Хонгконгт хар тамхины хэргээр өнгөрсөн 2010 оноос эхлэн хоригдож байсан Л.Төмөрчөдөр нарын Монголын дөрвөн иргэнд холбогдох хэргийг эцэслэн шийджээ. Тэдэнд холбогдох хэрэг дөрвөн удаа мөрдөн байцаалтад буцсаны эцэст ийнхүү шийдэгдэж байгаа юм. Тэд анхан шатны шүүх хурлаас цаазын ял сонссон ба өнгөрсөн оны наймдугаар сард болсон хоёр улсын Консулын газрын уулзалтын үеэр Монголын талаас эдгээр залуусын хэргийг тусад нь салгаж, цаазын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн юм. Ингэснээр БНХАУ-ын хуулийн байгууллагаас хэргийг тус тусад нь шалгаж, зохих ялаар шийтгэсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр, хар тамхи зөөвөрлөсөн монгол залууст 7-10 жилийн ял оноож, эдлүүлж эхэлжээ.
Эргэн сануулахад, 2010 оны дөрөвдүгээр сард Малайз улсын нисэх онгоцны буудлаас Хонгконгийн чиглэлийн нисэх онгоцонд суусан тэд тус бүртээ 990, 781, 1100, 880 грам героин залгисан байсан нь баригдсан юм. Тэд 2009 оноос эхлэн Хятадын нутгаар дамжин Хонгконг руу хар тамхи зөөвөрлөдөг сүлжээнд нэгдсэн байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Д.ЖАРГАЛ