З.Энхболд: Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг ногдлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг ногдлоо

Өнөөдөр УИХ-ын даргаар сонгогдсон З.Энхболдын чуулганы анхдугаар хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр засгийн эрхийг хэрэгжүүлдэг билээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 6 дахь удаагийн сонгууль шинэчлэн батлагдсан хуулийн дагуу явагдлаа. Энэ сонгуулийн үр дүн нь улс төрийн намуудыг хамтарч, эвсэж ажиллахыг даалгасан ард түмний сонголт байлаа. Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний нэрийг дэвшүүлсэн Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч нийт иргэд сонгогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье.Мөн манай намын саналыг дэмжиж надад итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргаар сонгосон ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдэд талархаж байна.

Цаашид дөрвөн жилийн туршид хамтран ажиллах үүрэг хүлээсэн МАН-аас болон бие дааж сонгогдсон нийт гишүүддээ талархал илэрхийлье. Би Улсын Их Хурлын даргын хувьд нэг намын төлөөлөл гэдэг утгаар биш монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намууд, эвсэл, бие дааж сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж, хуулийн хүрээнд туйлшрахгүйгээр та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж өөрийн мэдлэг чадвар, дадлага туршлагадаа тулгуурлан бие сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлж байна. Энэ удаагийн Улсын Их Хурлаас улс орон, ард түмний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх, гаргасан шийдвэрээ иргэддээ нээлттэй байлгаж хэрэгжүүлэх торгон мэдрэмжийг барьж ажиллахыг шаардсан түүхэн үүрэг ногдож байна. Монгол Улс Үндсэн хуулиндаа ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон билээ.

Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн “цэвэр ариун” байх учиртай. Иймээс одоогоор маргаантай байгаа тойргуудын асуудал хуулийн дагуу түргэн, шуурхай шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иргэд сонгогчид ч үүнийг нийтээрээ шаардаж, энэ удаагийн сонгуулиар шударга ёс хэрэгжиж чадаж байгаад сэтгэл хангалуун үлдэхийг хүсэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн яриа, хүсэлтээс бид өдөр тутам мэдэрч байгаа.

Монгол Улсын хувьд ирэх дөрвөн жил их өөрчлөлт, шинэчлэл, их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Үүнийг шинээр байгуулах Засгийн газрын баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт баримтлан тусгаж хамтарсан Засгийн газрын амжилттай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж дэмжин ажиллана. Би Улсын Их Хурлын даргын хувьд хууль, эрх зүйн болон төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Түүнээс гадна нийгэмд үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоохын тулд хуулийн хэрэгжилтэд тавих Улсын Их Хурлын хяналтад онцгой анхаарч ажиллах болно.

Шинээр байгуулагдах Засгийн газар улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэн хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн бодлогын шинэчлэлтийг тасралтгүй явуулах, эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллана.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхнийг төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа ямагт дээдэлж, нийт ард түмний элч гэдгээ ухамсарлан идэвхи зүтгэлтэй, хариуцлагатайгаар нэг баг болон хамтран ажиллана гэдэгт би итгэл төгс байна. Монгол хүн бүрийг хүн шиг амьдруулахын төлөө, Монгол Улсаа улс шиг хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллахыг Та бүхэндээ уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж