Ч.САЙХАНБИЛЭГ: Д.Дэмбэрэл гишүүн ахмад настныхаа хувьд чуулганы танхимд орж ирэх ёстой. Долдугаар сарын 20-нд Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Зөвшилцөл дөрөв хоног үргэлжилж байна. Хугацааны хувьд хангалттай гэж үзсэн. Тэгэхээр Д.Дэмбэрэл гишүүн ирэхгүй бол чуулганы танхимд хүрэлцэн ирсэн нийт гишүүдээс хамгийн ахмад нь болох УИХ-ын гишүүн Л.Цогийг хуралдаан даргалагчаар сонгож, УИХ-ын даргыг томилоод цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах саналтай байна. УИХ-ын Тамгын газраас Д.Дэмбэрэл гишүүний дараагийн ахмад гишүүн хэн болох талаарх зохих лавлагааг гаргуулсан байгаа. Бүх зүйл хуулийн дагуу хийгдэж байгаа.
Д.ТЭРБИШДАГВА: Үнэхээр бид олон өдөр хүлээж, үр ашиггүй сууж байгаад харамсч байна. УИХ-ын дарга биш байж, ахмад настайгаараа түрий барьж төрийн ажлыг гацааж байгаа нь харамсалтай. Д.Дэмбэрэл гишүүнтэй өнгөрөгч долоо хоногт уулзахад ирэх даваа гаригт чуулганыг гацаахгүйгээр явуулна гэж хэлсэн ч тэр өдөр нь өнгөрчихлөө. Би Ч.Сайханбилэг гишүүний саналыг дэмжиж байна. Гэхдээ бид уян хатан хандаж Н.Алтанхуяг даргыг уулзуулахаар явуулъя. Гэхдээ арван минутын хугацаа өгье. Хэрэв 10 минутад чуулганы танхимдаа орж ирэхгүй бол улс орны эрх ашгийн үүднээс дараагийн алхамдаа оръё
Ингээд Н.Алтанхуяг ахмад настай гишүүн Д.Дэмбэрэлтэй уулзахаар гарсан бөгөөд гишүүд үргэлжлүүлэн саналаа хэлсээр байв.
Ж.БАТЗАНДАН: Өнөөдөр гацаа үүсгээд байгаад УИХ-ын даргад хандан хэлэхэд хууль бус явдал хэзээ ч хууль ёсных болдоггүй юм шүү гэж хэлмээр байна. Энэ нь Үндсэн хуулийн зохицуулалт бүрэн төгс бий болоогүйтэй ч холбоотой. Иймд шинээр томилогдох УИХ-ын дарга нь Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй байна.
Х.ТЭМҮҮЖИН: Өөрт ногдсон хуралдаан даргалах эрхээ буруугаар ашиглаж, хуралдааныг хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж байгаа УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох ёстой. Үндсэн хуульд насаар хамгийн ахмад гишүүн нь чуулганыг даргална гэж зааснаас биш УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэнэ гэж заагаагүй. Тиймээс одоо Д.Дэмбэрэл гишүүнийг чуулганы танхимд орж ирэхээр хариуцлага тооцох хэрэгтэй. “Хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад учруулж байгаа гишүүний хуралдааны санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг нь гурван цаг хүртэл хугацаагаар хасах” гэсэн чуулганы хуралдааны дэгийн заалтыг хэрэглэж орж ирэхээр нь танхимаас гаргах саналтай байна. Ер нь УИХ-ын дарга сонгогдсоны дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагддаг. Гэтэл МАН бүлгээ байгуулаагүй байж дураараа эрх мэдэл авах гэж оролдож байна.
Ийнхүү санал хэлэх нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягыг танхимд орж ирснээр өндөрлөсөн бөгөөд Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзаад ирсэн Н.Алтанхуяг “чуулганд маргааш оролцох боломжтой” гэсэн хариу өгснийг дуулгав. Гэвч хуралдааны танхимд цугласан гишүүд дахин хуралдааныг хойшлуулах үндэслэл байхгүй гэж үзсэн тул гишүүн Ч.Сайханбилэгийн гаргасан горимын саналын дагуу УИХ-ын анхдугаар чуулганы ажиллагааг эхлүүлсэн юм. Ингээд УИХ-ын Тамгын газраас гаргасан лавлагааны дагуу дараагийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Цог хуралдааныг даргалан анхдугаар чуулганыг удирдан явуулсан юм. Дараагаар нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг томилохоор нэр дэвшүүлсэн тухайгаа мэдэгдэж, чуулганы хуралдаан дээр үг хэлж, нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг хийв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 40 нь дэмжиж 95.2 хувийн саналаар шинэ даргыг дэмжин баталлаа. Мөн УИХ-ын тамгыг залах ёслолын ажиллагаа үргэлжлэн болж, УИХ-ын тамгыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Цог шинээр томилогдсон УИХ-ын дарга З.Энхболдод гардуулан өгсөн байна. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд үгээ хэлсэн бат түүний илтгэлд “хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулна” гэсэн санаа голлож байв. Дараагаар нь УИХ дахь намууд бүлэг байгуулж буй талаарх албан бичгээ албан ёсоор ирүүлэхийг УИХ-ын дарга хэлж, Ардчилсан намын албан ёсны хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн нэрсийг дуудан уншиж танилцуулсан юм. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлсний хамт дараагийн чуулганыг жич зарлана гэдгээ хэлснээр хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын дарга З.Энхболд чуулган өндөрлөсний дараа Төрийн Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлээд, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга З.Энхболдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Тэрээр, ард түмэн, улс үндэстнийхээ төдийгүй хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)