10 сар хүртэл махны үнэ өсөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

10 сар хүртэл махны үнэ өсөхгүй гэв

Ойрын хоёр жилд малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр мах идэх боломж иргэдэд улам бүр багассаар. Ийн хэлэхийн учир нь энэ жил өвөл зунгүй нийслэлийн иргэд кг махыг 10 мянган төгрөгөөр авч идэж байсан. Махны жижиглэнгийн ченжүүдээс махны үнэ яагаад магнаг болтлоо өсөх болсон шалтгааныг асуухбүрт “Махны нийлүүлэлт муу, хэдхэн ченжүүдийн гараар дамжиж байна, Хятадууд малчдаас махыг нь худалдаж авчихаад жижиглэнгийн наймаачдад дамлаж зарж байна” гэх шалтгаан тоочдог. Саяхан болсон улсын баяр наадмын өмнө махны үнэ тэнгэрт хадсан. Эрэлт ихсэх үеүдийг махны ченжүүд хамгийн овжин ашигладаг гэхэд хилсдэхгүй. Тэд овжин зангаараа зах зээлд өөрсдийн дур зоргоор хэнээс ч хараат бусаар үнийг тогтоож чаддаг.

Баянзүрх худалдааны төвд өчигдөр 13:00 цагийн үед очиход махны лангуунууд махаар хахсан, хүн ч олон байлаа. Махны үнэ хэдэн зуун төгрөгөөр хямдарч, доорх ханштай байлаа.

Үхрийн мах /гуяны цул/    9200-9500 төгрөг
Үхрийн мах /нуруу сээрний цул/     7500 төгрөг
Үхрийн мах /ястай/       7000 төгрөг
Хонины мах /цул/           7300 төгрөг
Хонины мах /ястай/       6500 төгрөг
Ямааны мах /цул/           7100 төгрөг
Ямааны мах /ястай/          5600 төгрөг

Махны ханш судлаад явж байхад худалдан авагчид “Махны үнэ жаахан хямдарчээ. Үнэ буусан дээр тав арван кг мах авчих юмсан. Цалин хурдан буугаасай” хэмээн ярих хүн таарч байхад, маргааш гэхэд дахиад л нэмэгдчихнэ хэмээн ярих хүнтэй ч таарсан юм. Харин тус худалдааны төвийн махны тасгийн худалдагчаас махны үнэ жаахан хямдарсан байна, үнэ буурахад юу нөлөөлөв, цаашид энэ чигээрээ буурсаар байх уу хэмээн асуухад, өнөөдрөөс махны үнэ 200-1000 төгрөгөөр хямдарч байна. Махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа болохоор махны үнэ хямдарч байгаа. Цаашид яахыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэлээ. Бас нэгэн ченжийн ярианаас сонсвол хөдөөнийхөн оюутан хүүхдүүдээ хот руу сургуульд нь явуулахаар намар малаа нядалж зардаг. Тиймээс аравдугаар сарын эхэн үе хүртэл махны нийлүүлэлт гайгүй байдаг. Ямартай ч нийслэлчүүд махаар хомсдож, махны үнэ их өсөхгүй байх гэж байлаа.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж