”Өмнөговьд төр хяналт тавьж чадахааргүй болжээ”

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

”Өмнөговьд төр хяналт тавьж чадахааргүй болжээ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан энэ  оны хяналт шалгалт болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хагас жилийн байдлаар 60.8 хувьтай биелүүлжээ. Мөн аймаг, нийслэлийн хяналтын газрын дарга нар МХЕГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 86.8 хувиар биелүүлсэн нь хагас жилийн төлөвлөгөөгөө шат шатандаа давуулан, амжилттай ажилласан байна. Хагас жилийн тайлангийн талаар болон цаг үеийн асуудлаар газрын дарга Р.Содхүүтэй ярилцлаа.

-Хагас жилийн тайлангийн дүнг харахад өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулбал илүү хувьтай ажилласан харагдана?

-Хагас жилийн хугацаанд удирдлага зохион байгуулалтын олон шинэ арга барилыг нэвтрүүлж, томоохон ажлыг хийж гүйцэтгэв. Энэ оны эхний хагас жилийн хугацаанд системийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 929 сургалт зохион байгуулж, 3363 улсын байцаагчийг сургалтад хамруулсан. Өнгөрсөн жил 50 гаруй хувьтай ажлаа тайлагнаж байсан бол өнөө жил 60 хувьтай байгаа нь ахисан үзүүлэлт юм.

-Өмнөговь аймагт томоохон шалгалт хийсэн. Хэр үр дүнтэй ажиллав?

-Өмнөговь аймагт хийж байгаа шалгалтын дүн 78 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Шалгалтын явцад нэлээд зөрчил илэрсэн. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд байрлах Баяндалай сумын Дэвсэг, Сэрвэй сумын Баянбор нуруунд металл хайгчаар газрын хэвлийг дур мэдэн ашиглан, хууль бусаар алт олборлохыг завдсан 11 иргэний үйлдлийг таслан зогсоосон.  Үнэндээ тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн хурдыг гүйцэхээргүй болжээ. Нэг ёсондоо тэнд төрийн зүгээс хяналт тавьж чадахааргүй болсон байна. Үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанид тавих хяналтыг одоогийн ЗДТГ-ынхаа бүтцэд оруулж өгч чадаагүй юм байна. Хуучин системээрээ ажиллаж байна. Аймагт нь энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг мэргэжилтэн гэж алга. Тэгэхээр Засгийн газар эдийн засгийн гол бүтэц, хөшүүрэг болон эрчимтэй хөгжиж байгаа бүс нутагт зохион байгууллалтайгаар мэргэжилтэн, хүн хүчийг нэмэгдүүлж өгөх шаардлагатай болжээ гэдгийг онцлон хэлмээр байна.

-Засаг даргын санхүүгийн газарт хийсэн шалгалтын дүн нэлээн зөрчилтэй гарсан гэсэн?

-“Тавантолгой” транс буюу орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Дээрх асуудалтай холбогдуулж ИТХ нь Монгол Улсын нэгдсэн төсвөөс дээгүүр эрхтэй болох тогтоогдсон. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс баталж өгсөн төсвийн дагуу бүх зүйл явагддаг. Гэтэл Өмнөговь аймаг ИТХ-ын тодорхой эх үүсвэрээр “Тавантолгой”-гоос сан байгуулсан байсан. Ерөнхий сайдын мэдлийн сангаас бид нар хөрөнгө мөнгө авдаг бол Өмнөговь аймгийн Засаг даргын сан, ИТХ-ын нөөц сан гэж Монгол Улсын хуульд байхгүй ийм зүйлийг гаргаж ирсэн нь ноцтой зөрчил. Үүнд бид яаралтай арга хэмжээ авч, ХЗДХЯ-д шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Монгол Улс нэгдсэн улс, нэгдмэл нэг төсөвтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр тус аймагт санхүүгийн сахилга бат болон санхүүгийн тухай хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Мөн санхүүгийн мэргэжилнүүдэд арга хэмжээ авахуулахаар Сангийн яамд өгсөн.   

-Шингэрүүлсэн хий дэлбэрч өчнөөн осол гарсан. Үүнд тавих хяналтыг хэр чангатгасан бэ?

-Шингэрүүлсэн хийн үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллага байдаг ч гурвынх нь үйл ажиллагааг түр зогсоосон. Мөн хэдэн нэгжүүдийн үйл ажиллагааг ч хаасан. Дархан-Уул аймагт дэлбэрсэн “Дашваанжил” баллон үйлдвэрлэдэг компани байна. Түүний гурван аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоов. Тэр хэргийг нарийн шалгаж шингэрүүлсэн хийтэй холбоотой ямар асуудал тавих вэ гэхээр манайд байгаа хамгийн хэцүү зүйл нь гэж хэлж болохоор алдаа техникийн шинжлэх ухаан ч орнуудаас хоцорч яваа үзүүлэлт. Техникийн мэргэжлийн хөндлөнгийн хяналтын тогтолцоо гэж манайд байхгүй болсон.  Үүнийг ард иргэдээсээ нуухыг хүсэхгүй байна. Болгоомжтой байгаасай гэж хүсмээр байна. Дарханд болсон дэлбэрэлтэд бид техникийн хөндлөнгийн дүгнэлт гаргуулах гээд ШУТИС-ийн дөрвөн багшийг гуйж дүгнэлт гаргуулж байсан. Ийм байж болохгүй. Тиймээс гаднаас оруулж ирж байгаа хийг хянан магадалж оруулж ирэхээс гадна зориулалтын тоног төхөөрөмж, тээвэрлэлтээр оруулж ирээсэй. Мэргэжлийн өндөр түвшинд хийдэг үйлдвэртэй болохыг хаана хаанаа анхаарах цаг болсон байна.

-Баллон дэлбэрэхэд танайхаас арга хэмжээ авах хэлбэр нь ямар байдаг юм бэ?

-Ганцхан манайхаас арга хэмжээ авахгүй. Орон нутгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн байгууллага арга хэмжээ авна. Манайх торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоохоос өөр яах юм бэ. 250 төгрөгөөр торгуулчихаад муу юмаа хийгээд явж байгааг үгүйсгэхгүй. Үнэнийг хэлэхэд манай байцаагчдын гар мухар байгаа гэдгийг ойлгох цаг ирсэн.

-Нүхтийн аманд нурсан барилгын асуудал юу болсон бэ. Энэ талаар танайхаас мэдээлэл авах гэхээр дээрээс ямар нэгэн юм ярьж болохгүй гэсэн үүрэг өгсөн гээд халгаахгүй байсан?

-Яалаа гэж тийм юм байх вэ. Манайхаас мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргаад цагдаагийн байгууллагад өгсөн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл алга.

О.САЙХАНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж