Америкийн эмгэнэлт явдал

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Америкийн эмгэнэлт явдал

АНУ-ын Колорадо мужийн Аврора хотын кино театрт гарсан эмгэнэлт явдал дэлхий дахиныг цочроов. Энэ жил үзэгчдийг хам­гийн ихээр хүлээлгэсэн кино болох, Бэтмений тухай цув­ралын сүүлчийн анги “Харан­хуйн хөлөг баатар: Домог сэр­гэсэн нь”-ий нээлт дээр нэгэн этгээд гал нээснээс 12 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархаджээ. Гэмт этгээд тэр даруйдаа баривчлагдсан бөгөөд яагаад ийм хэрэг үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Аллага гарсан “Century 16 Movie Theaters” кино театр нь Колорадо мужийн төв Денвер хотоос 16 километрт орших Аврора хотод байдаг бөгөөд киноны нээлт болсон учраас олон хүн цугласан бай­жээ. Гэмт этгээд кино театрын гадаа, үүдний танхим, үзвэрийн танхимын алинд нь буудсан нь эцсийн байдлаар тодорхой болоогүй боловч гэрчүүдийн олонхийн хэлж байгаагаар бол үзвэрийн танхимд кино эхэлж байхад буюу шөнийн 01:30 цагийн үед орж ирүүтээ буудаж эхэлсэн бололтой. Тэрбээр өвч хар хувцас, сум үл нэвтрэх хантааз, толгойдоо тусгайгийнхны өмс­дөг дуулгатай байсан бөгөөд танхимд орж ирүүтээ нулимс асгаруулах хийтэй баллон шидэхийн хамтаар буу гаргаж ирэн галлаж эхэлсэн гэнэ. Киноны баатруудын хэв маягтай ойролцоо учраас ийм хувцастай хүн танхимд орж ирсэнд үзэгчид тэгтлээ гайхаагүй аж. Тэгээд ч түүний үйлдэл кинон дээр буудалцаан гарч байх үед таарчээ. Жин­хэнээсээ буудаж байгааг хожуу ойлгосон хүмүүс гарах хаалга руу бөөнөөр зүтгэцгээсэн бө­гөөд эхний гарсан хүмүүс танхимын зохион байгуулагчид мэдэгдсэнээр түг­шүүр зарласан байна. Хүмүүсийг үймэлдэж байхад гэмт этгээд шатан дээр тайван зогсоод нүдэнд өртсөн хүнээ буудаж байсан гэнэ. Гал нээснээс 10 орчим минутын дараа цагдаад дуудлага өгч, тэд хоёр минутын дараа ирсэн байна. Энэ хооронд гэмт этгээд кино театраас гарч амжсан бөгөөд зогсоол дээр тавьсан машиндаа суух гэж байгаад эсэргүүцэл үзүүлэлгүй баривчлагджээ. Түүний машинд ангийн буу нэг, гар буу нэг мөн загвар нь тодорхойгүй бас нэг буу, түүнээс гадна тэсрэх бөмбөг байсан байна.  

Гэмт этгээд 20 настай гэхээс өөр тодорхой мэдээллийг цаг­даа­гийнхан өгөхгүй байсан боловч хэдэн цагийн дараа “NBC News” суваг Холбооны мөрдөх товчоон дахь эх сурвалждаа түшиглэн түүнийг Жэймс Холмс гэдэг, 1987 оны арванхоёрдугаар дугаар сарын 13-нд төрснийг хэмээн мэдээлсэн юм. Ж.Холмс анхны мэдүүлгээрээ гэрт нь их хэмжээний тэсрэх бодис бий хэмээн мэдүүлсэн бөгөөд цагдаагийнхан болон сапёруудын хамтарсан шалгал­таар энэ нь үнэн болох нь тогтоогдсон байна. Түүний гэрт орон сууцыг бүхэлд нь устгах хэмжээний цэнэг байсан бөгөөд нийт 30 ширхэг дарьтай цэнэгийг өрөөнүүддээ тараан байрлуулж хооронд нь холбоод тэслэгчийг нь гал тогоондоо байрлуулахаас гадна тэсрэлтийн дараа түймэр гаргахын тулд шатдаг шингэн бүхий хоёр том сав бэлтгэсэн байжээ. Мэргэжилтнүүд уг орон сууцанд амьдардаг хү­мүүсийг яаралтай гаргасны дараа шуурхай ажиллаж, тэсрэх бодисуудыг аюулгүй болгосон байна.    

Амь үрэгдсэн 12 хүний хамгийн бага нь зургаан настай хүүхэд, өндөр настай нь 52-той хүн байжээ. Бусад нь 18-32 насны залуучууд бөгөөд мөн гурван сартай нэг хүүхэд шархадсан байна. Үзэгчдийн дунд байсан Жэссика Гави гэгч өнгөрсөн зургадугаар сард Канадын То­ронто хотын худалдааны төвд нэгэн этгээд гал нээж хоёр хүний аминд хүрэхэд тэнд байж, золоор амьд гарсныг хэвлэлүүд тэмдэглэж байна. Мөн 58 хүн шархадсаны долоо нь эмнэлэгт хүнд байдалтай байна. Цагдаагийнхан дараа дараагийн түргэний машин ирэхийг хү­лээл­гүйгээр ма­шинаараа шар­хадагсдыг эм­нэлэгт хүргэж байсан гэнэ.

Холбооны мөрдөх товчоо болсон явдлыг террорист халд­лага гэж үзэхгүй байна. Албан бус мэдээгээр мөрдөн шалгах ажиллагаанд ХМТ-ны 100 гаруй төлөөлөгчийг дайчилсан бөгөөд орон даяар үндэсний аюулгүй байдлын зэрэглэлийг нэмэгдүүлэх гэж байгаа гэнэ. 

Ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдэгсдийн гэр бүл болон шархадсан хүмүүстэй уулзахаар шийдсэнийг Цагаан ордон өчигдөр мэдээлсэн. Б.Обама болон түүнтэй Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй М.Ромни нар сонгуулийн өмнөх кампанит ажлаа түр зогсоож байгаагаа бямба гаригт мэдэгдсэн билээ.

Ж.Холмсыг одоогоор урьд­чилан хорих төвийн ганц хүний өрөөнд тусгаарлаад байна. Олон нийтийн анхаарлыг ихээр татсан хэргийн сэжигтнийг бусад хоригдогсдоос хамгаа­лахын тулд ийм арга хэмжээ авдаг талаар “NBC News” суваг мэдээлжээ. Тэрбээр энэ хэрэгт дөрвөн сарын өмнө бэлтгэж буу зэвсэг, тэсрэх бодис цуглуулж байсныг цагдаагийнхан тогтоо­сон байна. Гэхдээ тэдгээрийг хууль ёсны дагуу худалдан авч байжээ.  

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж