”Грек есдүгээр сард дампуурч магадгүй”

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

”Грек есдүгээр сард дампуурч магадгүй”

Грект
цаашид санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзахаа Европын холбооны
удирдлагад Олон улсын валютын сан мэдээлсэн гэж Германы Der Spiegel
хэвлэлд бичсэн байна. Хэрэвзээ энэ мэдээ үнэн бол Грек ирэх есдүгээр
сард дампуурч магадгүй нь байна.

Олон улсын валютын сангаас
(ОУВС) Грект хандах тэвчээр дээд цэгтээ хүрч байна. ОУВС-гийн өндөр
тушаалын төлөөлөгчид Грект цаашид санхүүгийн тусламж үзүүлэхгүй гэдгээ
Европын холбооны удирдлагад өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн гэнэ. Тэгэхээр
ирэх есдүгээр сард Грекийн эдийн засаг сүйрэх магадлал өндөр болов.
Наймдугаар сард Грекийг Европын Төв банк (ЕТБ) сүүлчийн удаа аврах
бололтой. Еврокомисс, ЕТБ ба ОУВС гураваас бүрэлдэх “гурвал” одоо Афин
дахь Засгийн газар шинэчлэлийн хүрээнд авсан үүргээ хэрхэн биелүүлж
байгааг шалгаж байна. Гэхдээ Грек өмнө амласны дагуу улсын өрөө
дотоодынхоо нийт бүтээгдэхүүний  хэмжээний 120 хувь хүртэл бууруулж
чадахгүй нь тодорхой болсон гэж Германы долоо хоног тутмын хэвлэл өгүүлж
байна.

Хэрэв Грект амлалтаа биелүүлэх хугацааг нь сунгаж өгвөл
10-50 тэрбум евроны нэмэлт тусламж хэрэгтэй болно гэж “гурвал” үзэж
байна. Евро бүсийн олон орнууд Грекийн өрийг хуваалцах дургүй байна.
Нидерланд, Финлянд хоёр хэрэв ОУВС л тусламжаа зогсоохгүй бол Афинд
туслана гэдгээ шуудхан хэлсэн байлаа.

Буцаад драхма даа

Ер
нь бол евро бүсийн орнууд Грек валютын холбооноос гарлаа гэхэд тэр нь
евро мөнгийг нурааж чадахгүй гэсэн дүгнэлтээ хийгээд байна. Хямралыг
цаашид тараахгүйн тулд евро бүсийн орнуудын лидерүүд Европын
тогтворжуулалтын байнгын сангаа (Европын тогтворжуулалтын механизм, ESM)
ажиллагаанд оруулахаа азнаад байна. Ямар ч тохиолдолд ХБНГУ-ын Үндсэн
хуулийн холбооны шүүх түүний хууль ёсны гэдгийг баталтал ESM ажлаа эхэлж
чадахгүй. Тэр нь есдүгээр сарын 12-нд тодорхой болох ёстой.

Христийн
нийгмийн холбооны (ХСС) ерөнхий нарийн бичгийн дарга Александер
Добриндт (Alexander Dobrindt) Грект хандан хуучин үндэсний валют
драхмагаа эргүүлэн авахыг уриалжээ. Тэрээр долоо хоногийн Welt am
Sonntag сэтгүүлд ярихдаа Грек улс цалин хөлс, тэтгэвэр ба бусад
зардлынхаа тал хувийг драхмагаар хийх ёстой гэсэн санааг хэлэв. Хуучин
мөнгөндөө аажмаар эргэн орох нь гэнэтийн эрс өөрчлөлтөөс өөр бөгөөд
эдийн засгийн өсөлт гаргах боломжийг олгоно хэмээн ХНХ-ны ерөнхий нарийн
бичгийн дарга үзлээ. Грект нэмэлт тусламж үзүүлэх талаар ямар нэгэн
яриа хэлэлцээр өрнүүлэх боломжгүй гэж Добриндт  онцолжээ. Хүсэлгүй эсвэл
нөхцөлөө биелүүлэх чадваргүй орон евроноос гадуур өөрийн боломжийг хайх
ёстой хэмээн тэр өгүүллээ.

 
Грек евро бүсэд үлдэхгүй нь

Германы
Эдийн засгийн сайд Филипп Рёслер (Philipp Rusler) Грект евро бүсэд
үлдэх боломж бараг байхгүй гэж мэдэгдлээ. Мэдээж, гурвалын илтгэлийг
хүлээх хэрэгтэй. “Намар өгөх үнэлгээгээр Грек өөртөө авсан үүргээ
биелүүлэхгүй байгаа нь тогтоогдвол тус орон шинээр санхүүгийн тусламж
авна гэж найдаад хэрэггүй. Тэр нь тус орон төлбөрийн чадваргүй болж
байна гэсэн үг” хэмээн сайд хэлжээ.

"Грек алдсанаа нөхөх ёстой"

Германы
Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schдuble) Грект шинэчлэлээ хийх
хугацааг нь сунгах нэмэлт цаг өгөх боломжгүй гэлээ. “Хэрэв Грекийн
Засгийн газар төлөвлөсөн хугацаанаасаа хоцроод байвал түүнийгээ нөхөх
ёстой” гэж Bild сонинд ярьсан байв. Гэхдээ тэрээр Грек евро бүсэд үлдэх
үү гэдэгт дүгнэлтээ өгөхөөс татгалзжээ. Гурвалын илтгэлийг урьдчилан
төсөөлөх гээд яахав. Баримт бэлэн болонгуут л евро групп хэлэлцээд
эхлэнэ гэж сайд өгүүлжээ.

Канцлер дахиад эрсдэл хийхгүй

Sёddeutsche
Zeitung сонин  канцлер Ангела хэлсэн Герман дахиад Грект туслахад бэлэн
биш гэсэн үгэнд анхаарлаа хандуулсан байна. Афинд дахин 50 тэрбум
хэрэгтэй байгаа юм. Тус улсын дампуурал улам бодиттой болж байна хэмээн
сонин тэмдэглэв.
Грект туслах гурав дахь тусламжийн багцыг канцлер
бундестагаас гуйж байгааг төсөөлөх аргагүй. Эрх баригч эвсэлд өрийн
хямралыг зохицуулах талаар  зөрөлдөөн гараад эхэлсэн байна. Дахиад л
Грекийн асуудлаар энэ удаа канцлер эрсдэл хийхгүй нь лавтай гэж тус
сонин өгүүлжээ.

Тэр үеэр Грек евро бүсэд үлдэхийн төлөө зүтгэх
ёстой гэж Еврокомиссийн төлөөлөгч долдугаар сарын 23-ны өдөр Брюссель
хотноо мэдэгдсэн байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж