Хүүхэлдэйн театр “YAMAHA”, “TOSHIBA”-гаар тоногложээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театр “YAMAHA”, “TOSHIBA”-гаар тоногложээ

Хүүхэлдэйн театрын үүдний урсдаг самбар дээр тавдугаар сар гарснаас хойш “Японы тусламжаар төнөг төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байгаа тул театрын тоглолтууд түр хугацаагаар цуцлагдсан” гэх бичиг үзэгдэл болсон. Энэ талаар тус театрын менежер Б.Батчимэгтэй уулзаж тодрууллаа.

-Танай театраар ямар сонин сайхан байна вэ?
-Хүүхэлдэйн театр 2010 оны уран бүтээлийнхээ жилд “Алтан хөрш” бүтээлээ толилуулсан байгаа. Мөн “Мини театр” гээд урьд өмнө Монголд байгаагүй театрыг байгуулсан. Хүүхдийг театрт бэлдэх, тэр театрт үзвэр үйлчилгээгээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор “Улаан малгайт” жүжгээр нээлтээ хийсэн бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө хүүхэд багачууддаа бэлэг барихаар Орос ардын үлгэр “Өнхрүүш” жүжгийг мини театртаа, Хайнс Кристианс Андерсоны “Нугасны муухай дэгдээхэй” уран бүтээлийг театртаа тавихаар бэлтгэл ажилдаа явж байна.

-Яагаад заавал энэ зохиолыг сонгон авч тоглуулах болов оо?
-Энэ бэлтгэл ажлын онцлог нь Хайнс Кристианс Андерсоны мэндэлсний 205 жилийн ой болж байгаа. Энэ ойд монголчууд хүндэтгэл үзүүлэх үүднээс мөн манай өнөөгийн нийгэмд байгаа эмзэг бүлгийн хүүхдүүддээ нугасны муухай дэгдээхэй дараа нь хун болдог шиг тэднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдгийг уран бүтээлээрээ харуулахыг зорьсон.

-“Нугасны муухай дэгдээхэй” жүжгийг нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд сайн сайхан ирээдүй байгааг мэдрүүлэх давхар зорилготой тайзнаа тавьж байгаа гэлээ. Тэр хүүхдүүдийг хэрхэн хамруулж, жүжгээ хүргэх вэ?

-Бид 2009 оноос эмзэг давхаргын хүүхдүүдэд урлаг соёлоор үйлчилж сэтгэл зүйд нь нөлөөлөх, тэдэнд халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх үүднээс “Дэлхийн зөн” байгууллагатай хамтран таван удаагийн тоглолтоороо 800 хүүхдийг хамруулж үзүүлсэн. Театрын маань багтаамж 160 хүний батаамжтай болохоор олон хүүхдийг зэрэг хамруулахад хүндрэлтэй. Манай театр зах зээлийн хамгийн бага үнээр үйлчилдэг ч хамгийн тохилог театр. Хүүхэлдэйн театрын жүжиг өндөр үнээр бүтдэг болохоор бид нар одоохондоо мянга, мянгаар нь хамруулж чадахгүй байна. Энэ тал дээр туслах аж ахуйн нэгж, хувь хүмүүс байх юм бол манай байгууллагатай хамтраад тэр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч болно гэж хэлмээр байна. Энэхүү үйл ажиллагаа нь дан ганц хүүхэлдэйн театрын ажил биш, нийт монголчуудын ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж буй зүйл гэж бодож байна.

-“Нугасны муухай дэгдээхэй” уран бүтээлээ хүүхэлдэйн театрын ямар төрлөөр тоглож байгаа вэ?
-Хүүхэлдэйн театрын жанр бол олон төрөл байдаг. “Бид нар “Алтан хөрш” жүжгийг театртаа  дуулалт төрлөөр тавьж байсан бол энэхүү “Нугасны муухай дэгдээхэй” зохиолоо бүтэн таягт хүүхэлдэйн төрлөөр тавих гэж байна. Найруулагчаар Б.Сүхээ, хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолт Б. Мөнхболд, аранжировк мастер Байдраг нар ажиллаж байгаа.

-Тоглолтын санхүүжилтийг яаж зохицуулдаг вэ?
Бид нарын уран бүтээл дээрээ барьж байгаа зарчим бол аль болох гаднаас гар харалгүй улсаас төсөвлөсөн багахан мөнгөн дээрээ өөрсдийн нөхцөл боломжоороо чанартай уран бүтээл хийхийг зорьж байгаа.

-Японы тусламжаар хүүхэлдэйн театрт техникийн шинэчлэл хийгдэж байгаа гэсэн үү?
-Энэ тоглолт үнэхээр сайхан тоглолт болно. Яагаад ийм бардам хэлж байгаа вэ гэхээр манайд Японы “YAMAHA”, “TOSHIBA” фирмийн 100 мянган долларын дуу шум, гэрлийн тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа. Тэгэхээр маш цэвэрхэн дуугаралттай, сайхан хөгжимтэй тоглолт болох болно. Энэ нь хоёр улсын засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил л даа. Монгол-Японы засгийн газрын хооронд хуучин “Өвсний үндэс” гэж хөтөлбөр явагддаг байсан. Тэр үеэс нь манай театр санал тавьж байсан. Одоо “Өвсний үндэс” хөтөлбөр дуусч дараагийн буцалтгүй тусламж хөтөлбөрт ороод Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамаар дамжуулж, манайд мөнгөн дүнгээрээ 100 мянган доллартой тэнцэх тоног төхөөрөмжүүдийг бэлэглэж байгаа юм.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр явагдаж байна? Хичнээн уран бүтээлчид оролцсон бэ?
-“Нугасны муухай дэгдээхэй” зохиол дээр 12 жүжигчин гуравдугаар сарын сүүлчээр бэлтгэл ажилдаа орж эхэлсэн. Хүүхэлдэйн театрын гучаад, гаднаас гэрээтээр ажиллаж байгаа уран бүтээлчид нийлээд нийт тавиад уран бүтээлч оролцож байгаа. Таван сард театрын уран бүтээлчид маань хоёр уран бүтээл дээр ажиллаж байгаа. Мини театртаа “Өнхрүүш” жүжгийг, уншлага, дүр хуваарилалт, жүжгийн үйлдвэрлэлд болохоор  хүүхэлдэйн хувцас гээд нарийн ажлууд явагдаад дуусах гэж байна. Тэгээд тайз декорац бэлэн болчихвол фургондоод үндсэндээ бэлэн болно. Төлөвлөгөө ёсоор таван сарын 28-нд нээлтээ хийх байсан ч энэ угсралт суурилуулалтын ажил тийм ч амар биш юм байна. Гэхдээ ямар ч байсан зургадугаар сарын 1-нд хүүхэд багачууддаа уран бүтээлээ хүргэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж