
Гэмт этгээд 20 настай гэхээс өөр тодорхой мэдээллийг цагдаагийнхан өгөхгүй байсан боловч хэдэн цагийн дараа “NBC News” суваг Холбооны мөрдөх товчоон дахь эх сурвалждаа түшиглэн түүнийг Жэймс Холмс гэдэг, 1987 оны арванхоёрдугаар дугаар сарын 13-нд төрснийг хэмээн мэдээлсэн юм. Ж.Холмс анхны мэдүүлгээрээ гэрт нь их хэмжээний тэсрэх бодис бий хэмээн мэдүүлсэн бөгөөд цагдаагийнхан болон сапёруудын хамтарсан шалгалтаар энэ нь үнэн болох нь тогтоогдсон байна. Түүний гэрт орон сууцыг бүхэлд нь устгах хэмжээний цэнэг байсан бөгөөд нийт 30 ширхэг дарьтай цэнэгийг өрөөнүүддээ тараан байрлуулж хооронд нь холбоод тэслэгчийг нь гал тогоондоо байрлуулахаас гадна тэсрэлтийн дараа түймэр гаргахын тулд шатдаг шингэн бүхий хоёр том сав бэлтгэсэн байжээ. Мэргэжилтнүүд уг орон сууцанд амьдардаг хүмүүсийг яаралтай гаргасны дараа шуурхай ажиллаж, тэсрэх бодисуудыг аюулгүй болгосон байна.
Амь үрэгдсэн 12 хүний хамгийн бага нь зургаан настай хүүхэд, өндөр настай нь 52-той хүн байжээ. Бусад нь 18-32 насны залуучууд бөгөөд мөн гурван сартай нэг хүүхэд шархадсан байна. Үзэгчдийн дунд байсан Жэссика Гави гэгч өнгөрсөн зургадугаар сард Канадын Торонто хотын худалдааны төвд нэгэн этгээд гал нээж хоёр хүний аминд хүрэхэд тэнд байж, золоор амьд гарсныг хэвлэлүүд тэмдэглэж байна. Мөн 58 хүн шархадсаны долоо нь эмнэлэгт хүнд байдалтай байна. Цагдаагийнхан дараа дараагийн түргэний машин ирэхийг хүлээлгүйгээр машинаараа шархадагсдыг эмнэлэгт хүргэж байсан гэнэ.
Холбооны мөрдөх товчоо болсон явдлыг террорист халдлага гэж үзэхгүй байна. Албан бус мэдээгээр мөрдөн шалгах ажиллагаанд ХМТ-ны 100 гаруй төлөөлөгчийг дайчилсан бөгөөд орон даяар үндэсний аюулгүй байдлын зэрэглэлийг нэмэгдүүлэх гэж байгаа гэнэ.
Ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдэгсдийн гэр бүл болон шархадсан хүмүүстэй уулзахаар шийдсэнийг Цагаан ордон өчигдөр мэдээлсэн. Б.Обама болон түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй М.Ромни нар сонгуулийн өмнөх кампанит ажлаа түр зогсоож байгаагаа бямба гаригт мэдэгдсэн билээ.
Ж.Холмсыг одоогоор урьдчилан хорих төвийн ганц хүний өрөөнд тусгаарлаад байна. Олон нийтийн анхаарлыг ихээр татсан хэргийн сэжигтнийг бусад хоригдогсдоос хамгаалахын тулд ийм арга хэмжээ авдаг талаар “NBC News” суваг мэдээлжээ. Тэрбээр энэ хэрэгт дөрвөн сарын өмнө бэлтгэж буу зэвсэг, тэсрэх бодис цуглуулж байсныг цагдаагийнхан тогтоосон байна. Гэхдээ тэдгээрийг хууль ёсны дагуу худалдан авч байжээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин