тэмцээн эхлэв. Сэлүүрт завины тэмцээнд Дархан-Уул аймгийн “Уран байгаль” багийг түрүүлэх байх хэмээн бусад багууд таамаг дэвшүүлж байсан нь талаар болсонгүй, тэд тэргүүлэв. Учир нь тэдний багт Монгол улсын нэрийг завины олон улсын тэмцээнд тахалдаг шилдэг завьчид багтсан. Гэвч тэд завьчид бус аялагчид. Үнэхээр л дээр өгүүлсэнчлэн аяллынхан хаданд авирагчид, усчид, инженерчид, авран хамгаалагчид, асран хүмүүжүүлэгчид юм. Ямартаа л нуурын эрэг дээрх амралтын газрын гүний худгийн моторыг ажиллуулдаг цахилгааны шугам эвдэрчихсэн, сумын төвөөс цахилгаанчин, хотоос сэлбэг авчирна хэмээн сандралдаж байхад аяллынхан очоод хээв нэг янзалж орхиховдээ. Энэ бол юу ч биш байлаа. Үдээс хойно зохиогдсон “Бартаа саад туулах буухиа”, “Байгальд дасан зохицох” тэмцээнүүд аяллын тамирчдын жинхэнэ шандсыг сорьсон юм. Буухиа тэмцээнд усан саадад түшиглэсэн айхавтар хэцүү даалгаврууд багтсан. Нуурын ус хөлгүй, гүн намагтай ч аяллын тамирчид өрсөлдөгч багуудтай, цаг хугацаатай уралдана уу гэхээс тэрхүү байгалийн сааданд саатахгүй. Ерөнхийдөө Буухиа тэмцээний зохиомж нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хохирогчийг төрөл бүрийн бартаа саадыг туулан аварч буй зохиомжтой бөгөөд нэг талаас харахад Онцгой Албаны сургалт болж байна гэж андуурахаар. Хэн хүнд хэрэгтэй, басхүү айхавтар сургамжтай тэмцээн болж өрнөв. Зарим багийн гишүүд буруу тооцоо хийн хугацаа алдаж байхад авхаалжтай нэг нь амар хялбар аргаар даалгаврыг гүйцэтгэж байлаа. Бүтэн 3 цаг үргэлжилсэн энэхүү тэмцээнд Эрдэнэтийн “Хангарьд” багийнхан тэргүүлэв. Аяллын хашир туршлагатай тамирчин Б.Ганзориг тэдний багт багтсан бөгөөд, энэ тэмцээнд тэрээр багтаа тэргүүлэх боломжийг авчирсан билээ.

Байгаль дэлхийд дасан зохицоно гэдэг зүгээр урц овоохой барихын нэр биш юм. Энэ удаад шүүгчдийн өгсөн даалгавар загас барих, тэрхүү барьсан загасаар төрөл бүрийн амтат зоог бэлтгэх байсан. Аялагчдыг хангалттай гайхан биширч байсан ч дутуу байлаа. Оройн 20.00 цагт загасаар хийсэн төрөл бүрийн хоол өрсөн зочдын ширээ бэлэн болсон байлаа. Барьсан загасаараа шпроты хийсэн баг ч байв. Энэхүү тэмцээнд манай улсад мэргэжлийн хөтөч, аялал жуулчлалын шилдэг мэргэжилтнүүдийг сүүлийн үед олноор төрүүлэн гаргаж буй “Газарчин” ДС-ийн Ренжерс баг зангараг заан түрүүлсэн билээ. Энэ өдөр тамирчид маань амрах болоогүй байв. Тэмцээнд оролцогч Үндэсний шилдэг аж ахуйн нэгж MCS группийн баг тамирчдын удирдан явуулсан галын наадам шөнийн цэнгүүн төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, багуудын сонирхолтой мэндчилгээ зэргээр үргэлжилсээр 02.00 цагт л шүүгчдийн шахалтаар өндөрлөв. Залуу насны эрч хүчээ гэж. Дуу хууртай, дурлал хайртай, үймээн бужигнаантай…

