Монгол Улс хэтдээ 5000 км төмөр замтай болно

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Монгол Улс хэтдээ 5000 км төмөр замтай болно

Монгол Улсын төмөр замд төрөөс баримтлах бодлогын дагуу Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км зам тавьж, дараагийн ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэн, Ухаахудаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлд нийт 900 км зам тавихаар холбогдох шийдвэрүүдийг баталсан билээ. Тиймээс Зүүн аймгуудыг хамрах “Хөөт-бичигт” чиглэлийн болон баруун аймгуудыг хамрах “Баруун босоо тэнхлэг”-т шинээр төмөр замыг барих төслийн багийнхан өчигдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд зөвлөлдөх уулзалтыг хийлээ.

Энэхүү уулзалтыг Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг лэмжих төсөл” болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр төмөр зам барих ажлыг байгальд хор нөлөөгүйгээр, ашигтай байрлалд барихыг онцолж байсан бөгөөд багийнхны хэлж буйгаар зүүн бүсийн төмөр замыг эхний ээлжинд хийх талаар онцлов. Энэ талаар Төмөр замын дэд дарга Л.Пүрэвбаатараас тодрууллаа.

-Төмөр зам байгуулах ажил одоо ямар шатанд явж байна вэ?

-Одоогоор “Хөөт-бичигт” чиглэлийн болон “Баруун босоо тэнхлэг”-ийн төмөр замуудыг барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Ингэж боловсруулахдаа гадны мэргэжилтнүүдийг аль болох хамруулахыг хичээж, байгаль орчинд хор нөлөөгүй бүтээн байгуулалтын шийдлийг сонгох талаар судалж байна. Үүнээс цаашлаад гүйцэтгэгч компаниудаа одооноос судалж, тэдэнд суурь болсон төмөр замаас салаалж шинэ төмөр замыг байгуулах концессын гэрээ олгох талаар хэлэлцэх болно. Ингэхээр аль компани ямар чиглэлд хэдий хэмжээний төмөр замыг байгуулах нь тодорхой болох юм. Одоогоор төмөр замын ажлыг гүйцэтгэх компаниуд зураг төслөө бидэнд ирүүлж л байна. Энэ бүх зураг төслийг харьцуулан үзэж, нарийн тогтоосны дүнд ТЭЗҮ гарах учраас, төмөр замын зураг төсөл сайн болно гэдэгт найдаж байна.

-Одоо ТЭЗҮ-гээ боловсруулаад эхэлсэн юм чинь хэзээнээс төмөр замаа ашиглалтанд оруулах боломжтой бол?

– Төмөр замын эхний шатны ажлыг гурван жилийн дотор, дараагийн шатны таван жилийн дотор буюу ойрын найман жилийн дотор шинэ төмөр замтай болно гэж зорьж байна.

-Төмөр зам байгуулах ажилд саад бэрхшээл их байгаа л байх?

-Энэ талаарх хууль эрх зүйн орчин төгс бүрдээгүй байхад маш хүндрэлтэй байлаа. Харин голлох хууль гарчихлаа. Чиглэлээ ер нь шийдчихлээ. Тэгэхээр төмөр зам байгуулна гэдэг нарийн ажлын үндэс суурь болсон  ТЭЗҮ-гээ сайн боловсруулах л байна шүү дээ.

-Төмөр зам барьснаар бараа эргэлт болон зорчигч тээврийн салбарт томоохон гарц болох нь?

-Тэгэлгүй яахав. Энэ том бүтээн байгуулалтын төлөө л холбогдох бүх яамд, агентлагууд хүч хавсарч байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч компаниудыг татан оролцуулсан томоохон үйл хэрэг болох юм. Төмөр замыг байгуулах шат болон байгуулсаны дараа эдийн засгийн нөлөө бүхий хөдөлгөгч хүч болох учиртай юм. Дэлхийд гайхагдаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ төмөр замаараа авул осолгүй тээвэрлэн, эх орондоо ашигтайгаар зарцуулж, цаашлаад экспортолно. Мөн зорчигч тээврийн салбарыг хөдөлгөөнд оруулна. Ер нь Монгол Улс хэтдээ 5000 км төмөр замтай болох зорилготой байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн удирдагч Б.Энхбаатар:

-ТЭЗҮ-д ажлын хэсгийнхний зүгээс нэлээн ач холбогдол өгч байх шиг байна. ТЭЗҮ-г боловсруулж буй ажлын хэсгийнхэн ямар бүрэлдэхүүнтэй юм бэ?

-Ажлын хэсэгт төмөр замын газар, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Сангийн яам, Зам, тээвэр, барилга, хот , байгуулалтын яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Ашигт малтмалын газар зэрэг яамд, агентлагуудын төлөөлөл байгаа.

-Шинэ барих төмөр зам хэдий хэмжээний даацтай вэ?

– Шинэ төмөр замаар жилдээ 100 сая тонн ачаа, тээвэрлэлт хйих боломжтой гэж тооцоолж байна. Гэвч нарийн тооцоо нь гараагүй.

– Нэг км төмөр зам барихад зардал нь хэр байдаг бол?

-Олон улсын туршлагаар, төмөр замын суурь бүтэц тавих буюу цахилгаанжаагүй төмөр замыг тавихад нэг км замд нэг саяаас 1 сая хоёр зуун мянган ам.доллар зардал хэрэгтэй байдаг.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж