![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/43f89b499184e643/6cef1a619b7b029bbig.jpg)
Үүнийг олонхийг бүрдүүлсэн АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд төрийн ажлыг зориудаар гацааж байна гэж үзэн Д.Дэмбэрэл гишүүний дараагийн ахмад настай гишүүнээр хуралдаан даргалуулах гарц хайцгаав. Ингээд чуулганы хуралдаанд оролцохоор ирсэн гишүүдээс хамгийн ахмад настай нь болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цогоор хуралдаан даргалуулж болно гэсэн шийдэлд хүрцгээв.
Чуулганы танхимд цугларсан гишүүд үүний өмнө байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд МАН сонгогчид, улс орныхоо эрх ашгийг дээдэлж төр, засгийг шинээр эмхлэн байгуулах ажлыг гацаах ёсгүй байсныг онцолж байлаа. Нэгэнт олонхийг бүрдүүлж дууссан учраас хуралдаанд оролцож буй гишүүдийнхээ хамгийн ахмадаар чуулган даргалуулж болно гэж байсан юм.
Бас хуралдаан даргалах үүрэгтэй Д.Дэмбэрэл гишүүнийг улс орныхоо эрх ашгийг МАН-ын эрх ашгаас дээгүүр тавьж эрүүл саруул ухаанаар асуудалд хандан анхдугаар чуулганыг даргалж УИХ-ын даргыг сонгуулах үүрэгтэй гэцгээж байлаа. Гишүүн Д.Эрдэнэбат "Төрийн ажлыг цалгардуулахгүйн үүднээс намууд хурлаа амралтын өдрүүдэд хийх нь зүйтэй. МАН заавал өнөөдөр Бага хурлаа хийх шалтгаан байгаагүй" гэсэн нь бодууштай үг байв. Хүнд ямар ч шалтгаан тохиолдож болох учраас анхдугаар чуулганы тухайн өдрийн хуралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь хуралдаан даргалах талаар хуульд оруулах ёстой гэсэн санал ч гарч байлаа.
Энэ зуур анхдугаар чуулганыг даргалагч Д.Дэмбэрэл өрөөндөө ирж, АН-ын дарга Н.Алтанхуягтай уулзахаар дуудуулжээ. Харин танхимд байсан гишүүд "Д.Дэмбэрэл гишүүн аль нэг намын даргыг өрөөндөө дуудах эрхгүй учир очих шаардлагагүй, өөрөө орж ирэх ёстой" хэмээн Н.Алтанхуяг гишүүнийг “Гарах хэрэггүй” гэцгээж байв. Олонхийг бүрдүүлсэн нам, эвслийн гишүүд морин цагт багтааж УИХ-ын даргаа сонгох ёстой гэцгээсэн юм. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүн “Ахмад насыг нь хүндэтгээд Д.Дэмбэрэл гишүүнтэй очиж уулзахад буруудахгүй” гэснээр Н.Алтанхуяг дарга уулзахаар явсан ч “Маргааш яг хуралдуулъя гэж байна” гэсэн хариутай ирсэн нь олонхийг бүрдүүлсэн гишүүдийг шуудрахад хүргэлээ.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн хамгийн ахмад нь болох Л.Цог гишүүнээр хуралдаан даргалуулахыг гишүүд дэмжиж, харин Л.Цог гишүүн хаширлан, үүнийг дэмжиж байгаа нь гараа өргөхийг хүссэн юм. Ингэхэд гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нараас бусад нь гар өргөж дэмжлээ. Гишүүн Г.Уянга хурлыг яаран хийлгэж байгаа нь хууль зөрчиж, МАН-ын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандах шалтгаан болох вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлсэн ч олонхийн саналаар Л.Цог гишүүн хуралдаан даргаллаа. Л.Цог гишүүний танилцуулснаар тангараг өргөсөн 69 гишүүний 43 нь хуралдаанд ирж, 62,3 хувийн ирц бүрдүүлжээ. Ингээд УИХ-ын даргыг сонгох ажил гацаанаас гарч, АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлж, УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг танилцуулсан юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг Монголын ард түмнийг ардчилал, эрх чөлөөнд анхлан уриалан дуудсан АН-ын зүгээс ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хамтран ажиллахаар шийдвэрлэснийг хэлж анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгож шинэ Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүдийг яаралтай сонгон үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байгааг хэлээд АН-ын олон мянган гишүүнээс шүүн тунгааж, төрийн ажлын туршлага, чадварыг нь харгалзан үзэж, УИХ-ын даргад З.Энхболдыг нэр дэвшүүлж байгааг танилцуулсан юм. УИХ-ын гишүүдээс нэр дэвшигчид асуулт тавьж, нэр дэвшигч З.Энхболд тэдний асуултад хариулснаар чуулганы үйл ажиллагаа үргэлжиллээ. УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболд “УИХ-ыг ихэнх хүн зөвхөн хууль тогтоох байгууллага гэж ойлгодог. Гэтэл хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэйг тэр бүр санадаггүй. Би УИХ-ыг удирдаж ажиллахдаа хяналт тавих ажиллагаанд ахиц гаргана” гэж байлаа.
УИХ-ын даргыг сонгохоор санал хураахад 42 гишүүн оролцсон юм. Тэднээс 40 нь буюу 95,2 хувь нь шинэ УИХ-ын даргыг дэмжиж хоёр нь буюу гишүүн Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар татгалзав. УИХ-ын даргыг сонгосон тогтоолыг батлахад мөн л 40 гишүүн дэмжиж, хуралдаан даргалагч Л.Цог, гишүүн Д.Батцогт нар татгалзлаа. Татгалзсан гишүүдийн хувьд санаатай гэхээсээ товчлуураа буруу дарах, саналын систем гацах зэрэг асуудал гарсан бололтой. Үүний дараа УИХ-ын тамгыг чуулганы танхимд залах ёслол боллоо. УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн тамгыг залан ирж, хуралдаан даргалагч Л.Цог УИХ-ын шинэ дарга З.Энхболдод алд цэнхэр хадган дээр залсан тамгыг гардуулан өгснөөр УИХ-ын анхдугаар чуулган гацаанаас гарч, УИХ дахь нам, эвслийн бүлэг байгуулах ажилд орлоо.
УИХ-д суудал бүхий нам, эвслүүд УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах саналаа бичгээр УИХ-ын даргад ирүүлэх ёстой. Энэ удаа АН-ын гишүүд бүлэг байгуулах бичгээ УИХ-ын даргад гардуулж УИХ-д эхний бүлэг үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо. Үүгээр анхдугаар чуулган өндөрлөж дараа дараагийн ажлууд явуулахад нээлттэй болж төрийн ажил шуударлаа.
Ерэн жилийн түүхтэй МАН-ын хувьд улс төрийн соёл тааруу, басхүү төлөвшиж чадаагүй, маргаантай тойргуудаар барьцаалж, зөвхөн МАН ялж байх ёстой гэсэн байр сууриар асуудалд хандаж буй нь сүүлийн өдрүүдийн үйл явдлуудаас харагдаж байгаа юм. Гэхдээ олонхи чуулганыг гацаанаас гаргасан тул ямар ч гэсэн УИХ-ын үйл ажиллагаа торолгүй үргэлжлэх нь ойлгомжтой боллоо.