Дэлхийн лидерүүд олимпийн нээлтэд зочилно

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн лидерүүд олимпийн нээлтэд зочилно

Будант
Албьоны нийслэл Лондон хотноо ирэх баасан гаригт нээлтээ хийх зуны XXX
олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор дэлхийн 120
орны төрийн тэргүүд, мянга мянган VIP зочид тус хотод очих ажээ. Тэдний
хувьд Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода,
АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Свазиланд улсын эзэн хаан,
Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нарын
зочид багтаж буй гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны
хүмүүсийн хамт Лондонг зорьж, нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпийн
тамирчдаа дэмжих юм. Тэрбээр Ерөнхийлөгчийг дагалдан явах хүндэт зочноор
Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат
тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба
Д.Чойжамц нарыг сонгосон билээ.

Их Британийн Хатан хаан 86 настай
II Элизаета олимпийн нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээнэ. Гэхдээ
нээлтийн үеэрх сюрпризийг зохион байгуулагчдын зүгээс нууцалж байна.
Ямартай ч “Харри Поттер” зохиолын эсрэг дүрийн баатар Лорд Валдимортыг
мөн л үлгэрийн зохиолд гардаг хүүхэд асрагч Мэри Поппинс ялж буй тухай
үзэгдэл гарна гэсэн мэдээлэл байгаа юм.

АНУ-ын Тэргүүн хатагтай
Мишель Обама улсынхаа олимпийн төлөөлөгчдийг тэргүүлж Лондонд ирэх аж.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нээлтийн ёслолд оролцохгүй гэнэ. 
Бусад орны төрийн тэргүүдийн тухайд Монакогийн вант улсын ханхүү Алберт,
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын
зочид морилно. Путин өөрөө жүдо бөх сонирхдогийн хувьд олимпийн жүдогийн
тэмцээнийг үзнэ гэдгээ мэдэгдээд буй билээ.

Лондонд ирэх
хүндтэй зочдыг нэн түрүүнд Букингемийн ордонд хүлээн авах аж. Харин
олимпийн хүндэт зочдын жагсаалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад,
Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе, Беларусийн төрийн тэргүүн
Александр Лукашенко нар тодорхой шалтгааны улмаас багтаагүй аж.

Энэ
зуны олимпийн наадамд дэлхийн 120 орны төрийн тэргүүн зочилж буй нь
дээд амжилт юм. Өмнөх олимпийн наадамд 80 гаруй орны зочид, төлөөлөгчид
Бээжинд очиж байжээ.

Лондонгийн олимпийн зохион байгуулах
хорооноос олимпийн нээлтийн ёслолын бүжиг, дуу болон бусад урлаг соёлын
үзүүлбэр, гэрэлтүүлэг зэрэг нэмэлт зардалд нийт 42 сая ам.доллар
зарцуулжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж