“Ургац ид цэцэглэж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“Ургац ид цэцэглэж байгаа”

Дэлхийн олон улс оронд хүнсний хомсдол нүүрлэж магадгүй байгаа юм. Учир нь зарим орнуудад үер ус нүүрлэснээс ургацаа их хэмжээгээр алдаж  эхлээд байгаа. Үүнээс болсон уу ямарч байсан Монголын дотоодын зах зээлд борлуулж буй гурилын үнэ бага зэрэг нэмэгдээд байгаа юм. Тиймээс энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Техник технологийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулсан юм.


-Ургацын байдал ямар байгаа вэ. Сүүлийн үед өдөр болгон бороо орж байна. Үүнээс болоод ямар нэгэн бэрхшээл үүссэн үү. Зарим улс оронд үргэлжилсэн борооноос болж үерийн гамшиг нүүрлээд байгаа болохоор л асууж байна л даа?

-Ургац яг цэцэглэлтийнхээ үед дээр явж байна. Энэ жил нар хур тэгшрээд их сайхан зун болж байна. Бороо хураас болоод тариалангийн бүс нутгуудад ямар нэгэн хүндрэл учраагүй. Шөнөдөө бороотой, өдөртөө нар гараад харин ч ургац арвин гарах нөхцөл бүрэлдэж байна л гэж бодож байгаа. Өнгөрсөн хаврын т улсын хэмжээнд үр тариаг 320 мянган га талбайд, төмс 15 мянга орчим га талбайд, хүнсний ногоо найман мянган га талбайд тариаллаа. Манай яамнаас  гаргасан тооцоогоор ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авах төлөвлөгөөтэй байна.

-Монголын дотоодын зах зээлд зарагдаж байгаа гурилын үнэ өсчихлөө. Гурилын үнэ юунаас болоод өсөв өө. Улаанбуудайн хангалттай нөөц байгаа гээд байсан худлаа байв уу?

-Үнэндээ сүүлийн саруудад улаанбуудайн ханш дэлхийн зах зээлд өссөн. Учир нь олон оронд ган гачиг, үер усны аюул нүүрлэснээс болоод ихээхэн хэмжээний ургацаа алдаад байна. Үүнээс болоод  дэлхийн зах зээлд улаанбуудайны үнэ өссөн. ОХУ ч улаанбуудайнхаа үнийг өсгөсөн байгаа. Энэ нь манай импортын гурилын үнийг өсөхөд нөлөөлсөн хэрэг шүү дээ. Үндэсний үйлдвэрүүд яагаад гурилынхаа үнийг нэмсэн бэ гэвэл бас л тодорхой шалтгаан байгаа. Хэдийгээр дотоодынхоо үр тариагаар дотооддоо гурилаа үйлдвэрлэж байгаа ч манай үйлдвэрүүд ашиг багатай ажиллаж ирсэн. Тиймээс гурилын үйлдвэрүүдтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ярилцсаны үндсэн дээр гурилын үнийг бага зэрэг нэмэхийг зөвшөөрсөн.

-Зарим мэргэжилтэн дэлхийд нүүрлэж буй хүнсний хомсдол Монголд нөлөөлөхгүй гээд байгаа шүү дээ.Төмс, үр тарианыхаа хэрэгцээг дотоодоосоо зуун хувь хангах боломжтой байгаа болохоор тэр байх?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлөх л байх. Гэхдээ бүр хомсдолд орох хэмжээний нөлөөлөгүй. Үнэ ч төдийлөн өсөхгүй гэж бодож байна.

-Монгол Улс дотоодынхоо зэх зээлээс илүү гарсан улаанбуудайгаа гадагшаа экспортлохоор болсон. Өнгөрсөн оны ургацаас Хятадад 100 тонн улаанбуудай экспортлохоор гэрээ байгуурсан байх аа. Гэтэл өнөөдрийг хүртэл Хятад руу улаанбуудайг экспортлоогүй байгаа гэсэн мэдээлэл байна. Хятадууд манай буудайг голоод байгаа хэрэг үү?

-Үгүй. Харин хятадууд Монголоос улаанбуудай экспортлох сонирхолтой байгаа. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа, мөн дэлхийн чанарын шаардлага хангасан сайн чанарын буудай гэдгээрээ ч манайхтай наймаа хийх сонирхолтой байгаа. Харин бид улс оронд улаанбуудайн хомсдол нүүрлэж, дэлхийд байдал биш байгаа болохоор л буудайгаа зарахаа азнаад байна. Дэлхийд улаанбуудайн үнэ өдрөөс өдөрт л нэмэгдээд байна шүү дээ. Энэ бүхнийг бид тооцохгүйгээр буудайгаа экспортолж болохгүй.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж