Дэлхийн баячууд, мэдүүлэгт ордоггүй офшорын (Офшор (offshore-“эргээс гадуур” гэх англи үг) ба улс оронд нь бүртгэлтэй гадаадын компаниудад татварын болон бусад тусгай хөнгөлөлт үзүүлэх зорилгоор гадны хөрөнгө татах санхүүгийн төвүүд дансандаа 21 их наяд ам.доллар хадгалж байна гэсэн тооцоог McKinsey гэх консалтингийн компанийн ерөнхий эдийн засагч Жеймс Генри хийжээ. Түүний “Офшорын үнийн тухай асуудалд дахин хандахад нэртэй илтгэл, судалгаа олон улсын Tax Justice Network гэх татвараас зугтахын эсрэг тэмцэх Засгийн газрын газрын бус байгууллагын захиалгаар хийжээ. Генригийн хэлснээр 21 их наяд гэсэн тоо нь хуучинсаг үнэлгээ гэнэ. Татвараас нуусан мөнгө 32 их наяд хүрч болохыг тэр анхааруулсан байна. Учир нь үнэлгээг гаргахад зөвхөн санхүүгийн хөрөнгийг тоолсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завь, тансаг хэрэглээний эд хөрөнгийг оролцуулаагүй байна. Жеймс Генри Базель дахь Олон улсын тооцоооны банк, ОУВС, Дэлхийн банк ба үндэсний Засгийн газруудын мэдээг ашиглажээ.
Дэлхийн баячуудад мөнгөө дэлхийгээр тараан байрлуулахад нь “хувийн банк, хууль зүйн ба нягтлан бодох болон хөрөнгө оруулалтын үйлчилгээний салбаруудын олон тооны мэргэжилтнүүд тусалж буйг” Генри тэмдэглэсэн байв. 2010 оны төгсгөл рүү дэлхийн 50 том банк хувиар үйлчлүүлэгчдийн 12,1 их наяд ам.долларыг хадгалж байсны тал хувь нь 10 банкинд байжээ. Илтгэлд тэмдэглэснээр 2005 онд тэр тоо нь 5,4 их наяд байсан гэнэ. Хувийн банкны үйлчилгээний салбарын аваргуудад UBS, Credit Suisse ба Goldman Sachs орж байна. Үүний хажуугаар наад зах нь 100 мянган хүн офшорт хадгалагдаж байгаа 9,8 их наядын эзэд гэдгийг судлаач хэлж байна. “Манай хийсэн үнэлгээнээс үүдэн татварт орох ёстой хөрөнгийн хэмжээ асар их. Тэр нь олон орнуудын эдийн засгийн байдлыг засахад хангалтай. Мөн энэ судалгаа нь маш сайн мэдээлэл болж байна. Дэлхий ертөнц чухал асуудлуудаа шийдэх санхүүгийн бөөн эх сурвалжийг оллоо” гэж итгэл боловсруулагч ярьж байна.
Илтгэлд хөгжиж буй орнуудад онцгой анхаарал тавьсан байна. Tax Justice Network-ийн судалгаанд дэлхийн хүн амын 85 хувийг, худалдан авах чадвараар дэлхийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 51 хувийг эзлэх, дэлхийн алт, валютын нөөцийн 75 хувьтай мөн 4,1 их наяд ам.долларын гадаад өртэй дунд ба дундаас доогуур орлоготой 139 орныг анхааран авч үзжээ.
Илтгэлд дүгнэснээр 1970-2010 он хүртэлх хугацаанд эдгээр орнуудын иргэд 7,3-9,3 их наяд ам.долларыг офшорын бүсэд зөөсөн байна. Нэн ялангуяа нефть экспортлогч орнуудын орлогын ихэнх нь дотоодын хөрөнгө оруулалтад зарцуулагдалгүйгээр офшорт урсан ордог ажээ. Илтгэлд дүгнэснээр 1990 оноос хойш Оросоос 798 тэрбум доллар гадагш урссан байв. Өөрөөр хэлбэл, Хятадаас илүү урт хугацаанд 1970-2010 онуудад 1,189 их наяд ам.доллар гарчээ. Офшорын бүсэд хөрөнгийн урсгалаар гуравт нь Өмнөд Солонгос орж байгаа ба Сөүлээс 779 тэрбумыг зөөсөн гэнэ. Үүний дараа Бразили (520 тэрбум), Кувейт (496), Мексик (417), Венесуэла (406), Аргентин (399), Индонези (331тэрбум) ба Саудын Араб (308 тэрбум) жагсч байгаа. Украинаас 1990 оны дараа 167 тэрбум, Казахстанаас 138 тэрбум долларыг тус тус офшорт зөөжээ.
Хөрөнгийн шилжилтийн тогтвортой биш ноцтой асуудалтай хөгжилтэй орнуудад татвараас зугтах нь онцгой байдалтай болсон байна. Германы эрх баригчид хүртэл банкнаас хулгайлагдсан татвараас зугтагсдын тухай мэдээлэлд мөнгө төлөн авсан байв.
Гэхдээ олон шинжээчид Генрийн илтгэлийн тоонд эргэлзэж буйгаа хэлж байгаа. Тухайлбал Британийн Засгийн татварын асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд зөвлөгч Жон Уайтинг эдгээр үнэлгээнд болгоомжтой хандахыг уриалав. Би энэ тоог батлан хэлж чадахгүй. Хэрэв эдгээр мөнгө нь нуугдмал байдалд гэвэл татварын газрууд юу хийж байна вэ? Үнэн хэрэгтээ АНУ, Их Британи, Германы татварын албад муугүй ажиллаж байгаа хэмээн тэр хэлжээ. Бас тэрээр тийм их хэмжээний мөнгөний урсгал мэдрэгдэхгүй байгаад эргэлзэж байна.
Татвараас нуусан хөрөнгийг илрүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олсныг Британийн Сангийн яамны төлөөлөгч хэлэхдээ 2011-2012 оны санхүүгийн жилд баян татвар төлөгчдөөс 200 сая, нэмэлт татвараар 312 сая фунт стерлинг цуглуулсан гэжээ. Үүний зэрэгцээ Британи улс Лихтенштейн ба Швейцаритай хамтран ажиллах гэрээ байгуулсан учир 3-7 тэрбум фунт стерлингийн татвар нэмэн орох боломжтойг Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Өмнө нь Tax Justice Network мэдээлэхдээ татвараас зугтагсдын гол орогнол нь Швейцари гэж байв. Тус улс нь бусадтай харьцуулахад мэдээллийг нууцалдаг бөгөөд татвараас зугтагсадыг хариуцлагад татахдаа хойрго гэнэ. Түүний дараа ил тод биш байдлаараа Кайманы арлууд ордог. Дараалаад Гонконг, АНУ, Жерси арал, Япон, Герман, Бахрейн энэ жагсаалтад нэрлэгджээ.