Луужингийн зүүн дээрх хувь заяа

Өглөө тамирчдыг босоход шүүгчид аль хэдийн байгаль, орон зайд нуувч илрүүлэх “Оринтиеринг” тэмцээний даалгаврыг бэлтгэжээ. Энэ л үеэс аяллын тэмцээнд оюун ухаан, мэдлэг ур чадвар ямар их хэрэгтэй байдаг нь харагдсан юм.Өгөгдсөн 3 цэгийг ээлж дараалуулан, заасан өнцөг, зайн дагуу олох тэмцээн нь бидний мэддэг радио спорт буюу пеленгацитай тун төстэй санагдсан. Оринтиеринг хэмээх энэхүү спортын төрөл нь Олон улсад бие даан хөгжсөн бөгөөд манай улсаас Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд олон тамирчид оролцож туршлага хуримтлуулсны дотор аялагчид чамгүй, энэхүү УАШТ-нд оролцож байгаа нь ч бий гэнэ. Ирээдүйн эх орны өрхийг таталцах инженерүүдийн ур ухаан, уран чадвар энэ л үеэс торойн мандаж эхэллээ. Оринтиеринг тэмцээнд ШУТИС-ийн “Жигүүр” багийнхан манлайлав. 

Өдрийн 15 цагт багийн ахлагчдын “Би чадна” тэмцээн эхэлсэн бөгөөд Буухиа тэмцээнтэй адил усан саадад түшиглэв. Мөн хувь хүнээс авхаалж самбаа шаардсан “хоржоонтой” далгааврууд багтсан байсан. Олон олон аавын хөвгүүд байдаг чадлаараа хичээсэн ч аяллын залуу тамирчин БЗД-ийн “Шавь” ЦС-ийн  “Зүг чиг” багийн ахлагч Л.Пүрэвсүрэнг барсангүй. Залуу ахлагч маань олон ах нарынхаа зулай дээр гишгэж шилдэг гэдгээ харуулсан юм.

УАШТ-ий сүүлчийн төрөл “Газрын зураг” явагдахаас өмнө ерөнхий дүнгээр Эрдэнэтийн “Хангарьд”, ШУТИС-ийн “Жигүүр”, Дархан-Уул аймгийн “Уран байгаль” багууд бусдаасаа оноогоор тасарсан байсанч, хэн нь цом авах нь тодорхойгүй, ёстой л гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж байлаа. Шүүгчдийн өгсөн даалгаврыг нэг зэрэг хийж дуусгасан багуудын гүйцэтгэлийг цэгнэхэд “Жигүүр” өнгөлж, “Уран байгаль” удаалсан юм. Ингэснээр нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн “Уран байгаль” баг 2 дахь жилдээ дараалан УАШТ-ий аварга болох нь тодорхой болсон. Тогтвортой найдвартай өндөр амжилтыг гаргаж байсан ШУТИС-ийн “Жигүүр” баг байраа хадгалан 2-р байранд шалгарч мөнгөн медалийн эзэд болох бололцоотой болсон бол бүхий л тэмцээний турш манлайлагчийн байранд явж байсан Хангарьдчууд газрын зургийн тэмцээнд тун хангалтгүй дүн үзүүлснээр 3-р байр буюу хүрэл медалийн болзол хангасан. Сүүлийн үест амжилт нь өсч яваа Газарчин ДС-ийн Ренжерс баг шагналт байранд шалгарсан билээ.

Аяллын төгсгөлд нэгэн сонирхолтой арга хэмжээ болсон нь Жаргалант сумын залуучуудтай хамтарсан үндэсний бөхийн барилдаан байлаа. Энэхүү барилдаанд энэ жилээс мэргэжлийн түвшинд өрсөлдөх болсон MCS багийн “Алсын хараа” багийнхан ёстой л “дээрэнгүй” байлаа. Шөвгийн 8-д тэдний багийн 3 бөх үлдсэн бөгөөд, багийн тамирчин Д.Цэнд түрүүлсэн юм.

Шилдэг аялагчдаар Эрдэнэтийн ДЦС-ийн “Уурхайчин”, Улаанбаатар хотын “Од” багийн тамирчид шалгарсан бол, шилдэг дасгалжуулагчаар MCS “Алсын хараа” багийн Б.Наранхүү, “Алдар толгой” багийн Ж.Оюунтуяа нар шалгарсан. Харин энэ жилийн тэмцээний шилдэг шүүгч нь МАЯСАХ-ны залуу шүүгч Б.Лхагва-Орших байлаа. Энэ жилийн УАШТ сайхан боллоо. Хүнд хэцүү байгалийн сорилт, хүрэх нь алс өндөр өндөр даваа. Хүний сайхан зан, хүтүү үед гялалзах андын халуун сэтгэл. Ижилдэн дассан анд нөхөд минь баяртай. Эргээд баяртай уулзахын ерөөл өргөе. Дараа дараагийн олон харгуйд дандаа би хамт явна.

Р.АНХЗАЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж