Хийлч Ванесса Мей тамирчин болно

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Хийлч Ванесса Мей тамирчин болно

Английн нэрт хийлч Ванесса Мей уулын цанын спортоор идэвхтэй хичээллэх болжээ. Зүрх сэтгэлээ цанын спортод зориулах болсон хийлч бүсгүй өвлийн олимпийн наадамд оролцох хүсэлтэй гэнэ.

Дэлхий даяар 10 сая хувь цомог борлуулсан авьяаслаг хийлч ази гаралтай ч өдгөө Английн Кенсингтон хотод амьдардаг аж. Тэрбээр 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпод төрөлх улс Тайландыг төлөөлөн оролцохоор шийдэж, Швейцарийн уулын цанын Церматт баазад өнгөрсөн жилээс бэлтгэлээ базааж эхэлжээ. “Хөгжим бол миний ажил, харин уулын цана миний дурлал. Би хөгжмийн урлагт хар багаасаа зүтгэж байна, харин одоо дуртай зүйлийнхээ төлөө зүтгэхээр шийдлээ. Гэхдээ би тоглолтод оролцсон хэвээр байх болно. Урьдын адил жил бүр цомог гаргах гэж зүтгэхээ больсон, байнгын аялан тоглолт, сурталчилгааны арга хэмжээнд оролцож бүр залхаад байна. Олимпийн наадамд оролцох нь миний мөрөөдөл. Түүнийгээ биелүүлэхийн тулд 2013 оны ДАШТ-ээс олимпийн эрх авах ёстой. Энэ бол том даваа. Мэдээж би мэргэжлийн тамирчдын ямагт хойно байх болно. Гэхдээ эрсдэлийг давж гарахыг хүсч байна” хэмээн Ванесса Мей ярьжээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж